БНХАУ-ын 15 дугаар таван жилийн төлөвлөгөө ба квант технологийн хөгжүүлэлт

Редакцын бус нийтлэл
1 цаг 28 минутын өмнө
Редакцын бус нийтлэл
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ)-ын 15 дугаар таван жилийн төлөвлөгөөнд квант технологийн хөгжүүлэлт хэрхэн туссаныг Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль(ХИС)-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаярын бичсэн өгүүллийг хүргэж байна.



Өнөөгийн БНХАУ нь шинжлэх ухаан-технологийн урьд үзэгдээгүй ахиц, дэвшлийг Шинэ Мянганд гаргаж буй материаллаг болон оюун санааны үлэмж чадавхтай орон болов. БНХАУ нь дижитал технологийн суурь ба дээд бүтэц, нэг хүнд ногдох нийтийг хамарсан өндөр хурдны интернэтийн сүлжээ, гол эдийн засгийн бүтцүүдийн хоорондох интеграцчлал, инновацчлалаар дэлхийд хамгийн дээгүүрт орж байна.

Хятадын онцлогтой, үзэсгэлэнтэй социализмын Шинэ эрин үеийг байгуулж амжилттай дуусгах, эдийн засгийн удаашрал, хүн амын насжилт, ажиллах хүчний хомсдол, батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх гол хүчин зүйл нь дижитал технологийг бүх салбарт хөгжүүлэх явдал гэж ХКН, төр засаг нь үзэж байна.

2019 оны аравдугаар сард хуралдсан ХКН-ын 19 дэх удаагийн сонгуулийн ТХ-ны IV бүгд хурал Хятадын эдийн засгийн удаашралыг өндөр хурдацтай хөгжлөөс илүү өндөр чанарт суурилсан хөгжилд шилжиж буй үйл явц хэмээн анх удаа дүгнэсэн байдаг.

Харин 2026 оны гуравдугаар сарын 5-нд ажлаа эхэлсэн БХАТИХ-ын 14 дэх удаагийн сонгуулийн IV чуулган БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг 2026-2030 онд хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөөг баталж, чанарын шилжилтийг дижитал технологи АI болон квант тооцоололтой холбон хөгжлийн хөдөлгөгч зүтгүүрийн үндсэн хэсэг, хүн амын насжилтын асуудлыг шийдвэрлэх чухал хүчин зүйл гэж үзэв.

БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг 2026-2030 онд хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөө нь тус улсыг технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч гүрэн болгох, гадаад хүчин зүйлийн хамаарлыг тууштай бууруулахад чиглэсэн стратегийн гол баримт бичиг гэж хэлж болно. Энэхүү төлөвлөгөөнд дижитал оюун (AI) болон квант тооцооллыг эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгүүр, үндэсний аюулгүй байдлын тулгуур багана хэмээн чухалчлан тэмдэглэв.

Хятад улс 2030 он гэхэд AI-ын салбарт дэлхийд давамгайлах зорилт тавьж, “AI Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г 2025 оны зургаадугаар сараас хэрэгжүүлж эхлэв.

Ирэх таван жилд улс орны нийт эдийн засгийн 90 хувьд AI-ыг нэвтрүүлж, үйлдвэрлэл, эрүүл мэнд, тээвэр ложистик, хөдөө аж ахуй, боловсролын салбарыг ухаалаг системд шилжүүлнэ гэжээ.

Маш том хэмжээний (hyper-scale) тооцоолон бодох кластерууд болон үндэсний хэмжээний нэгдсэн сүлжээг байгуулж, дэвшилтэт AI системүүдийг ажиллуулах суурь ба дээд бүтэц, квант тооцооллын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажээ.

Шинэ хэрэглээг буй болгож, хүн дүрст робот (humanoid robots), cognitive neuroscience-т суурилсан компьютерын интерфейс, AI-д суурилсан үйлдлийн системүүдийг хөгжүүлж, ажиллах хүчний хомсдол болон хүн амын насжилтын асуудлыг шийдэхэд ашиглахаар төлөвлөжээ. Компьютерын интерфэйс гэдэг нь хоёр систем эсвэл бүрэлдэхүүн хэсэг хоорондоо мэдээлэл солилцох, харилцах дундын зааг буюу холбоос юм. Энгийнээр хэлбэл, энэ нь таныг компьютертэй, эсвэл компьютерын дотоод хэсгүүд хоорондоо “ярилцах” боломжийг олгодог hub ажгуу.

БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг 2026-2030 онд хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөөнд квант технологийг лабораторийн түвшнээс зах зээлд нэвтрүүлэх “шинэ хөдөлгөгч хүч” болгоно хэмээн тодорхойлов. Квант тооцоолол нь стратегийн тэргүүлэх чиглэл бөгөөд 15 дугаар таван жилийн төлөвлөгөөнд дурдагдсан ирээдүйн 7 гол үйлдвэрлэлийн хамгийн эхэнд эрэмбэлэгджээ.

Технологийн зорилтуудад өргөжүүлэх боломжтой (scalable) квант компьютеруудыг хөгжүүлэх, сансар-газрыг холбосон квант холбооны нэгдсэн сүлжээ байгуулах, квант мэдрэгчийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг зорилтууд багтжээ.

Өрнөдийн орнуудын экспортын хязгаарлалтын хариуд Хятад улс өөрийн хяналтад байх квант технологийн үйлдвэрлэлийн бие даасан тогтолцоог бүрдүүлэхээр зорьж байна.

Санхүүжилт ба бодлогын дэмжлэгийн тухайд, шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийг жил бүр 10 орчим хувиар нэмэгдүүлж, зөвхөн 2026 онд 426 тэрбум юань буюу 62 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

Орон нутгийн дэмжлэгийн хувьд Гуандун муж зэрэг технологийн төвүүд AI болон квант технологид зориулсан 10 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулж эхэлсэн байна.

Эдүгээ квант компьютерын хөгжүүлэлтэд Google, IBM, Apple, Microsoft, Samsung, Huawei, Xiaomi, Orgin Quantium тэргүүлж буй бөгөөд хэрэглээнд орох цаг хугацаа хаяанд иржээ.

Квант технологи гэдэг нь атомоос ч жижиг электрон, фотоны маш өчүүхэн түвшний эгэл бөөмсийн физик ер бусын шинж чанарыг ашиглан тооцоолол хийдэг шинжлэх ухааны цоо шинэ технологийн салбар гэж хэлж болно. Энгийнээр тайлбарлавал, таны компьютер эсвэл гар утас тань мэдээллийг 0 эсвэл 1 гэсэн “bit”-ээр боловсруулдаг, зүйрлэвэл зоосны сүлд эсвэл тоо гэсэн хоёр хувилбарт суурилсан байдаг. Харин квант компьютер нь “qu+bit”-ийг ашигладаг бөгөөд энэ нь 0 ба 1-ийг нэгэн зэрэг буюу сүлд, тоо хоёрын нэг төлөвт (эргэлдэж буй зоос лугаа) байх чадвар юм. Энэхүү нэгэн зэрэг олон төлөвт байх чадварыг суперпозици гэж нэрлэдэг байна. Энэ нь квант компьютерт хэдэн мянган боломжит хувилбаруудыг нэгэн зэрэг шалгах боломжийг олгохоор байна.

Энгийн компьютер хаалттай хаалганы цаана байгаа түлхүүрийг олохын тулд бүх хаалгыг нэг нэгээр нь нээж шалгах бол, квант компьютер бүх хаалгыг нэгэн зэрэг нээж байгаа мэт ажиллагдана гэсэн үг ажээ. Тиймээс энгийн супер компьютероор олон мянган жил хийх тооцооллыг квант компьютер хэдхэн хоромд гүйцэтгэх боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, квант компьютерын эрин үед бид бүгдийн одоогийн хэрэглэж буй супер компьютер нь зүгээр л энгийн нэг тооны машин болж хувирна гэж ойлгох хэрэгтэй.

Энэхүү технологи нь эрчим хүч, анагаах ухааны хөгжил, шинэ эм бэлдмэл, вакцин гаргаж авах, байгаль орчинд ээлтэй материал бүтээх, цаг уур, санхүүгийн зах зээлийг оновчлох зэрэг маш нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх боломжийг олгох ажээ.

Blockchain технологи хөгжлийн шинэ боломжийг нээсэн хэдий ч квант компьютерын хөгжил түүний схемийг бусниулж, итгэхэд нэн бэрх квант орны цоо шинэ нөхцөл байдлыг буй болгохоор байна. Blockchain сайтын мэдээлснээр 2026 оны гуравдугаар сарын байдлаар нийт 21 сая биткойны 95 гаруй хувь буюу 20 сая дахь биткойныг олборлож, нээлттэй зах зээлд арилжаалж байгаа бөгөөд урьдчилсан тооцооллоор үлдсэн сүүлчийн 5 хувь буюу 1 сая биткоиныг өндөр хүчин чадалтай супер компьютер ашигласан ч 2140 оны хоёрдугаар сар хүртэл олборлож, зах зээлд нийлүүлэхээр байгаа ажээ. Өөрөөр хэлбэл 100 илүү жил шаардагдаж байна. Тэгвэл квант компьютер энэ асуудлыг хоромхон зуур шийдвэрлэж чадах ажээ. Квант компьютерын үйлдэл нь бүр бурханд хамгийн ойрхон дөхөж очих шийдэл болно гэж мэргэжилтнүүд нь тэмдэглэх болжээ.

БНХАУ-ын квант компьютер хамгийн хурдан уламжлалт супер компьютерт 2.6 тэрбум жил шаардагдах үүргийг зөвхөн 4 минутад гүйцэтгэжээ. Энэхүү мэдээлэл нь Хятадын эрдэмтдийн бүтээсэн Jiuzhang хэмээх 76 кубит бүхий фотон суурьтай квант компьютерын тухай юм. Тус компьютер нь “Гауссын бозон сорилт” (Gaussian boson sampling) хэмээх нарийн төвөгтэй тооцооллыг 200 секунд буюу ойролцоогоор 3-4 минутын дотор гүйцэтгэжээ.

Хятадын анхны квант компьютер үйлдвэрлэгч Origin Quantum нь Хятадын хамгийн хүчирхэг, гурав дахь үеийн супер дамжуулагч квант компьютерын эхний хувилбар болох “Wukong”-ыг ашиглалтад оруулаад байна. Эдүгээ түүнийг үүлэн тооцооллын системд холбож, компаниудад туршилт хийх боломж олгож байгаа юм. Origin Quantum нь квант компьютерт зориулсан “Origin Pilot” хэмээх квант үйлдлийн анхны системийг хөгжүүлж, энэ салбарт програм хангамжийн бие даасан байдлыг бий болгож байна. Huawei нь квант алгоритм болон квант холбооны (quantum communication) аюулгүй байдал дээр ажиллаж, ирээдүйн 6G сүлжээнд квант нууцлалыг нэгтгэх судалгааг тэргүүлж байгаа ажээ.

Хятад Micius хиймэл дагуулыг 2016 оны наймдугаар сард хөөргөсөн бөгөөд энэхүү хиймэл дагуул нь дэлхийн анхны квант холбооны туршилтыг амжилттай гүйцэтгэжээ. Хиймэл дагуул болон газар дээрх станцуудын хооронд квант төлөвт суурилсан нууц түлхүүрийг амжилттай дамжуулсан байна. Хэрэв хэн нэгэн энэ мэдээллийг замаас нь “унших”-ыг оролдвол квант физикийн хуулиар мэдээлэл өөрчлөгдөж, халдлагыг шууд илрүүлэх боломжтой болдог байна. Дурдсан хиймэл дагуулын туршилт холын зайн рекордыг тогтоож, одоогоор 1,200 гаруй км-ийн зайд квант мэдээллийг амжилттай дамжуулж, дэлхийн дээд амжилтыг БНХАУ эзэмшиж байна. Төрийн өмчит Хятадын China Telecom, China Mobile дэлхийн хамгийн урт квант холбооны шугамыг Бээжин-Шанхайн хооронд байгуулж, санхүүгийн болон төрийн нууц мэдээллийг хакердах боломжгүйгээр дамжуулж эхлээд байгаа юм.

БНХАУ-ын өнөөгийн хүрсэн түвшинг дараах чиглэлүүдээр харж болохоор байна. Нэгд, Квант процессоруудын тухайд, Xiaohong чипийн тухайд 2024 оны сүүлээр Хятад улс өөрсдийн зохион бүтээсэн 504 кубит бүхий хэт дамжуулагч квант хагас дамжуулагчийг танилцуулсан. Энэхүү чип нь кубитийн ажиллах хугацаа болон алдааг илрүүлэх нарийвчлалаараа IBM зэрэг дэлхийн томоохон компаниудын түвшинд хүрсэн гэж үзжээ. Jiuzhang 3.0 нь Фотоны (гэрлийн) квант тооцооллын салбарт Хятадын эрдэмтэд 255 фотон илрүүлэх чадвартай систем бүтээсэн нь уламжлалт супер компьютероос сая дахин илүү хурдтай ажиллах боломжтойг харуулав. Zuchongzhi 3.2 нь 2025 оны сүүлээр Хятадын судлаачид хэт дамжуулагч системийн алдаанд тэсвэртэй (fault-tolerant) квант тооцооллын босгыг давсныг зарласан. Энэ нь АНУ-ын Google-ийн дараа энэ түвшинд хүрсэн дэлхийн хоёр дахь улс болгосон юм. Хоёрт, Практик хэрэглээ ба арилжааны хувьд “Wukong” систем нь Хятадын анхны арилжааны зориулалттай 72 кубитийн хэт дамжуулагч квант компьютер бөгөөд 2024 оны эхнээс ажиллаж эхэлжээ. Үүнийг дэлхийн 120 гаруй орны хэрэглэгчид үүлэн технологиор дамжуулан 250,000 гаруй даалгавар гүйцэтгэхэд ашиглаж эхэлжээ. Квант тооцооллыг лити батарейны хольцыг шалгах, хөхний хорт хавдрын оношилгооны нарийвчлалыг сайжруулах, авто зогсоолын ухаалаг систем зэрэгт туршиж, ашиглаж эхлээд байна.

Хятад улсын Засгийн газраас квант технологийн салбарт ойролцоогоор 15-17 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн нь АНУ болон ЕХ-ны орнуудаас илүү өндөр үзүүлэлтийг харуулсан хэрэг болов.

АНУ-д хувийн хэвшлийн Google, IBM тэргүүлдэг бол Хятадад төрөөс нэгдсэн бодлогоор Хэфэй зэрэг хотод “Квантын өргөн чөлөө” (Quantum Avenue) хэмээх аж үйлдвэрийн төвүүдийг байгуулан ажиллаж байна.

Хятад улс квант харилцаа холбооны салбарт дэлхийд тэргүүлж байгаа бол квант тооцооллын техник хангамжийн (кубитийн тоо, чанар) хувьд АНУ-тай зэрэгцэн ирээд байгаа ажээ. Гэхдээ квант програм хангамж болон алгоритм хөгжүүлэлтийн тал дээр АНУ-ын компаниуд одоогоор давуу талаа хадгалсаар байгааг тэмдэглэх хэрэгтэй.

БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг 2021-2025 онд хөгжүүлэх 14 дугаар таван жилийн төлөвлөгөөний хүрээнд квант технологийг стратегийн тэргүүлэх чиглэл болгон зарласан бол 15 дугаар таван жилийн төлөвлөгөөнд энэ технологийг лабораториос үйлдвэрлэл рүү шилжүүлж, бүрэн арилжаалахыг зорьж байгааг дээр тэмдэглэсэн билээ.

БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг 2026-2030 онд хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улс квант технологийг зөвхөн төрийн өмчит компаниуд биш, хувийн хэвшлийнхэн өргөнөөр ашиглах “Квант аж үйлдвэрийн экосистем”-ийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.

2026 оны байдлаар санхүүгийн үзүүлэлт ба зах зээлийн цар хүрээн дэх Хятадын квант тооцооллын салбар 2025 онд 11.56 тэрбум юань (1.61 тэрбум ам.доллар)-д хүрсэн бөгөөд жил бүр 30 хувиас дээш өсөлт үзүүлэхээр төлөвлөгдөж байна. Засгийн газраас “Үндэсний венчур чиглүүлэгч сан”-г байгуулж, квант технологийг гол санхүүжилтийн чиглэлээ болгожээ.

Хятад улс 2026 онд 1,000-аас доошгүй кубит бүхий квант хэмжилт, хяналтын системийг бүтээх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд Baidu (Liangyifu), Huawei (HiQ), Origin Quantum (Origin Sinan) зэрэг платформууд квант техник хангамжид зайнаас хандах боломжийг аж ахуйн нэгжүүдэд олгож эхэлсэн байна.

Хятадын CIQTEK компани лити батарейн түүхий эд дэх соронзон хольцыг 5 минутын дотор (ердийнхөөс 90 хувь хурдан) илрүүлдэг квант төхөөрөмжийг CATL, Gotion High-Tech зэрэг батарей үйлдвэрлэгчдэд нийлүүлж эхэлжээ.

Эдийн засаг, нийгмийг 2026–2030 онд хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний эхний үе шатанд санхүү, эрчим хүчний салбарт төрөөс дэмжсэн туршилтын төслүүдийг эхлүүлж, дунд ба сүүлчийн шатанд аж үйлдвэрийн хэмжээний хэрэглээг дэмжих зорилгоор үндэсний хэмжээний квант тооцооллын нэгдсэн суурь ба дээд бүтцийг байгуулж дуусгах ажээ.

Хятадын квант тооцооллын тэргүүлэгч компаниуд ба тэдгээрийн чиглэлээс дурьдвал Origin Quantum (本源量子) нь квант тооцоолол, амжилт нь Хятадын анхны арилжааны квант компьютер “Wuyuan”-ийг бүтээжээ. QuantumCTek (国盾量子) нь квант холбоо, амжилт нь дэлхийн хамгийн урт квант нууцлалтай холбооны шугамын тоног төхөөрөмжийг нийлүүлэгч болж байна. CIQTEK (国仪量子) нь квант хэмжилт, амжилт нь алмазан азотын сул орон зайн (NV center) технологид суурилсан квант микроскоп үйлдвэрлэгч юм. TuringQ (图灵量子) компани нь квант фотоник, амжилт нь гэрлийн бөөм (фотон) дээр суурилсан квант чип болон тооцооллын систем боловсруулагч ажээ. Baidu & Alibaba нь cloud квант бөгөөд амжилт нь өөрсдийн дата төвүүддээ квант тооцооллыг нэгтгэж, үүлэн үйлчилгээ үзүүлэгч юм.

Квант чип нь ердийн цахиурын чипээс ялгаатай бөгөөд Хятад улс энэ салбарт “бие даасан байдал”-ыг чухалчилж байна. Тухайлбал, Хятад улс супер дамжуулагч (Superconducting) болон фотоник (Photonic) гэсэн хоёр үндсэн чиглэлээр чип бүтээж байгаа юм. “Wukong” нэртэй 72 кубитийн супер дамжуулагч квант чипийг бүрэн дотооддоо үйлдвэрлэж, арилжааны системд нэгтгэжээ. Анхны квант чип үйлдвэрлэх тусгай шугамыг Хэфэй хотод байгуулжээ. Энэ нь ердийн чип үйлдвэрлэх дамжлагаас өөр бөгөөд маш бага температур (milli-Kelvin) болон туйлын цэвэр орчин шаарддаг байна. Квант чип загварчлахад ашигладаг “OriginQ Q-EDA” программ нь Хятадын анхны дотоодын программ бөгөөд гаднын технологийн хамаарлыг бууруулах зорилготой юм.

Квант тооцоолол нь аюулгүй байдлын салбарт хоёр талтай илд мэт нөлөө үзүүлэхээр байна. Энэ нь одоогийн хамгаалалтыг эвдэх аюултай боловч, ирээдүйд “эвдэгдэшгүй” шинэ хамгаалалтыг бий болгох боломжтой юм. Өнөөдөр бидний интернэт банк, и-мэйл, сошиал хаяг зэрэг бүх зүйл маш том тоонуудыг үржүүлэхэд суурилсан математик алгоритмаар жишээ нь RSA хамгаалагддаг.

Энгийн супер компьютер эдгээр кодыг тайлах гэж олон мянган жил зарцуулах байсан бол квант компьютер хэдхэн хормын дотор тайлж чадна.

“Одоо цуглуул, дараа тайл” (Harvest Now, Decrypt Later) гэсэн зарчим баримтлан зарим хакерууд өнөөдөр тайлж чадахгүй байгаа нууцлалтай мэдээллүүдийг ирээдүйд квант компьютер гарч ирэхэд тайлах зорилгоор одооноос “хулгайлан” хадгалж эхлээд байгаа ажээ.

Эрсдэл буй болохын зэрэгцээ түүнийг эсэргүүцэх шинэ аргууд хөгжиж байдаг. Квант түлхүүр түгээлт (QKD) нь гэрлийн буюу фотоны бөөмс ашиглан мэдээлэл дамжуулах арга юм. Хэрэв хэн нэгэн мэдээллийг дундаас нь “тагнах” эсвэл хэмжих гэж оролдвол квант физикийн хуулиар мэдээлэл нь шууд өөрчлөгдөж, тагнаж буйг илрүүлдэг байна.

Квантын дараах криптограф (Post-Quantum Cryptography) нь квант компьютерт ч тайлагдахгүй маш нарийн төвөгтэй шинэ математик алгоритмуудыг одооноос стандартчилан нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.

Хэрэглээний гол салбаруудын хувьд банкны гүйлгээ болон харилцагчийн мэдээллийг илүү найдвартай шифрлэх, төрийн нууц болон бусад улсын нууц мэдээлэл, цэргийн харилцаа холбоог “эвдэгдэшгүй” болгох чиглэлтэй.

Квант компьютерын эрин үед таны хувийн мэдээллийг хамгаалахын тулд технологийн компаниуд одооноос "бэлтгэл" базааж эхэлсэн. Таны өдөр тутмын хэрэглээнд дараах өөрчлөлтүүд гарна. “Квантын дараах” шифрлэлт (Post-Quantum Cryptography) нь одоогийн нууц үг, банкны картын мэдээллийг хамгаалдаг математик алгоритмуудыг квант компьютер ч тайлж чадахгүй илүү төвөгтэй шинэ алгоритмуудаар солигдоно. Жишээ нь: Google Chrome болон Apple-ийн iMessage аль хэдийн квантын дараах хамгаалалтын зарим хэлбэрийг ашиглаж эхлээд байна. Таны апп-ууд шинэчлэгдэх үед энэ хамгаалалт автоматаар суугдах ажээ.

Хэрэв квант компьютер өнөөдрийн бүх нууцлалыг эвдчихвэл дэлхийн санхүүгийн систем бүхэлдээ нурах аюултай. Тиймээс Apple, Google, Microsoft зэрэг том компаниуд “Квантын дараах стандарт”-ыг (NIST-ийн стандарт) нэвтрүүлэхээр уралдаж байна.

XXI зууны гурав дахь арван жилд БНХАУ өөрийн сансрын байнгын станц “Tiangong”-г тойрог замд бие даан байршуулж, 2021 оны хоёрдугаар сард Ангар гариг дээр “Tianwen-1” гариг хоорондын станц, 2024 оны гуравдугаар сард хүн төрөлхтний харж үл чадах дэлхийн цорын ганц дагуул Сарны цаад талд Chang’e-6 аппаратыг амжилттай буулгаж, 2016 онд дэлхийд хамгийн томд тооцогдох 500 метрийн радио телескоп “Tianyan” дуран авайг ашиглалтад оруулж, квант компьютерын хөгжүүлэлтэд үлэмж амжилт гаргаад байна.

Ногоон хөгжил, дижитал оюуны эдийн засгийн хөгжлийн шинэ үе шатанд ОХУ газрын тос, байгалийн хийн “хүчээр түрээ” барьсан эрчим хүчний дипломаси явуулж буй бол, Монгол Улс чулуун нүүрсний экспортоо хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байх цаг дор Өрнө дахин болон өмнөд хөршид эрчим хүчний цоо шинэ, шавхагдашгүй шинэ эх сурвалж, AI, квант технологийн хөгжүүлэлтийн бодит амжилтаар Шинэ эрин үетэйгээ эн зэрэгцэн урагшилж байна.