Сахарын цөлд автомашин эвдэрсний улмаас 50 орчим хүн цангаж үхжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
54 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нижер улсын хойд хэсэгт оршдог Сахарын цөлийн алслагдсан хэсэгт ачааны автомашин эвдэрсний улмаас 49 хүн цангаж нас барсныг тус улсын эрх баригчид Баасан гарагт мэдээлжээ.

Тэд Мали улсад зохион байгуулагдсан исламын шашны Эйд аль-Адха баяраас буцаж явсан хүмүүс байсан гэнэ.

Тэдний автомашин Нижер, Алжир улсуудын хил дээр байрладаг гол боомт Ассамакаас баруун зүгт 80 гаруй километрийн зайд эвдэрсэн юм байна.

Тэднээс цөлийг явган гатлан Ассамакад ирж, хэл дуулгасан хоёр хүн амьд үлджээ.

“Бид жолооч нар, аялагчид, дүрвэгчид зэрэг бүх хүмүүст цөлийг туулахад гарах эрсдэлийн талаар байнга анхааруулж ирсэн. Энэ удаагийн эмгэнэлтэй явдал ховор тохиолдол биш. Ерөнхийдөө Ливи, Алжир хүрэх замууд дээр ийм тохиолдол гардаг” гэж орон нутгийн төрийн бус байгууллагын тэргүүн Чехуо Азизу ярьсан байна.

Жолооч болон зорчигчид эвдэрсэн автомашинаа засах гэж хэдэн өдөр оролдсоны эцэст ундны усаа дуусгажээ.

Аврагчдыг очиход эвдэрсэн автомашины ойр орчимд хэдэн арван амьгүй цогцос хэвтэж байсан гэнэ.

Хохирогчид нь бүгд Нижер улсын иргэд байжээ. Орон нутгийн эрх баригчид тэднийг бөөнд нь оршуулсан байна.

Аврагчид тэндээс буцах замдаа батарей нь суусны улмаас гурав хоног саатсан 60 гаруй зорчигчтой ачааны автомашинтай таарсан гэнэ.

Уг автомашин Нижерийн хилээс 300 гаруй километрийн зайд оршдог Мали улсын Харуба хотоос гарсан байжээ.

Аврагчид тэдэнд ус өгч, автомашиныг нь засаж өгснөөр аюулгүй буцах боломжтой болсон байна.

Сахарын цөлийн Нижерийн хэсгээр Европ тивийг зорьсон баруун Африкийн дүрвэгчдийн гол зам дайрдаг тул ийм эмгэнэлт явдал байнга гардаг ажээ.

 

Эх сурвалж: BBC