"2026-2027 оны хичээлийн жилд цэцэрлэг болон хувийн хэвшлээс 376 анги түрээсэлнэ"
Баянгол дүүргийн Оюуны Ундраа цогцолборын 96 дугаар сургуульд өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон бусад албаны төлөөлөл ажиллалаа.
Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны ундраа сургууль нь Монгол хүүхэд залуусыг ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх сургуулийнхаа бүтцийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөв.
Оюуны ундраа сургуульд 42 бүлэг байгааг ирэх хичээлийн жилээс 34 бүлэг болгон бууруулж, хоёр ээлжээр хичээллэдэг байсан бол зөвхөн нэг ээлжээр хичээллэж, төрөлжсөн ахлах сургууль болгон хөгжүүлэх зорилго тавиад байгаа аж.
Байгалийн ухааны, нийгмийн ухааны, хүмүүнлэгийн, мэдээллийн технологийн зэрэг төрөлжсөн 12 ахлах сургуулийг энэ хичээлийн жилд байгуулна
Тухайлбал Баянгол дүүрэгт Байгалийн ухаан, математикийн төрөлжсөн ахлах сургуулийг байгуулж, энэ чиглэлээр мэргэших хүсэлтэй сурагчид төрөлжсөн ахлах сургуульд их сургуулийн анхан шатны түвшний хичээлийг ахлах ангидаа гүнзгийрүүлэн үзэх боломжтой болно. Яг энэ жишгээр нийслэлд байгаа сургуулиудыг төрөлжсөн ахлах сургууль болон хотхоны бага сургуультай болох санаачилгыг төр бодлогоор дэмжин ажиллах юм байна.
Мөн хотхоны бага сургуулийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой. Хүүхэд гэрт ойрхон сургуульдаа сурснаар Нийслэлийн түгжрэлийг 20 хувь болон түүнээс дээш бууруулах бүрэн боломжтой.
Гэрт ойрхон сургууль, хамгийн сайн сургууль байх ёстойг Боловсролын сайд Л.Энх-Амгалан онцолж байна. Гэрт ойрхон сургууль хамгийн сайн тогтолцоотой, хамгийн сайн хөтөлбөртэй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
Сургуулиудын ачааллыг бууруулахтай холбогдуулан байгалийн ухааны, нийгмийн ухааны, хүмүүнлэгийн, мэдээллийн технологийн зэрэг төрөлжсөн 12 ахлах сургуулийг энэ хичээлийн жилд байгуулна. Ингэхдээ Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн өмчийн таван сургууль, их сургуулийн зургаан лицейг төрөлжсөн ахлах сургууль болгоно. Нэмээд зургаан дүүрэгт нэг нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулна.
Дунд, урт хугацаандаа манай улсын сургуулийн насны хүүхдийн тоо 2030 он хүртэл өсөх хандлагатай байна. Оргил өсөлт 2028-2029 онд байхаар байгаа тул тухайн үед сургуулийн хомсдол, анги дүүргэлтийн асуудал давтагдана.
Өсөлтийн дийлэнх хувь 6-аас дээш ангид гарах төлөвтэй байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс энэхүү өсөлтөд бэлтгэлтэй байж, сургуулийн хүртээмжийг тэгш, хангахад анхаарах нь чухал байгаа тул төрөлжсөн ахлах сургууль болон гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль бодлогуудыг хэрэгжүүлж байна гэж Боловсролын Яамнаас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
