М.Эрхэмбаатар: Ээж, аавын хүү байсан бол одоо эх орны хүү боллоо
Дотоодын цэргийн байгууллагад 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдсан хугацаат цэргийн алба хаагчдын "Тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээ" өчигдөр Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд боллоо.
Цэргийн тангараг нь цэргийн албан хаагчийн эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн андгай бөгөөд Монгол Улсаа батлан хамгаалах асар их үнэ цэн, үүрэг, хариуцлага хүлээлгэсэн итгэл найдвар бөгөөд цэргийн албанаас өөрийгөө олж таних, алсын хараа ирээдүйгээ тодорхойлох, эх оронч үзлээр төлөвших, тэсвэр хатуужилтай болох олон эрхэм чанарыг эзэмших юм.
"Аавынхаа хүслийг биелүүлж байгаадаа баяртай байна"
Энэ талаар Тангараг өргөсөн хугацаат цэргийн алба хаагч М.Эрхэмбаатарын сэтгэгдлийг сонслоо.
- Сая Тангаргаа өргөлөө. Ямар мэдрэмж төрж байна вэ?
- Гоё байна. 45 хоногийн хугацаанд сурсан мэдсэн бүх зүйлээ гэрийнхэндээ үзүүлсэн нь хамгийн сайхан байлаа. Ялангуяа аавынхаа хүслийг биелүүлж байгаа болохоор баяртай байна. Аав минь намайг бага байхаас л цэрэгт яваарай гэдэг байсан.
Ер нь цэргийн 45 хоногийн карантины хугацаа нүд ирмэхийн зуур болж өнгөрлөө. Анх очоод дөнгөж гилээ авч байсан үе хоёр гуравхан хоногийн өмнө юм шиг санагдаж байна. Ээж, аавын хүү байсан бол одоо эх орны хүү боллоо шүү дээ.
- Анх албанд татагдаж очиход сэтгэгдэл хэр байсан бэ?
- Маш их догдолсон. Ирээд эхний долоо хоног ямар газар ирчих вэ гэж бодож байсан ч бүх юмандаа дасаад, маш хурдан өнгөрлөө.
- Цэрэгт татагдан очоод юу сурч байгаа вэ?
- Цэрэг хүний тэсвэр тэвчээр, алхаа гишгээ, биеэ яаж авч явж байгаа болон хувцсаа яаж өмсөж байгаа, хүнтэй яаж харьцаж байгаа гээд тэр бүгдийг сурсан.
Бид жирийн ард хүн шиг чи, би гэж харьцахгүй шүү дээ, дандаа Та, бид гэж харьцдаг. Би гэж байхгүй бид гэсэн уриатай. Нэг нь алдаа гаргавал салаагаараа бөөндөө шийтгүүлдэг. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг нь тэр шүү дээ.
- Сүүлийн үед дэгдэлт, дээрэлхэлтийн талаар мэдээлэл олон гардаг болсон. Бодит байдал дээр ямар байв?
Захны даавуу цагаан, цэвэрхэн байлгахаас гадна гутлаа сайн тосолно. Гутал, захны даавуу хоёр үргэлж цэвэрхэн явах ёстой. Өглөөнөөс орой хүртэл бэлтгэл хийх ёстой. Ер нь цэрэгт явахаас айдаг хүмүүсийг бодоод байхад зодоон нүдээн байдаг гэж айгаад байдаг юм шиг байна лээ. Манай ангид тийм юм байхгүй. Ах нар чадахгүй юмнуудыг заагаад өгнө. Дүрмээрээ, бүх юмаа сайн сураад бусдыгаа манлайлаад байх юм бол цол авна.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

