Хакүгэцүро А.Сүхбат ЖОНИДАН зиндаанд түрүүллээ
Мэргэжлийн сүмогийн 13 дахь өдөр үргэлжилж байна. Энэ өдөр нэмэлт барилдаан гараагүй тохиолдолд доод зиндааны түрүү бөхчүүд тодордог билээ. Одоогоор жонокүчи болон жонидан зиндаанд түрүүлсэн бөхчүүд тодроод байна.
Жонокүчид нэг ч унаагүй 18 настай Какизоэ түрүүлсэн бол жонидан зиндаанд Хакүгэцүро А.Сүхбат мөн л долоон даваатай түрүүллээ. Ирэх аравдугаар сард 25 нас хүрэх А.Сүхбат өнгөрсөн тэмцээнд жонокүчид мөн нэг ч унаагүй түрүүлсэн билээ.
Ингэснээр тэр мэргэжлийн сүмод орсон эхний хоёр тэмцээндээ дараалан түрүүлснээр ирэх есдүгээр сард доороосоо гуравдугаарт бичигддэг санданмэ зиндаанд барилдахаар болж байна.
Жонидан зиндаанд сүүлийн өдөр түүнээс гадна Наказава, Асахабатаки нар зургаан даваатай тэргүүлэгчдийн эгнээнд явж байсан юм. Гэхдээ А.Сүхбат Наказаваг ялсан бол Асахабатаки доод зиндааны түрүү бөх Какизоэд ялагджээ.
Манай сүмочдын амжилт үүгээр дуусаагүй. Санданмэ зиндаанд Тэншёояма Г.Отгонбат мөн долоо даваад буй. Тэрбээр сүүлийн өдөр тэргүүлэгчдийн эгнээнд явж байсан Охатаг ялаад цагтаа жюүрёо зиндаанд түрүүлж байсан Точимүсашитай нэмэлт барилдаан хийхээр болжээ.
Макүшитад тэргүүлж байгаа Набатамэ маргааш давбал энэ тэмцээний ялагч болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
