"Үр хүүхдийнхээ ирээдүйд хэрэглэх орд газрыг нээн, олж тогтоохгүй байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр авдаг болно"
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
Уг хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг өөрчлөхөөр болсон байна. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хайгуулын тусгай зөвшөөрөл одоо тендерийн сонгон шалгаруулалт явж байгаа. Хайгуулын талбайг олон нийтэд нээлттэй зарлаад, нэг сарын хугацаанд материал хүлээж аваад хамгийн өндөр үнийн санал өгсөнд нь тусгай зөвшөөрөл олгодог.
Нийт 100 удаагийн зөвшөөрөл зарладаг 60 нь амжилттай болдог. Хоёрт дотоодын аж ахуйн нэгжүүдээс "Мөнгөтэй гадаадын хөрөнгө оруулагчид маш ихээр аваад байна. Дотоодын мэргэжлийн компаниуд авах боломжоор хангаж өгөөч" гэсэн санал ирүүлсэн.
Мөн энэ салбарыг нээхгүй бол гажиг үүсээд байна. Бид сөрөг утгаараа дэлхийн рекорд болчихсон явж байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын тусгай зөвшөөрлөөс хоёр дахин бага. Үр хүүхдийнхээ ирээдүйд хэрэглэх орд газрыг нээн, олж тогтоох ажлыг хийхгүй байна гэсэн үг. Жил гаруйн өмнө Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэг ОЮУТ ордыг хүлээн авч байсан. Энэ ордын хайгуулын ажил 50 жил үргэлжилсэн. 50 жилийн дараа бидний үр хүүхэд ямар орд газраа ашиглаж хэрэглэх вэ гэдэгт хайгуулын салбараа нээхгүй бол одоо байгаа ашиглалтын талбайнуудаа ашиглаад манай эдийн засаг үүнээс цааш тэлэх боломжгүй.
Дэлхийн дунджаар хайгуулын тусгай зөвшөөрөл ашиглалтын тусгай зөвшөөрлөөс тав дахин их байж дараагийн уурхайн боломж нээгддэг. Монгол Улсад 1,000 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрлөөс нэг уурхай гардаг.
Улсын нийт газар нутгийн 75 хувьд нь уул уурхайн ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй. Үлдсэн 25 хувь дээр лицензээ олгох боломжтой. Улсын хэмжээнд хоёр хүрэхгүй хувийг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр өгсөн.
Бүх газар орноо хайгуулын тусгай зөвшөөрөл, лицензээр өгчихлөө гэх асуудал яригддаг, тийм юм байхгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн хууль тогтоомжийн дагуу тоо хэмжээ, хязгаартаа бариад явж байгаа.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг авах бол одоо байгаа сонгон шалгаруулалтын хэлбэрээр явж болно. Хоёрт гэрээний үндсэн дээр авдаг байхаар зохицуулна. Геологийн суурь судалгааны ажлыг дэлхийн аль ч улс орон төсвөөсөө хөрөнгө гаргаад хийх ёстой. Энэ ажлыг төртэй гэрээ байгуулаад хувийн хэвшил хийх боломжоор хангана. Тус ажлыг хийж өгсний хариуд судалгаа хийсэн газрынхаа тодорхой хэсгийг хайгуулын тусгай зөвшөөрлөөр авах боломжоор хангана.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг одоо аваад удаан хугацаагаар хадгалж болдог. Энэ хугацааг эрс багасгаж, төлбөрийг эрс нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл лицензийн наймаа, худалдаатай холбоотой асуудал байхгүй болно. Лицензийн 12 жилийг зургаан жил болгоно. Энэ хугацаанд эрэл судалгааны ажлаа хийгээд тайлангаа хүлээлгэж өгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох боломжтой.
Уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотой асуудлыг тодорхой тусгаж өгнө. Хуулийн төсөл батлагдвал сайд нарын тушаалаар батлагддаг журмаар явагдаж буй нөхөн сэргээлтийн ажлыг хуульчилж өгнө. Тухайн уул уурхайн төсөл эхлээд үйл ажиллагаа нь 75 хувьд хүрч байх үед хаалтын зардал бүрэн хэмжээнд хуримтлагддаг байх ёстой" хэмээн ярив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

