АНУ-ын яриа хэлэлцээг хэрхэн мэдээлэх талаар Ираны засгийн газар төв телевизтэйгээ олон нийтийн өмнө маргалдав
АНУ-тай хийж буй дайны асуудлаар Ираны дээд удирдлагын дотор санал зөрөлдөөн байгааг харуулсан үйл явдал саяхан болжээ.
Тухайлбал АНУ-тай хийж буй дайн, яриа хэлэлцээг хэрхэн мэдээлэх тал дээр Ираны засгийн газар, Ираны төв телевиз хоёрын хооронд маргаан дэгдсэн байна.
Баасан гарагт тус улсын Засгийн Газрын Хэвлэлийн Зөвлөл энэ долоо хоногийн эхээр Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкианы хэлсэн үгийн зарим хэсгийг нийтэд үзүүлээгүй гэж төрийн төв телевизийн суваг IRIB-ийг буруутгажээ.
Ираны шашны дээд удирдагч захирлыг нь томилдог IRIB суваг Бямба гарагт хариу мэдэгдэл гаргахдаа засгийн газрын шүүмжлэлийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна.
Ингэхдээ өөрийгөө “улс орны удирдлагын түвшнээс хоёрдмол, бодит бус, буруу санаа бодол гарахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй” гэж тодорхойлжээ.
Пезешкиан хэлсэн үгэндээ өнгөрсөн онд Израильтай хийсэн 12 өдрийн дайны дараа дээд удирдагч агсан Аятолла Али Хамени олон нийтийн өмнө ярихдаа Вашингтонтой яриа хэлэлцээ хийхгүй гэж хэлсэн ч хаалттай ярихдаа зөвшөөрөл өгснийг дурссан байна.
“Бид хүндэт удирдагч дээр очиж, нөхцөл байдлыг тайлбарлаж, цаашдаа юу хийх ёстойг асуусан. Ингэхэд тэр яриа хэлэлцээ эхлүүлэхийг зөвшөөрсөн. Түүний өгсөн зөвшөөрлийн дагуу бид яриаг эхлүүлж байв” гэж тэр ярьжээ.
Гэвч төв телевизийн суваг ерөнхийлөгчийн ярианы энэ хэсгийг гаргалгүй хассан юм байна.
Энэ сарын эхээр Ираны хэлэлцээрийн ахлагч, парламентын спикер Мохаммад Багер Галибафийн өгсөн ярилцлагыг төрийн төв телевиз бас засварлаж, хассаныг, энэ долоо хоногийн эхээр ерөнхийлөгчийн санааг дэмжиж ярьсан шүүхийн тэргүүн Голам Хоссейн Мохсени Эжейний ярилцлагыг бүтнээр нь хассаныг Засгийн Газрын Хэвлэлийн Зөвлөл мэдэгдэлдээ дурджээ.
Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи бас IRIB сувгийг шүүмжилж, АНУ-ын үзэгчид, бодлого боловсруулагчдад өөрийн хатуу байр суурийг хүргэх зорилготой байсан ярилцлагыг нь бүрэн дамжуулаагүй хэмээн буруутгасан байна.
Арагчи мөн АНУ-тай өнгөрсөн сард байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг дээд удирдагч Можтаба Хаменид “хүчээр тулгасан” гэх хатуу чиг шугам баримтлагчдын яриаг энэ үеэр няцааж, одоогийн нөхцөл байдалд хамгийн сайн тохирох тохиролцоо байсныг тайлбарласан байна.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр саяхан АНУ-тай хийх яриа хэлэлцээний асуудлаар болсон Ираны засгийн газрын хуралдааны үеэр ерөнхийлөгч Пезешкиан, IRIB сувгийн захирал Пейман Жебели нар нэлээд ширүүн маргасан гэнэ.
Жебелийг 2021 онд дээд удирдагч агсан Али Хамени одоогийн албан тушаалд нь томилж байсан юм.
Энэ бүхнээс Ираны удирдлагын түвшинд шинэчлэгчид болон хуучинсаг хэсгийн хооронд санал зөрөлдөөн байгаа нь илт харагдаж байна.
Эх сурвалж: Aljazeera
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

