Хиймэл оюунаар бүтээсэн анхны “универсал вакцин”-ыг хүн дээр туршжээ
Хиймэл оюуны технологи ашиглан бүтээсэн олон төрлийн вирусийн эсрэг үйлчилгээтэй шинэ вакциныг хүн дээр анх удаа туршихад дархлааны системд нь “бага зэрэг нөлөө” үзүүлснийг судлаачид мэдээлжээ.
Энэ вакцины найрлага нь бүхэлдээ анх удаа хиймэл оюунаар бүтээгдсэн болохыг Их Британийн Кэмбрижийн Их сургуулийн судлаачид Баасан гарагт мэдээлсэн байна.
Шинэ вакцин нь амьсгалын замын цочмог хам шинж (SARS), Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинж (Mers), Ковид-19 зэрэг үхлийн аюултай өвчнүүдийг өдөөдөг олон төрлийн вирусээс хүмүүсийг хамгаалах зорилготой “универсал вакцин” болох зорилготой ажээ.
“Бид вакцин хөгжүүлэх арга замыг хариу үйлдэл үзүүлэхээс ирээдүйн баталгаа болох чиглэлд өөрчлөн шинэчилсэн” гэж Кэмбрижийн судлаач, вакцин бүтээх ажлын хэсгийн гишүүн Жонатан Хини мэдэгдсэн байна.
Одоогоор томуу, Ковид зэрэг өвчний вакцинуудыг хамгийн сүүлийн үеийн вирусийн хувилбарын эсрэг үйлчилгээтэй болгохын тулд тогтмол шинэчлэх хэрэгтэй байдаг.
Шинэ вакцин нь олон эмгэг төрүүлэгчдээс, тэр дундаа ирээдүйд хүмүүст халдварлаж болзошгүй зэрлэг амьтдын дунд тархсан зарим эмгэг төрүүлэгчдээс хамгаалах дархлааны хариу урвалыг бий болгох зорилготой юм.
“Энэ нь нохой сүүлээ хөөж байгаа мэт хүмүүст тархаж буй вирусийн хувилбаруудын араас хөөцөлдөж, вакцинуудыг шинэчлэх байнгын мөчлөгөөс зайлсхийх боломж олгоно” гэж Хини тайлбарлажээ.
Вакцины идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг болох антигенийг зохион бүтээхдээ судлаачид дэлхий даяар бүртгэгдсэн Sarbeco коронавирусийн генетикийн өгөгдөл дээр сургагдсан алгоритмыг ашигласан байна.
2021 оны сүүлээс 2023 оны хооронд шинэ вакцины туршилтад 40 орчим хүн оролцжээ. Анхан шатны энэ туршилт нь вакцины үр дүнг бүрэн шалгах зорилгогүй, зөвхөн ямар нэг аюул, хүндрэлгүй эсэхийг тогтоох зорилготой юм.
Энэ туршилтаар хүний биед ямар ч ноцтой гаж нөлөө үзүүлээгүй байна.
Гэхдээ оролцогчдын дархлааны системд “бага зэрэг” нөлөөлсөн талаар судалгааны тайланд өгүүлжээ.
Илүү олон хүн оролцсон хоёр дахь шатны туршилтаар вакцины хамгаалах чадварын талаар эхний үр дүн харагдах юм байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

