Б.Баяржаргал: Ховд аймагт хэсэгчилсэн хөл хорио тогтоосон

Д.Янжиндулам, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сарын 24-нд Ховд аймгийн нутагт тарваган тахлаар хүн өвдсөн нь батлагдаад буй. Харин тухайн тохиолдлын нэгдүгээр хавьтал 12 хүний PCR шинжилгээ сөрөг гарчээ.

Тус аймагт хөл хорио тогтоох эсэх талаар Ховд аймгийн ЗӨСТ-ийн дарга Б.Баяржаргал Newkhovd.mn сайтад өгсөн мэдээлэлдээ "Нян судлалын шинжилгээгээр тухайн иргэн нь тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвдсөн нь тогтоогдсон. Өвчтөний биеийн байдлын хувьд гарын шарх хагас эдгэрсэн тухай мэдээллийг өгч байна.

ЗӨСҮТ-өөс тарваган тахлын үед хэрхэн ажиллах заавраар хангаж ажилладаг. Тарваган тахлын булчирхайн хэлбэрийн үед хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоож, нэгдүгээр хавьтлын иргэдийг цагдаагийн алба хаагчдын хяналт дор гэрт нь тусгаарласан байгаа.

Тарваган тахлын булчирхайн хэлбэрийн үед нийтийг хамарсан хөл хорио тогтоохгүй" гэв.

Хүн тарваган тахлын халдвартай амьтан, түүний эд эрхтэн, мах, арьс ширтэй харьцах, мөн халдвартай бүүрэгт хазуулах зэргээр халдвар авах эрсдэлтэй.

Тарваган тахал нь хүнд халдварлавал хүнд явцтай, амь насанд аюултай өвчин юм.

Иймд тарвага агнахгүй байх, тарваганы мах, түүхий эдтэй харьцахгүй байх, сэжигтэй тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах нь халдвараас сэргийлэх хамгийн чухал арга, Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвийн(ЗӨСҮТ) 70282853 дугаарын утсанд хандахыг зөвлөв.