Долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагийг дараа долоо хоногт нь шилжүүлбэл бүх нийтээрээ 10 хоног АМАРНА
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадам эхлэхэд 20 гаруй хоног үлджээ.
Долоодугаар сарын 10-15-ны хороонд зургаан өдөр бүх нийтээрээ амардаг хуультай. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн долоодугаар сарын 11, 12-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа. Тэгвэл энэ жилийн долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагийг дараагийн долоо хоногт нь шилжүүлбэл долоодугаар сарын 10-19-ний хороонд бүх нийтээрээ амрах боломжтой болно.
Өнгөрсөн жил яг үүнтэй адил долоодугаар сарын 12, 13-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байсан тул Засгийн газрын хуралдаанаар 2025 оны долдугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэж байлаа.
Бүх нийтээр амрах баярын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлэн амрах агуулгатай хуулийн төслийг УИХ-ын гишүүд өргөн барьж, иргэдэд хүлээлт үүсгэсэн. Гэвч уг хуулийн төслийг буцаан татсанаар бүх нийтийн амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал нөхөж амардаг болох асуудал шийдэгдээгүй үлдсэн. Нэгэнт хуулиар зохицуулж чадаагүй энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдэх боломжтой юм.
Монгол түмэн Цагаан сар, Үндэсний их баяр наадмын үеэр орон нутагт зорчих нь эрс нэмэгддэг. Ингэхдээ ажил, амралтаа зохицуулах ёстой байдаг тул энэ талаарх шийдвэрээ эртхэн нэг талд нь гаргах шаардлагатай болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
