50 жилийн өмнө уул уурхайн хот болон байгуулагдсан Эрдэнэт өнөөдөр 106 мянган хүн амтай, Монгол Улсын ДНБ-ий 4.6 хувийг үйлдвэрлэдэг эдийн засгийн томоохон төв болжээ. Ази тивийн шилдэг 10 уурхайн нэг энд ажиллаж, нэг хүнд ногдох ДНБ 38.8 сая төгрөгт хүрсэн бол хүн амын 64 хувь нь залуучууд байна.
Эдгээр болон Орхон аймгийн хөгжил, эдийн засаг, хүн ам, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, түүх, соёлын талаарх онцлох статистик мэдээллийг хүргэж байна.
Санамж: Уг мэдээнд ашигласан гэрэл зургууд нь Эрдэнэт хотын 2016 оны үеийг харуулсан архив зургууд болно.
XX зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот нь 1976 оны нэгдүгээр сарын нэгэнд байгуулагдаж Монгол Улсын гурав дахь том хот болсон түүхтэй.
Орхон аймаг нь 2017, 2018, 2019, 2021/Манлайлагч аймаг/, 2022, 2023 онд Монгол Улсын шилдэг болон аймаг болж байжээ.
Орхон аймаг нь Улаанбаатар хотоос 371 км-ын зайд байрладаг бөгөөд Булган, Сэлэнгэ аймагтай хиллэдэг. Далайн төвшнөөс дээш 1200 метрт өргөгдсөн, 84.4 мянган га газар нутагтай. Газар нутгийн 53.7 хувийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 24.1 хувийг хот суурин газар, 18.9 хувийг ойн сан бүхий газар, 1.4 хувийг зам, шугам, сүлжээ, 0.3 хувийг усны сан бүхий газар эзэлдэг байна.
Эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө -32.9 хэм хүйтэрч, зундаа +32.9 хэм хүртэл халдаг. Хур тунадас их унадаг.
1994 онд нутаг дэвсгэр, засаг, захиргааны нэгжийн өөрчлөлтөөр Орхон аймаг болж Баян-Өндөр, Жаргалант гэсэн хоёр сумтай болсон байна.
Монгол Улсын төв хэсэгт орших Жаргалант сум нь Орхон аймаг, Эрдэнэт хотоос зүүн тийш 25 км зайд байрладаг бөгөөд Хангайн бүсийн Бүрэнгийн нурууны баруун урд үзүүрт Дарист, Бөхөн, Хөшөөтийн нуруудын хооронд Хангал голын сав дагуу оршдог. Орхон аймгийн хөдөөгийн ганц сум аж.
Тус сум нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг холбосон төмөр зам, Монгол Улсын хэвтээ тэнхлэгийн дагуух А1001 хатуу хучилттай авто зам, төвийн эрчим хүчний өндөр хүчдэлийн шугам, үүрэн холбооны бүх сүлжээнд тус тус холбогдсон нь эдийн засаг, дэд бүтцийн хувьд тааламжтай орчинд байдгаараа бусад аймгийн сумдаас онцлог давуу талтай.
Тус сумын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь эрчимжсэн болон уламжлалт мал аж ахуй, газар тариалангийн салбараар тодорхойлогдог байна.
Жилдээ 26 сая тонн зэс, молибдены баяжмал, уурхайн тэсэлгээний бодис үйлдвэрлэх болон зэсийн хүдэр бутлах ган бөмбөлгийн үйлдвэр ажилладаг. Мөн өнгөт металлын, хүнсний, мод боловсруулах, хивсний зэрэг хөнгөн үйлдвэрүүдтэй.
Дараах чиглэлийн томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
2025 онд аж үйлдвэрийн бүх салбарын хөдөлмөрийн бүтээмж өмнөх онуудаас нэмэгдсэн бөгөөд өсөлт хамгийн их нь уул уурхай, олборлолтын салбарт ажиглагдаж байна.
Орхон аймгийн эдийн засгийн голлох салбар нь уул, уурхайн олборлох үйлдвэр бөгөөд Ази тивд тэргүүлэх 10 уурхайн тоонд багтдаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2025 онд 582.5 мянган тонн зэсийн баяжмал, 5.5 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэсэн. Тус үйлдвэрийн эхний ээлж 1978 оны 12-р сарын 14-ний өдөр ашиглалтад оржээ.
2025 оны урьдчилсан дүнгээр Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 4.6%, хангайн бүсийн 43.0% болох 4131.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.
Орхон аймгийн нэг хүнд 38.8 сая төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн ногдож байна. ДНБ-ийг салбараар авч үзвэл 2025 онд ХАА, ан агнуур, ойн аж ахуйн салбар 1.5%, аж үйлдвэр, барилгын салбар 84.2%, үйлчилгээний салбар 14.3%-ийг тус тус эзэлж байна.
Өдгөө 106 мянган оршин суугчтай, хүн амын тоогоороо улсдаа тавдугаарт ордог.
Нийт 30,500 өрх айл амьдарч байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 2.2 хувь буюу нийт хүн амын 63.9 хувийг залуучууд эзэлдэг байна.
Орхон аймгийн нийт хүн амын дундаж наслалт 74 байна. Эрэгтэйчүүдийнх нь дундаж наслалт 73 байгаа бол эмэгтэйчүүдийнх нь 84 байна.
2025 онд 1,741 хүүхэд төрсөн ба Алдарт эхийн I одонтой 1,469, II одонтой 5,594 ээж байна.
Эрдэнэт хотод хөдөлмөрийн насны 60,223 хүн байна.
2025 онд хөдөлмөрийн насны 100 хүнд дунджаар 58.4 хүүхэд, ахмад настан ногдож байгаа бөгөөд үүний 48.7 нь хүүхэд, 9.7 нь 65 ба түүнээс дээш насныхан байна. Ахмадын ачаалал өмнөх жилүүдээс тогтвортой өсөж байгаа нь хүн амын насжилт эрчимжиж буйг харуулж байна.
2025 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогын дүнгээр Орхон аймгийн хэмжээнд 169,590 толгой мал тоологдсон ба улсад 11-р байрт жагсаж байна.
Нийт 1,128 малчин өрх байгаа ба нэг малчин өрхөд 26 толгой адуу, 33 толгой үхэр, 52 толгой хонь, 38 толгой ямаа ногдож байна.
2025 онд нийт 5,731.7 га талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо тариалжээ.
Орхон аймаг нь эрүүл мэндийн салбарын хувьд төвийн бүсийн аймгуудыг хамарсан Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй Булган, Дархан, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл зэрэг аймгуудын иргэдэд эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг үзүүлдэг байна.
Нийт 85 эрүүл мэндийн байгууллагад 479 их эмч, 507 сувилагч ажилладаг ба тус аймагт нэг эмчид 222 хүн, нэг сувилагчид 210 хүн ногдож байна.
Тус аймагт нийт 24 ЕБС-ийн сургууль байдаг ба 27,926 суралцагчид суралцаж байгаа бол 38 цэцэрлэгт 8,591 хүүхэд хамрагдаж байна.
Түүнчлэн ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургууль, Монгол Улсын Их Сургууль, Улс төрийн академи, Маргад дээд сургууль зэрэг их, дээд сургууль ажилладаг байна.
Эрдэнэт хот Зам тээвэр, мэдээлэл харилцаа холбоо, дэд бүтэц сайтай аймгуудын томоохон төлөөлөл. ОХУ, БНХАУ-тай төмөр замаар холбогдсон. Мөн нийслэл Улаанбаатар болон аж үйлдвэрийн томоохон хот болох Дархантай төмөр зам болон авто замаар холбогдсон бөгөөд УБ-аас Булган Хөвсгөл чиглэлд мянганы замаар дамжин өнгөрдөг дэд бүтэцэжсэн газар юм.
Орхон аймагт буддын долоон хийд, христийн 15 сүм, исламын нэг сүм үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Орхон аймагт 2025 онд 1,079 гэмт хэрэг бүртгэгдсэн ба хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /366/ болон залилах, хөрөнгө завших гэмт хэрэг /324/ хамгийн их бүртгэгджээ. Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 419 хүн гэмтэж, 28 хүн нас барсан байна. Харин гэмт хэргийн улмаас 3.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Найрамдал өндөрлөг
Тус дурсгалын цогцолбор нь Монгол, Зөвлөлтийн хамтын ажиллагаа, найрамдлыг бэлгэдсэн түүхэн дурсгал юм. Цогцолборыг байгуулах шийдвэрийг 1981 онд гаргаж, 1986 онд шавыг тавьж, 1987 онд бүрэн ашиглалтад оруулжээ. Уг өндөрлөгийн гол бэлгэдэл болох аварга араа нь хоёр орны хамтын хүч хөдөлмөрөөр бүтсэн их бүтээн байгуулалтыг илэрхийлдэг байна. 2010-2015 онд сэргээн засварлаж, Монгол-Оросын найрамдал, уурхайчдын эв нэгдэл, хөдөлмөрийг дүрсэлсэн уран чимэглэлээр баяжуулан тохижуулжээ.
Өндөрлөгийн өмнө "Найрамдал-Дружба" гэсэн бичээс байдаг бөгөөд өндөрлөгийг тойруулан хийсэн дугуй талбайд сандал байрлуулж, цогцолборын эргэн тойронд түүхэн үйл явдлын зураг, чимэглэл бүхий самбарууд босгож, мод тарьж цэцэрлэгжүүлэлт хийж тохижуулсан байна.
К. Марксын хөрөг
Уг хөргийг 1982 онд зөвлөлтийн уран бүтээлчид өнгөт чулуугаар шигтгэн урлажээ. К. Марксыг "Коммунизмын эцэг" гэж нэрлэдэг байсан бөгөөд тэрээр сурган хүмүүжүүлэгч байсан. Марксын хөргийн дор "Марксын сургаал үнэн зөв учраас хамгийн хүчтэй сургаал мөн." В.И.Ленин гэсэн гарын үсэг бий.
К.Марксын хүндэтгэлийн дурсгалт хөрөг нь тухайн үед Медьмолибденстрой удирдах газрын соёл олон түмний ажил зохион байгуулагддаг байсан шар тоосгон байрны / одоогийн Баян-Өндөр сумын Зэст багийн 21-р байр/ нүүрэн талын ханан дээр байдаг.
А.Амарын хөшөө
Орхон аймгийн нутгийн удирдлагын ордны өмнө байдаг эл хөшөө нь Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Гадаад яамны түшмэл, Дотоод ба аж ахуйн яамны сайд, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга зэрэг албыг хашиж улс орноо батлан хамгаалах хүчнийг зузаатгах, хөрш орнуудтай найрсаг харилцаатай байх зэрэг бодлогыг баримталж, үндэсний ардчилсан чиг шугамыг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэж явсан эрхэм болох Агданбуугийн Амарын үйл хэрэгт талархан эх орныхоо төлөө зүтгэж явсан түүхэн үйл явдлыг нь бэлгэдэн босгожээ.
Улаанбаатар хотын нэгэн гудамж болон Булган аймгийн бугат сумын сургуулийг түүний нэрэмжит юм. Харин төрсөн нутагт нь энэхүү хүрэл хөшөөг босгосон байна. Хөшөөг 1994 онд монументаль чимэглэлийн үйлдвэрийн уран барималч Б.Хийморийн загвараар хийжээ.
Орхон аймагт дээрх хөшөө дурсгалуудаас гадна "В.И.Лениний хүндэтгэлийн хөрөг", "Уурхайчдын хөшөө", "Таван цагираг хөшөө", "Ялалтын хөшөө", "Анхдагч илгээлтийн эздийн хөшөө", "Жанжнуудын хөшөө" зэрэг социализмын үеэс үлдсэн Эрдэнэт хотын түүхэн хөгжил, соёлыг илтгэсэн 20 гаруй хөшөө дурсгалууд болон ханын шигтгэмэл зургууд олон байдаг байна.
Орхон аймагт 6,500 хүний суудалтай, 400 метрийн гүйлтийн зам, 6 эгнээ тойрог зам, 100 метрийн гүйлтийн замтай "Эрдэнэт" цэнгэлдэх хүрээлэн, 1,100 хүний хүчин чадалтай соёл спортын "Хангарди цогцолбор", Арт галерей болон соёл урлагийн олон танхимтай 580 хүний суудалтай "Уурхайчин" соёлын ордон, 326 хүний суудалтай "Эрдэнэт Өргөө-4" кино театр зэрэг байдаг.
Мөн "Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолбор", "Ёс заншлын цогцолбор", "Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн", "Чулуун хүрхрээ", "Хөгжимт усан оргилуур", "Гэрэлт гудамж", "Бурхан багшийн сэрэг дүр" цогцолбор, "Жаргалант сумын цэцэрлэгт хүрээлэн" зэрэг олон соёл, амралтын газар, цогцолборуудтай байна.
Орхон аймагт 360 гаруй булш, хиргисүүр, тахилын онгон, зэл чулуут дурсгал байдгаас 290 нь Жаргалант суманд, үлдсэн нь Баян-Өндөр суманд бий. Жаргалант сумын нутагт байрлах, уулын орой хэсгээр морины дэл мэт хадтай уулыг “Дэл хад” хэмээдэг. Түүний энгэр бэл орчим болон орой хэсгээр Хүрэл төмрийн /МЭӨ 1-3-р/ холбогдох хиргисүүр соёлын дурсгал олон бий.