Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол насан туршид нь жолоодох эрхийг хасах хуулийн төсөл өргөн барина гэж мэдээллээ
Сүүлийн таван жилд улсын хэмжээнд 20 мянга гаруй авто тээврийн осол гарч 2,000 гаруй хүн амь насаа алдсанаас 270 орчим нь бага насны хүүхэд байсан бөгөөд авто ослын ихэнх нь орон нутгийн замд гарчээ.
Иймд Тээврийн цагдаагийн газар, Орон нутгийн засаг захиргаанд Монгол Улсын босоо, хэвтээ тэнхлэгийн авто замын камерын хяналтыг сайжруулж, тоог нэмэгдүүлэх, нийслэл, аймаг орон нутгийн камерын хяналтыг нэгдсэн удирдлагад оруулахаар төлөвлөжээ.
Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн тоо буурахгүй байгаа учраас согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон аливаа үйлдэлд хатуу хариуцлага тооцуулж, насан туршид нь жолоо барих эрхийг хасдаг байх тухай хуулийн төслийг өргөн барина гэж ХЗДХ-ийн сайд мэдээлэв.
Жил бүр 50-60 мянган жолооч шинээр хөдөлгөөнд оролцохоор жолооны курс төгсөж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.7 сая орчим жолооч бүртгэгджээ.
Улаанбаатар хотын хэмжээнд замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх зориулалттай хиймэл оюун ухаанд (AI) суурилсан 2,606 камер 176 уулзвар, гарцад суурилуулж, замын хөдөлгөөний нийт 10 төрлийн зөрчлийг автоматаар илрүүлэх хүчин чадалтай байна. Харин нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглагдаж буй теле хяналтын системийн нийт 6,377 камер ажиллагаанд байгаагаас 4,113 нь нэгдсэн болон дэд төвүүдэд холбогджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

