Индэр    
2 минутын өмнө
Зураг
Судлаач, шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор, Хүндэт дипломат

Төв Азийн бүс нутгийн гео-эдийн засгийн шинэ төлөв ба Өрнө, Дорнын гүрнүүдийн шинэ стратеги - II

Редакцын бус нийтлэл
Зураг

Олон улсын эрчим хүчний хүчний агентлагийн 2025 оны статистикийн мэдээллээр Казахстан нь 30 тэрбум баррель газрын тосны нөөцтэйгөөр дэлхийн нийт газрын тосны нөөцийн 1.7 хувийг эзэлж дэлхийд 12 дугаар байрт орж байгаа бол 85 сая шоо метр байгалийн хийн нөөцтэйгөөр дэлхийн нийт хийн нөөцийн 1.23 хувийг бүрдүүлж дэлхийд 15 дугаар байрт орж байна.

АНУ-ын Геологийн алба (USGS) болон Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн хамгийн сүүлийн үеийн (2025-2026 он) судалгаагаар Төв Азийн бүс нутаг нь дэлхийн эрчим хүчний шилжилтэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх “стратегийн нөөц газар” гэж тодорхойлжээ.

Төв Ази, тухайлан Казахстан улс нь дэлхийн ураны зах зээлийн гол тоглогч болж байгаа бөгөөд тус улс дэлхийн нийт ураны нөөцийн 14 хувийг эзэмшиж байгаа нь дэлхийн нийт олборлолтын 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгаагаас тод харагдана. 2025 оны байдлаар Казахстан нь Канад, Австрали, Намиби зэрэг орнуудын нийлбэр дүнгээс ч их ураны хүдэр олборлож буй дэлхийн тэргүүлэгч орон болон гарч иржээ.

Узбекистан нь дэлхийн ураны хүдэр олборлолтоор тавдугаар байранд жагсаж байгаа бөгөөд экспортоо эрчимтэй нэмэгдүүлж байна.

USGS-ийн тооллогоор тус бүс нутагт газрын ховор элементийн 384 илэрц бүртгэгдсэнээс Казахстанд 160 илэрц (2025 оны дөрөвдүгээр сард Караганда мужид 20 сая тонн орчим REE-ийн шинэ нөөц илрүүлснээ зарласан нь дэлхийд 3-рт орох том орд болж магадгүй байгаа ажээ), Узбекистанд 87 илэрц, Киргизстанд 75 илэрц, Тажикистанд 60 илэрц бүртгэгджээ.

Бусад чухал ашигт малтмалын нөөцийн тухайд Төв Азийн орнууд АНУ-ын 2025 оны “Чухал ашигт малтмалын жагсаалт”-д багтсан 54 түүхий эдийн бараг тал хувь нь ногдож байна. OECD болон Казахстаны Qazinform-ын мэдээллээр дэлхийн манганы нөөцийн 39 хувь, хромын нөөцийн 31 хувь, хар тугалгын нөөцийн 20 хувь, цайрын нөөцийн 13 ногдож байна

Манган (мanganese) нь гангийн үйлдвэрлэлийн “амин сүнс” гэгддэг, мөнгөлөг саарал өнгөтэй, хатуу бөгөөд хэврэг металл ажээ. Манган "чухал ашигт малтмал" болдгийн гол учир шалтгаан нь гангийн үйлдвэрлэл 90 хувь буюу мангангүйгээр ган үйлдвэрлэх бараг боломжгүй ажээ. Болд хэрхэн хатаагдах нь манганаас шалтгаалдаг байна. Сүүлийн үед цахилгаан машины батарейны (ялангуяа NMC буюу Никель-Манган-Кобальт) гол түүхий эд болж байна. Энэ нь батарейг илүү аюулгүй, хямд бөгөөд цэнэгээ удаан барихад тусалдаг ажгуу. Хөнгөн цагааны хайлш бэлтгэх буюу шар айраг, ундааны лааз зэрэг хөнгөн цагаан эдлэлийг зэврэлтээс хамгаалахад ордог. Төв Ази, тэр дундаа Казахстан дэлхийн манганы нөөцийн томоохон хэсгийг буюу дэлхийн нийт нөөцийн 39 хувийг эзэмшиж байгаа учир АНУ, ЕХ, Японы сонирхлыг ихээр татаж байна. Хятад улс дэлхийн манганы боловсруулалтад ноёлж байгаа тул Өрнөдийн орнууд Төв Азиас шууд нийлүүлэлт хийх нь стратегийн зорилт болж байна.

USGS болон олон улсын шинжээчид Төв Азийн эдгээр нөөцийг “ХХI зууны шинэ газрын тос” (The New Oil of the 21st Century) хэмээн нэрлэж байгаа бөгөөд суурь бүтэц, технологийн хоцрогдлыг арилгаж чадвал дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг ялангуяа Хятадаас хамааралтай байдлыг бууруулах, өөрчлөх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Төв Азийн таван улсын төрийн тэргүүн нарын дээд түвшний анхны уулзалт 2025 оны арваннэгдүгээр сард Вашингтон хотноо Цагаан ордонд амжилттай зохион байгуулагджээ. Энэхүү уулзалт нь “АНУ+C5” механизмын 10 жилийн ойтой давхацсанаараа онцлог байсан бөгөөд анх удаа АНУ-ын нийслэл Вашингтон хотноо төрийн тэргүүн нарын түвшинд болсон түүхэн үйл явдал болов хэмээн The Times оf Central Asia онцлов.

зураг
 

Дональд Трампын засаг захиргаа дипломат харилцаанаас илүүтэй “прагматик бизнес” хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулжээ. Уулзалтын хүрээнд олон тэрбум ам.долларын үнийн дүн бүхий худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээнүүд зурагдаж, үүнийг “Бизнесийн шинэ эрин үе” хэмээн нэрлэв.

Чухал ашигт малтмалын түншлэлийн хүрээнд АНУ-ын зүгээс Хятадаас хамааралтай байдлаа бууруулахын тулд С5-тай чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллах, нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх сонирхлоо албан ёсоор илэрхийлсэн юм.

Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын чиглэлээр 17 тэрбум ам.долларын шинэ гэрээг Казахстантай байгуулав.

Вашингтоны уулзалтын үеэр Узбекистан ирэх 10 жилийн хугацаанд АНУ-д 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх амлалт өгсөн нь олны анхаарлыг татсан, хамгийн дуулиантай мэдээ байсан билээ.

Узбекистанд ийм боломж үнэхээр бий юу гэсэн асуулт гарч ирсэн. Шинжээчид энэхүү амлалтыг Eurasianet дараах үндэслэлээр тайлбарласан юм.

Узбекистаны ДНБ нэрлэсэн үнэлгээгээр 2024 онд 115 тэрбум ам.доллар орчим байсан тул 10 жилд 100 тэрбумыг зөвхөн АНУ руу гаргах нь эдийн засгийн хувьд маш өндөр ачаалалтай ч энэхүү 100 тэрбум нь цэвэр хөрөнгө оруулалт биш, харин Узбекистан улс өөрийн эдийн засгаа шинэчлэхийн тулд АНУ-аас авах технологи, тоног төхөөрөмжийн худалдан авалт (жишээ нь, Boeing-ийн олон тэрбум долларын онгоцны захиалга) болон хамтарсан төслүүдийн нийлбэр дүн гэж үзсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн “Truth Social” хуудсаараа дамжуулан энэхүү “гайхалтай хэлцлийг ажил хэрэг болно” хэмээснийг Bloomberg онцолж байв.

Ойрын гурван жилд Узбекистан улс АНУ-аас 35 тэрбум ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авч, хөрөнгө оруулалт хийж, ирэх 10 жилд нийт дүн нь 100 тэрбум ам.доллароор хэмжигдэнэ хэмээн Узбекистаны тал мэдэгдэв. 100 тэрбум ам. долларын хүрээ гэдэг нь чухал ашигт малтмал, агаарын тээвэр (“Boeing” онгоцны захиалга), автомашины сэлбэг, суурь бүтэц, хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээллийн технологи зэрэг салбаруудыг хамарч байгааг Council on Foreign Relations онцолж байв.

Узбекистан улс сүүлийн жилүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг асар ихээр татаж байгаа бөгөөд зөвхөн 2025 онд тус улсад орж ирсэн хөрөнгө оруулалт 43.1 тэрбум ам.долларт хүрсэн нь АНУ-тай хийсэн хэлэлцээрийн санхүүжилтийг босгох боломжтойг харуулж байгаа ажээ.

АНУ-ын дэмжлэгтэйгээр дээрх амлалтыг биелүүлэхэд АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорац болон “Exim” банк баталгаа гаргаж, зээлийн дэмжлэг үзүүлэх замаар хамтран ажиллана гэжээ.

Энэхүү амлалт нь Узбекистан улс эдийн засгаа Орос, Хятадаас хамааралгүйгээр шинэчлэх гэсэн стратегийн том алхам бөгөөд АНУ-ын зүгээс үүнийг “хүчирхэг түншлэл” хэмээн Washington Times онцолсон байна.

“Boeing” компани Казахстан, Узбекистан, Тажикистаны агаарын тээврийн компаниудад 40 орчим онгоц худалдах хэлэлцээрт хүрсэн юм.

Тээвэр, ложистикийн хүрээнд Төв Азийн орнуудыг Өрнөдийн зах зээлтэй холбох Дундад коридорыг дэмжих, Орос болон Хятадын нөлөөг тэнцвэржүүлэхэд АНУ-ын оролцоог нэмэгдүүлэхээр тохиролцов.

Талууд дараагийн дээд түвшний уулзалтыг 2026 оны намар Узбекистаны Самарканд хотод зохион байгуулах саналыг дэмжив.

Доналд Трамп АНУ-ын Майами хотноо зохион байгуулах 2026 оны 20-ийн бүлгийн дээд түвшний уулзалтад Казахстан болон Узбекистан улсуудыг зочин орноор урихаар төлөвлөж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн билээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио 2026 онд Төв Азийн С5-д айлчлахаар төлөвлөж байгаагаа зарлав.

Энэхүү саммит нь АНУ-ын зүгээс Төв Азийг зөвхөн “Афганистаны дайны арын бааз” гэж хардаг байсан хуучин үзэл баримтлалаа өөрчилж, бүс нутгийг эдийн засаг, ложистикийн бие даасан, чухал тоглогч гэж хүлээн зөвшөөрч буйн дохио боллоо хэмээн The New York Times тэмдэглэсэн байна.

2025 оны арваннэгдүгээр сард Вашингтон хотноо болсон “АНУ+C5” дээд түвшний уулзалт нь Хамтарсан Тунхаглал гаргахаас илүүтэй “прагматик бизнес хэлэлцээрүүд” дээр төвлөрсөнөөрөө онцлог болсон талаар The Times of Central Asia, The Diplomat чухалчлан тэмдэглэв. Уулзалтын үр дүнд “АНУ+C5” Хамтарсан Зорилтын Мэдэгдэл” (Joint Statement of Intent) гаргасан билээ.

Хуучин гаргадаг байсан ерөнхий дипломат тунхаглалаас татгалзаж, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой алхмуудыг (бизнесийн орчныг сайжруулах 1-8 заалт) баримт бичигт туссаныг The Diplomat онцлов.

“АНУ+C5” “чухал ашигт малтмалын яриа хэлцэл” (Critical Minerals Dialogue)-ийг албан ёсоор эхлүүлж, нийлүүлэлтийн сүлжээг аюулгүй болгохоор тохиролцсоныг сайшаан тэмдэглэв.

Каспийн тэнгисээр дамжих “Дундад коридор”-ыг хөгжүүлж, АНУ-ын дэмжлэгтэйгээр “TRIPP” (Trump Route for International Peace and Prosperity) замын сүлжээтэй холбохоор зарлав.

Хиймэл оюун, цахим засаглал болон кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээ баталгаажуулсаныг Astana Times чухалчлав.

Уулзалтын үеэр Д.Трамп Төв Азийг өмнөх ерөнхийлөгч нарын үед “орхигдсон” бүс нутаг байсныг засаж, стратегийн түншлэлийн шинэ эрин үеийг эхлүүлж байгаагаа онцолжээ.

“Төв Ази + Японы яриа хэлэлцээ” дээд түвшний анхны уулзалтын шинэ формат 2025 оны арванхоёрдугаар сард Токио хотноо амжилттай зохион байгуулагдав. Энэхүү уулзалт нь 20 гаруй жилийн түүхтэй тус яриа хэлцлийн механизмыг анх удаа шат ахиулж, төр, засгийн тэргүүн нарын түвшинд хүргэсэн түүхэн үйл явдал болов.

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи Төв Азийн орнуудын аж үйлдвэржилт, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих зорилгоор “CA+JAD Tokyo Initiative” буюу Токиогийн санаачилгыг зарласан юм. Япон улс ирэх 5 жилийн хугацаанд Төв Азид нийт 3 их наяд иен буюу ойролцоогоор 19-20 тэрбум ам.долларын бизнес төслүүдийг хэрэгжүүлэх зорилт тавьж байна.

Талууд ногоон эрчим хүч, тээвэр-ложистикийн сүлжээ, чухал ашигт малтмалын нийлүүлэлт, цахим засаглал болон хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр 150 гаруй баримт бичигт гарын үсэг зуржээ.

Энэхүү саммит нь анх 2024 оны наймдугаар дугаар сард Казахстанд болохоор төлөвлөгдөж байсан ч Японд хүчтэй газар хөдлөх аюул нүүрлэсний улмаас хойшлогдож, ийнхүү 2025 оны сүүлээр Токио хотноо зохион байгуулагдсаныг Japan Policy Forum онцолсон байна.

Дээд түвшний уулзалтаас “Токиогийн Тунхаглал”-ыг батлан гаргав. Түүнд: С5+Японы харилцааг “стратегийн түншлэл”-ийн шинэ шатанд гарсныг албан ёсоор баталгаажуулав. Тунхаглалд олон улсын эрх зүй, тэр дундаа НҮБ-ын Дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг сэргээх, тухайлан тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх зарчмыг онцолсон. Энэ нь бүс нутгийн геополитикийн шинэ нөхцөл байдалд (Орос, Хятадын нөлөө) Япон улс Төв Азийн орнуудын бие даасан байдлыг дэмжиж буйн илэрхийлэл болов. Тунхаглалд Төв Азийн орнуудын засаглалыг сайжруулах, ил тод байдлыг хангах замаар хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой болгоход хамтран ажиллахаар тусгав.

Тодорхой бизнес төслүүд ба салбаруудын тухайд Япон улс 3 их наяд иений төсөл хэрэгжүүлэхдээ дараах дөрвөн гол салбарт төвлөрч байна.

Нэгд, Тээвэр, ложистик Дундад коридорын хүрээнд Орос, Хятадаас хамааралгүйгээр Каспийн тэнгисээр дамжин Европтой холбогдох “Төв коридор”-ыг хөгжүүлэхэд Япон улс техник, технологийн туслалцаа үзүүлэхээр болов. Үүнд боомтуудын дижитал шинэчлэл багтаж байгаа юм.

Хоёрт, Ногоон эрчим хүч ба нүүрстөрөгчийг багасгах хүрээнд Казахстан болон Узбекистанд нүүрсний цахилгаан станцуудыг хийн станц болгох, эрчим хүчний хэмнэлттэй технологи нэвтрүүлэх, нүүрстөрөгчийг барьж авах, хадгалах технологийн туршилт хийх, чухал ашигт малтмалын хүрээнд лити, газрын ховор элемент зэрэг өндөр технологид ашиглагддаг ашигт малтмалыг Төв Азид олборлох, боловсруулах үйлдвэрүүдийг Японы хөрөнгө оруулалттайгаар байгуулах,

гуравт, Хүний нөөцийг хөгжүүлэх хүрээнд ирэх гурван жилийн хугацаанд Төв Азийн 1,000 гаруй залуу мэргэжилтнийг Японд дадлагажуулж, аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэхээр тохиролцов.

Дөрөвт, Япон улс энэ удаад зөвхөн санхүүгийн тусламж өгөхөөс илүүтэй, Японы хувийн хэвшлийнхнийг (Mitsubishi, Mitsui, Itochu гэх мэт) Төв Азийн зах зээлд шууд холбож өгөхөд түлхүү анхаарч байсан нь онцлог байв.

АНУ, Япон хийгээд ЕХ Төв Азийн чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалтаа үлэмж нэмэгдүүлж, зөвхөн олборлолт бус, боловсруулах үйлдвэрлэл болон тээврийн коридорт төвлөрсөн стратегийн төслүүдийг 2026 оноос хэрэгжүүлж байна.

The Times of Central Asia-гийн мэдээлснээр АНУ-ын Засаг захиргаа Төв Азийн ашигт малтмалыг Хятадаас хамааралгүй нийлүүлэлтийн сүлжээ болгоход онцгойлон анхаарч байна. АНУ-ын стратегийн чухал ашигт малтмалын нөөц бүрдүүлэх Vault төслийг 2026 оны эхээр эхлүүлж, Америкийн Exim банкнаас 10 тэрбум ам.доллар, хувийн хэвшлээс 2 тэрбум ам.долларын санхүүжилт босгож, Төв Азийн уран, вольфрам, литийн нөөцийг худалдан авах, боловсруулахад зарцуулахаар болов.

Вашингтоны дээд түвшний уулзалтын үеэр АНУ-ын “Cove Capital” компани Казахстанд дэлхийн нийт нөөцийн 10 хувийг эзэлдэг вольфрамын том ордыг ашиглах 1.1 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан талаар Reuters мэдээлэсэн юм. Үүнд: АНУ-ын Exim банкнаас 900 сая долларын дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд олборлосон вольфрамыг АНУ-ын батлан хамгаалах, аж үйлдвэрийн хэрэгцээнд шууд нийлүүлэхээр болж байна.

2026 оны хоёрдугаар сард АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпораци болон Узбекистан улс хамтарсан хөрөнгө оруулалтын платформ байгуулж, газрын ховор элементийг олборлох төслүүдэд санхүүжилт олгож эхэлснийг The Times of Central Asia уламжилсан билээ.

Төв Азид чиглэсэн ЕХ-ны хөрөнгө оруулалт нь 2026 оноос “Global Gateway” стратегийн хүрээнд суурь бүтэц, технологи дамжуулах, Дундад коридор, ложистикийн чиглэлд Каспийн тэнгисийн Ақтау болон Курык боомтуудын шинэчлэлд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, ашигт малтмалыг Европ руу саадгүй тээвэрлэх боломжийг бүрдүүлж байгааг Хаагын судалгааны институт тэмдэглэв.

Газрын ховор элементийн технологийн салбарт 2026 оны нэгдүгээр сараас эхлэн Бельгийн “KU Leuven” судалгааны төв болон Узбекистаны “Технологийн металлын цогцолбор” хамтран ураны үлдэгдэлээс газрын ховор элемент болон рениум ялгаж авах технологийн төслийг хэрэгжүүлж эхэлснийг Rare earth exchanges уламжилсан байна.

2026 оны хоёрдугаар сарын 4-нд Вашингтон хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн санаачилгаар зохион байгуулагдсан “Чухал ашигт малтмалын анхдугаар Сайд нарын уулзалт” (Inaugural Critical Minerals Ministerial)-д C5 маш идэвхтэй, стратегийн түвшинд оролцов.

Еврокомиссын мэдээлснээр 2026 он гарснаар Европын Хөрөнгө оруулалтын банк Киргизстан, Тажикистан, Узбекистан дахь ногоон эрчим хүч, тээврийн төслүүдэд зориулж 365 сая еврогийн Харилцан ойлголцлын дөрвөн Санамж бичигт гарын үсэг зураад байна.

Reuters агентлагийн мэдээлснээр 2026 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр АНУ болон ЕХ чухал ашигт малтмалын зах зээл дээр үнэ тогтворжуулах, нийлүүлэлтийн сүлжээг зохицуулах Хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөг (Action Plan) зарласан бөгөөд дурдсан төлөвлөгөөний хүрээнд Лондон, Сидней төвтэй уул уурхайн хуулийн фирм HSF Kramer-ийн дүгнэлтээр энэ нь Төв Азийн ашигт малтмалыг зах зээлийн үнээс доогуур түвшинд унахаас хамгаалж, Өрнөдийн хөрөнгө оруулагчдад баталгаа өгөх зорилготой гэсэн байна.

Тийнхүү Төв Азийн бүс нутагт нь Өрнө-Дорны гео-эдийн засаг, геополитикийн нэн чухал орон зай болов хувирч байна.