Украины дайныг зогсоох асуудлаар Зеленскийтэй уулзах шаардлага байхгүйг Путин мэдэгдэв
Пүрэв гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский тав дахь жилдээ үргэлжилж буй дайныг зогсоох асуудлаар нүүр тулан уулзах санал тавьсан нээлттэй захидлыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн билээ.
Тэрбээр уг дайныг АНУ-ын анхаарлын төвд дахин орохыг “хүлээж суух нь буруу” гэж мэдэгдсэн ч бас тэмцлээ үргэлжлүүлэхээс буцахгүйг давхар сануулж, заримдаа хошигносон, шоолсон өнгө аяс илэрхийлж байв.
Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Путин өчигдөр Санкт Петербургийн эдийн засгийн чуулганд үг хэлэхдээ Зеленскийн саналд хариу өгсөн байна.
Тэрбээр Зеленскийн захидлын агуулгыг “бүдүүлэг” хэмээн шүүмжилж, уулзалтын саналыг хүлээн авахаас татгалзаж, зөвхөн энхийн гэрээ байгуулсан тохиолдолд гал зогсох ёстойг дахин илэрхийлжээ.
Зеленскийтэй нүүр тулан уулзахыг “Одоохондоо ямар ч утгагүй гэж үзэж байна” гэж Путин хэлсэн юм.
“Энэ нь нүүр тулан уулзах нөхцөлийг бүрдүүлэх арга байсан уу, эсвэл нүүр тулан уулзахаас зайлсхийх арга байсан уу? Би бол хоёр дахь нь байсан гэж бодож байна” гэж тэр Зеленскийн захидлыг дүгнэжээ.
Путиний хариултыг сонссоны дараа Зеленский “Орос улс дайныг сонгож байна” гэж мэдэгдсэн юм.
“Тэр зүгээр л дайныг зогсоох хүсэлгүй байна. Дэлхий даяар олон хүн энэ хариултад сэтгэл дундуур үлдсэн гэж би бодож байна” гэж тэр Телеграм сувагтаа бичжээ.
Зеленскийн тавьсан гал зогсоох санал хэрэгжвэл Украины талд хүчээ дахин хуваарилах боломж олгохоос өөр ач холбогдолгүй гэж үзэж байгаагаа Путин илэрхийлсэн байна.
“Манай зэвсэгт хүчний давшилтыг зогсоох Украины цорын ганц арга энэ юм. Гэхдээ бидэнд зургаан сар биш, гурван сар биш, урт хугацаанд гал зогсоох гэрээ хэрэгтэй” гэж тэр хэлжээ.
Путин энэ үеэр дайныг зөвхөн Оросын зорилго биелсэн тохиолдолд зогсоох ёстой гэсэн хатуу байр сууриа дахин илэрхийлсэн юм.
“Цэргийн тусгай ажиллагаа хэзээ нэг цагт дуусна гэж бид таамаглаж байна. Эргэлзээгүй, бидний тавьсан зорилго биелсний дараа дуусна” гэж тэр хэлжээ.
Украин улс Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудаас цэргээ бүрэн гаргаж, НАТО-д элсэх хүчин чармайлтаа зогсоох ёстой гэж Путин үздэг.
Харин Украины тал ямар ч газар нутаг өгөхөөс эрс татгалзаж, аливаа буулт нь Орос улс ирээдүйд дахин түрэмгийлэх нөхцөл болно гэж үзэж байна.
Зеленский захидалдаа “26 жил төрийн эрхийг барьсны дараа Путин хөгширч, энэ нь түүний шийдвэрт нөлөөлж байгаа” талаар бичиж, бас Санкт Петербургийн чуулган эхлэхтэй зэрэгцэн тус хотод агаараас довтолсноо “айлчлал” гэж нэрлэсэн байв.
Тиймээс Путин уг захидалд “зарим бүдүүлэг үгс орсон” гэж дүгнэсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

