Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Парист зохион байгуулагдаж буй технологийн чуулганд оролцох үеэрээ Амазон компанийн үүсгэн байгуулагч Жэф Безос хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаах биш, харин шинэ ажлын байр бий болгохыг хэлсэн байна.

Тэрбээр хиймэл оюунт машинууд хүмүүсийн ажил үүргийг булаах вий гэсэн болгоомжлолын талаар байр сууриа илэрхийлэхдээ ийм таамаг дэвшүүлжээ.

“Хиймэл оюун ухаан хүмүүсийг ажилгүй болгоно гэдэгт маш олон хүн, тэр дундаа олон ухаалаг хүн санаа зовж байгааг би мэдэж байна. Би энэ үзэл бодолтой огт санаа нийлэхгүй. Харин ч эсрэгээрээ хиймэл оюуны хөгжил ажиллах хүчний хомсдол бий болгоно гэж би үзэж байна” гэж тэр хэлсэн юм.

Безосын үзэж байгаагаар хүмүүсийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлд нь саад учруулж буй зүйлсээс зөвхөн технологи ангижруулж чадах гэнэ.

Тэрбээр өөрийн шинээр эхлүүлсэн хиймэл оюуны Prometheus төслийн талаар ярихдаа ирээдүйн нийгмийн талаар ийм өөдрөг үзэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Безосын энэ төсөл физик үйлдвэрлэлийн үйл явцыг автоматжуулахад төвлөрч байгаа юм байна.

Амазоны үүсгэн байгуулагч Европын хамгийн том технологийн экспо VivaTech Paris арга хэмжээнд оролдохдоо бас сансрын ирээдүйн талаар байр сууриа хуваалцжээ.

Безос сансар судлалыг “эрэлт хязгаарлагдмал биш, нийлүүлэлт хязгаарлагдмал салбар” гэж тодорхойлоод сансрын уудмыг эзэмших нь хүн төрөлхтний ирээдүйн хөгжлийн хамгийн том саад тотгор хэвээр байгааг хэлсэн байна.

Тэрбээр сарыг хүн төрөлхтөн дэлхийгээс гадагш тэлэх эхлэлийн байгалиас заяасан цэг гэж дүгнэжээ.

“Бид зөвхөн зочлохоор биш, үлдэхээр сарыг зорих болно” гэж тэр хэлсэн байна.

Безос сансрын аяллын Blue Origin компанийг үүсгэн байгуулсан. Тус компани тавдугаар сард Флорида мужийн Канавералын хошуунаас туршилтын New Glenn пуужингаа хөөргөхөөр бэлдэж байсан ч суурин дээрээ дэлбэрсэн юм.

“Энэ бол бидний хувьд том цохилт болсон. Гэхдээ тэр ослоос хойш бид үнэхээр их азтай байгаа” гэж Безос энэ талаар ярьжээ.

Дэлбэрэлтийн үеэр хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, солиход удаан хугацаа шаардагдах хөөргөх хэсгийн чухал эд ангиуд бүрэн бүтэн үлдсэнийг тэр мэдээлсэн байна.

Гэмтлээ сэргээн засварласнаар оны эцэст дахин хөөргөх боломжтой болох гэнэ.

Blue Origin нь арилжааны сансрын нислэг, сар судлал зэрэг хэд хэдэн салбарт Илон Маскийн SpaceX компанитай өрсөлдөж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC