Израиль улс цөмийн зэвсэгтэй гэдгийг АНУ-ын Засаг захиргаа албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг шаардсан Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Хоакин Кастро (Joaquin Castro) тэргүүтэй Ардчилсан намын 30 гаруй гишүүд 2026 оны тавдугаар сарын 4-нд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио-д хандан захидал илгээжээ.
Шаардлагын агуулга нь хууль тогтоогчид Израилийн цөмийн зэвсгийн талаарх АНУ-ын олон арван жилийн “тодорхойгүй байдлын бодлого” (strategic ambiguity) буюу “чимээгүй байх бодлого”-ыг цуцлахыг шаардсан бөгөөд хууль тогтоогчид Израилийн цөмийн хөтөлбөрийг Их Британи, Франц, Энэтхэг, Пакистан зэрэг бусад цөмийн гүрнүүдийн нэгэн адил “нээлттэйгээр хүлээн зөвшөөрөх” цаг нь болсон гэж үзэж байна. Төлөөлөгчдийн танхимын гишүүд Ойрх Дорнодод, ялангуяа Ирантай үүсээд буй зэвсэгт мөргөлдөөний үед Израилийн цөмийн хүчин чадлыг нууцлах нь бүс нутгийн аюулгүй байдал болон цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх бодлогод саад болж давхар стандарт буй болгоход хүргэж байна үзжээ.
Тийнхүү Марко Рубио өөрөө Израилийг цөмийн зэвсэгтэй гэж шууд мэдэгдээгүй бөгөөд харин АНУ-ын Конгрессын 30 орчим гишүүд түүнд хандан “Израиль цөмийн зэвсэгтэй гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг” шаардсан албан бичиг илгээсэн нь олны анхаарлыг татаад байна.
АНУ болон Израиль улсууд Ираны эсрэг хамтарсан цэргийн ажиллагаа явуулж буй (2026 оны хоёрдугаар сарын 28-наас эхэлсэн гэж тэмдэглэгдсэн) энэ үед холбоотон орныхоо цөмийн зэвсгийг хүлээн зөвшөөрөхгүй атлаа Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлж дайн хийж байгааг “хоёр нүүртэй бодлого” гэж шүүмжилж байна гэж Аljazeera тэмдэглэсэн байна.
Одоогоор Марко Рубио энэхүү захидалд албан ёсны хариу өгөөгүй байгаа бөгөөд АНУ-ын Засаг захиргаа Израилийн цөмийн хөтөлбөрийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хэвээр байгаа юм. Харин тэрбээр өмнө нь Ираны цөмийн хөтөлбөрийг устгахын тулд цэргийн цохилт өгөх шаардлагатай гэсэн байр суурийг хатуу илэрхийлж байсан гэж Рolitico цахим сэтгүүлд тэмдэглэжээ
Захидалд Марко Рубио-гоос дараах мэдээллийг ил болгохыг шаарджээ. Израиль яг ямар төрлийн цөмийн зэвсэг, цэнэгт хошуу, харвагч системүүдтэй вэ? Димона дахь цөмийн төвд уран баяжуулах болон плутони үйлдвэрлэх хүчин чадал байгаа юу?
Одоо үргэлжилж буй Иран-Израилийн зэвсэгт мөргөлдөөний хүрээнд Израиль улс цөмийн зэвсэг ашиглах ямар нэгэн “улаан шугам” байдаг эсэх болон Америкийн Засаг захиргаа Израилийн талаас “цөмийн зэвсэг ашиглахгүй” гэсэн ямар нэгэн баталгаа авсан эсэх, мөн энэ дайны үеэр цөмийн зэвсэг ашиглах төлөвлөгөө байгаа эсэхийг тодруулахыг хүсжээ.
“Нэг тал нь цөмийн зэвсэгтэй байхад нөгөө талыг (Иран) цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлж дайн хийх нь дурдсан бүс нутагт цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх бодлогыг боломжгүй болгож байна” гэж Конгрессын гишүүд шүүмжилсэн байна.
Энэхүү захидал нь АНУ-ын 1969 оноос хойш баримталж ирсэн (Ричард Никсон болон Голда Меир нарын нууц тохиролцоо) Израилийн цөмийн хөтөлбөрийн талаарх “чимээгүй байх” бодлогыг анх удаа Конгрессын түвшинд ингэж хүчтэй эсэргүүцсэн түүхэн үйл явдал болж байна.
Хэрэв АНУ Израилийг цөмийн зэвсэгтэй гэж албан ёсоор хүлээн зөвшөөрвөл АНУ-ын хууль тогтоомжийн дагуу тус улсад үзүүлэх цэргийн тусламжийг хязгаарлах асуудал хөндөгдөж эхлэх хууль зүйн ч саадтай тулгарах ажээ.
Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ираны цөмийн хөтөлбөрийг эрс эсэргүүцэгч нэгэн бөгөөд тэрбээр “Иран улс цөмийн зэвсэгтэй болохыг хэзээ ч зөвшөөрч болохгүй” гэсэн хатуу байр суурьтай. Тэрбээр одоогоор Израилийн цөмийн зэвсгийг хүлээн зөвшөөрөхөөс илүүтэй Ираныг зэвсэглэлээс ангижруулахын тулд цэргийн болон эдийн засгийн “дээд зэргийн шахалт” үзүүлэхэд анхаарлаа хандуулж байна.
Шинжээчид Марко Рубио-г хүнд байдалд оруулж буй гол зүйл нь “хоёр нүүртэй бодлого” (double standard) гэсэн шүүмжлэл юм. Израильтай хамт Ираны эсрэг дайн хийж байгаа атлаа өөрийн холбоотныхоо цөмийн зэвсгийг нууцалсаар байгаа нь АНУ-ын цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх бодлогын нэр хүндийг унагаж байна гэж үзэж байгаа ажээ.
Дурдсан захидал нь АНУ-ын дотоод улс төр, ялангуяа Ардчилсан намын дэвшилтэт гэх үзэлтнүүд болон Бүгд найрамдах намын засаг захиргааны хоорондох гадаад бодлогын томоохон хагарал болж харагдаж байна. Марко Рубио энэ асуудлыг “дотоод улс төрийн тоглолт” гэж үзэн, Израилийн цэргийн нууцыг хамгаалах байр сууриа хадгалсаар байх магадлал өндөр байна.
Марко Рубиогийн зүгээс Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгөх асуудлаар маш хатуу, шийдмэг байр суурь баримталж ирсэн. Тэрбээр 2026 оны хоёрдугаар сараас эхэлсэн “Operation Epic Fury” хэмээх АНУ-Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны гол дэмжигчдийн нэг билээ.
Марко Рубио 2026 оны тавдугаар сарын эхээр хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын агаарын цохилтууд Ираны цөмийн байгууламжуудыг амжилттай оносон бөгөөд Ираны зүгээс ямар нэгэн хариу арга хэмжээ авах нь “тус дэглэмийн хийх хамгийн том алдаа” болно гэж анхааруулсан. Тэрбээр АНУ болон Израилийн цэргийн ажиллагаа Ираны тэнгисийн болон агаарын хүчин, пуужин харвах чадавхыг эрс сулруулснаар тэд цөмийн хөтөлбөрөө нуун далдлах “хамгаалалтын бамбайгүй” болсон гэж мэдэгдсэн юм.
Марко Рубио Ираны цөмийн хөтөлбөрийг энхийн зорилготой гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлж, “Иранчууд цөмийн зэвсэг хүсэхгүй байна гэж үргэлж хэлдэг ч тэдний үйлдэл (60 хувь хүртэл уран баяжуулж байгаа нь) эсрэгээрээ байдаг” гэж шүүмжилдэг.
Марко Рубио 2026 оны тавдугаар сарын 5-нд “Operation Epic Fury”-ийн довтолгооны шат дууссан гэж зарласан боловч, Ойрх Дорнод дахь хурцадмал байдал хэвээр байгаа тул тэрбээр бүс нутаг дахь АНУ-ын элчин сайд нарт нөхцөл байдлыг улам хурцатгах мэдэгдэл хийхгүй байхыг үүрэг болгосон нууц заавар илгээжээ.
Олон улсын шинжээчид болон тагнуулын байгууллагууд Израилийг цөмийн зэвсэгтэй гэж олон арван жилийн турш үзэж ирсэн ч тус улс өөрөө үүнийг хэзээ ч албан ёсоор “баталдаггүй, бас үгүйсгэдэггүй” “стратегийн тодорхойгүй байдал” (strategic ambiguity) хэмээх бодлого баримталдаг.
Израиль цөмийн хөтөлбөрөө хэзээнээс эхэлж, яаж цөмийн зэвсэгтэй болсон бэ? Израилийн анхны Ерөнхий сайд Давид Бен-Гурион улс орныхоо оршин тогтнох баталгааг хангахын тулд 1950-иад оны дунд үеэс цөмийн төслийг санаачлан эхлүүлсэн гэж үздэг. Франц улс нууцаар Израилийн Негевийн цөлд Димона (Dimona) цөмийн цогцолборыг барихад техникийн болон инженерчлэлийн томоохон туслалцаа үзүүлсэн байна. Мөн Норвеги улс цөмийн реакторт шаардлагатай “хүнд ус”-ыг нийлүүлжээ.
Мэдээж АНУ, Израилийн цөмийн зэвсгийн тухай дахь хамтын ажиллагаа нь дээд зэргийн нууцлалтай юм. Израиль 1966 оны сүүл эсвэл 1967 оны Зургаан өдрийн дайны өмнөхөн анхны цөмийн цэнэгт хошуугаа угсарч дуусгасан гэж үздэг. Шинжээчдийн тооцоолсноор Израилд одоогоор 90 орчим цөмийн цэнэгт хошуу байгаа бөгөөд 200 хүртэлх тооны зэвсэг үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ.
Израиль цөмийн зэвсгийг газраас “Jericho” пуужин, агаараас F-15, F-16 сөнөөгч онгоц болон тэнгисээс “Dolphin” ангиллын шумбагч хөлгөөс харвах чадвартай “цөмийн гурвал” (nuclear triad)-тай гэж тооцогддог.
Израиль “Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ”-нд (NPT) гарын үсэг зураагүй бөгөөд Олон улсын атомын энергийн агентлагийн (IAEA) хяналтыг Димона байгууламждаа нэвтрүүлдэггүй. Тэд “Израиль Ойрх Дорнодод цөмийн зэвсэг нэвтрүүлсэн анхны улс болохгүй” гэдэг ерөнхий өгүүлбэрийг ашигладаг. Энэхүү тодорхойгүй байдал нь Ойрх Дорнодод зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөнийг өдөөхгүй байх, нөгөө талаас дайснууддаа “нууц аюул” гэж харагдах стратегийн ач холбогдолтой юм.
Израиль улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийн дагуу 1947 онд үүсэн байгуулагдсан цагаас хойших бүх цаг үеийн туршид арабын ертөнц, лалын заналхийллийн дор оршин тогтносоор ирсэн.
ХХ зууны II хагасаас Иран ч гадаадын аюул заналхийллийн дор оршин тогтнож байсан.
1979 оны хувьсгал хүртэл Иран улс гадаад харилцааны хувьд харьцангуй тогтвортой, АНУ-ын Ойрх Дорнод дахь гол тулгуур байсан ч гадаад аюул занал болон геополитикийн дарамт байнга байсаар ирсэн. Үүнд дараах гол хүчин зүйлүүд багтдаг. Иран улс ЗХУ-тай шууд хиллэж байсан тул хүйтэн дайны үеийн хамгийн эгзэгтэй “умард фронт” гэгддэг ЗХУ-ын аюул байв.
Дэлхийн II дайны дараа 1946 оны Азербайжаны хямралаас шалтгаалан Зөвлөлтийн цэргүүд Ираны хойд хэсгээс гарахаас татгалзаж, коммунист дэглэм тогтоохыг оролдсон нь Ираны бүрэн эрхт байдалд учирсан анхны томоохон аюул байв.
ЗХУ Иран дахь коммунист “Tudeh” намыг дэмжих замаар Шахын дэглэмийг дотроос нь тогтворгүй болгохыг байнга оролдсоор ирсэн юм.
Ирак болон Иран улсууд Шатт-эл-Араб (Shatt al-Arab) мөрний хяналтын төлөө олон арван жил сөргөлдөж ирсэн. 1960-аад оны сүүлx, 1970-аад оны эхээр Ирактай хилийн дагуу зэвсэгт мөргөлдөөнүүд байнга гарч байжээ. Иран улс Иракийн дотоод тогтвортой байдлыг алдагдуулахын тулд Курдын босогчдыг дэмждэг байсан бол Ирак үүний хариуд Ираны Хузестан мужид араб үндэстний салан тусгаарлах үзлийг турхирдаг байсан юм.
1975 оны Алжирын гэрээгээр хоёр улс түр эвлэрч, Иран Курдуудыг дэмжихээ зогсоосны хариуд Ирак мөрний хилээ Иранд ашигтайгаар хуваахыг зөвшөөрчээ. Гэвч энэ нь түр зуурынх байсан агаад 1980 оны Иран-Иракийн 8 жилийн дайны үндэс болжээ.
Египетийн Ерөнхийлөгч Гамаль Абдель Нассерын удирдсан “Panarabism” (Nasserism) буюу араб үндэстнийг нэгтгэх хөдөлгөөн нь Шахын Иранд ноцтой аюул занал учруулж байсан юм. Арабын зарим орнууд болон Египет Ираныг Персийн булан дахь “Барууны гар хөл” гэж шүүмжлэн, бүс нутагт нөлөөгөө тогтоохыг эрмэлзэж байсан билээ.
Ираны ард түмний хувьд хамгийн том "аюул" нь гаднын гүрнүүд тэдний дотоод хэрэгт оролцож буй явдал байв.
АНУ-ын ТТГ (CIA) болон Британийн тагнуулын алба М6 хамтран Ираны ардчилсан замаар сонгогдсон Ерөнхий сайд Мохаммед Мосаддыкийг 1953 оны эргэлтээр түлхэн унагаж, Шахын эрх мэдлийг сэргээсэн нь ард иргэдийн дунд гадаадынханд таагүй хандах үзлийг төрүүлж эхэлсэн байдаг
1979 оноос өмнө Иран улс АНУ-аас хамгийн орчин үеийн зэвсэг авч, хүчирхэг арми байгуулсан байсан ч Зөвлөлтийн тэлэлт болон Иракийн газар нутгийн амбиц нь хамгийн бодит гадаад аюул занал байжээ.
Шахын засаглалын үед (1948–1979) Иран, Израиль хоёр албан ёсны дипломат харилцаагүй байсан ч “нууц холбоотон” буюу бүс нутгийн хамгийн ойр түншүүд байсан юм. Үүнийг Израилийн гадаад бодлогын “Зах хязгаарын онол” (Periphery Doctrine) гэж нэрлэж байв. Энэхүү харилцаа дараах үндсэн чиглэлүүдээр өрнөж байжээ.
Иран, Израиль хоёулаа Арабын радикал үзэл болон ЗХУ-ын нөлөө бүс нутагт тэлэхээс сэрэмжилж байв. “Дайсны минь дайсан миний найз” гэсэн зарчмаар тэд Арабын орнуудын ялангуяа Египет, Иракийн эсрэг нэгджээ.
1973 оны “Ём Киппур”-ын дайн (мөн Арабын-Израилийн IV дайн буюу Газрын тосны анхдугаар дайн гэж нэрлэдэг) нь 1973 оны аравдугаар сарын 6-нд буюу Израилийн ариун баяр болох Ём Киппур өдөр Египет болон Сири улсууд Израилийн эсрэг дайн эхлүүлсэн. Социалист чиг баримтлалтай Египет, Сирийг ЗХУ дэмжиж, харин Израилийг АНУ болон Өрнөдийн гүрнүүд дэмжсэн юм. Дайны шалтгаан нь 1967 оны “Зургаан өдрийн дайн”-ы үр дүнд Израильд алдсан газар нутаг Синайн хойг, Голаны өндөрлөгийг буцааж авах гэсэн Египет, Сирийн оролдлого байсан бөгөөд үүгээр газрын тосны анхдугаар хямралын үндэс суурь тавигдсан юм.
"Ём Киппур"-ын дайны дараа ОПЕК-ийн гишүүн Арабын орнууд (OAPEC) Израилийн талд зогссон АНУ болон Өрнөдийн орнууд руу газрын тосны экспорт дээр хориг тавьжээ. Хэдийгээр Иран нь Арабын улс биш учраас энэхүү улс төрийн хоригт албан ёсоор нэгдээгүй, АНУ руу гарын тос нийлүүлсээр байсан ч ОПЕК-ийн гишүүний хувьд нийт олборлолтоо танахад хүрсэн юм.
Шах АНУ-д хайртай байсан ч “мөнгөнд илүү хайртай” байсан тул АНУ-ын эдийн засгийг аврахын тулд газрын тосны үнийг буулгаагүй, харин зэвсгийн импорт хийж, 1972-1978 оны хооронд Иран АНУ-аас 20 орчим тэрбум долларын зэвсэг худалдаж авсан нь тухайн үедээ дэлхийн хамгийн том зэвсгийн наймаанд тооцогдож байжээ. Иран улс АНУ-ын F-14 Tomcat шилдэг сөнөөгч онгоцыг эзэмшсэн дэлхийн цорын ганц улс болж байжээ. Харин олон улсын харилцааны түүхчид Шахын Иран ОПЕК-ийн үнийн өсөлтийг тэргүүлэхэд идэвхтэй оролцож, АНУ-ыг хямралаас гарахад туслаагүй гэж бичсэн байдаг.
Израиль улс газрын тосны хэрэгцээнийхээ дийлэнх хэсгийг зарим үед 90 хүртэлх хувийг Иранаас авдаг байжээ. Тэр ч байтугай Ираны тосыг Газар Дундын тэнгис рүү тээвэрлэх зорилгоор “Эйлат-Ашкелон” хэмээх дамжуулах хоолойг хоёр улс хамтран байгуулж эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж байсан түүхтэй.
Ираны нууц цагдаагийн газар болох Савак-ийг байгуулахад Израилийн Моссад болон АНУ-ын ТТГ гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Израиль улс Иранд зэвсэг нийлүүлж, цэргийн мэргэжилтнүүд нь Ираны армийг сургаж байв. Тэд хамтарч Project Flower нэртэй пуужин хөгжүүлэх нууц төсөл хүртэл хэрэгжүүлж байжээ.
Израилийн мэргэжилтнүүд Ираны хөдөө аж ахуйн салбарыг шинэчлэх, усжуулалтын систем байгуулахад томоохон туслалцаа үзүүлж байв.
Яагаад нууц байсан бэ гэвэл Шах дотоод дахь исламын шашинтнуудын эсэргүүцэл болон Арабын ертөнцтэй харилцаагаа бүрмөсөн таслахаас болгоомжилж, Израильтай тогтоосон харилцаагаа “де-факто” буюу албан бус түвшинд байлгадаг байсан байна.
1979 оны лалын хувьсгал гарсны дараа энэ “бал сарын” харилцаа нэг шөнийн дотор дуусгавар болж, Иран улс Израилийн Элчин сайдын яамны байрыг Палестины чөлөөлөх байгууллагад хүлээлгэн өгсөн юм.
1979 оны хувьсгалаас өмнөх Иран, Израилийн хамтын ажиллагаа маш гүнзгий байсан бөгөөд одоогийн дайсагнал нь ердөө 40 гаруй жилийн түүхтэй ажгуу.
Шахын үед Иран, Израиль хоёр Арабын орнуудаас “маш нууц”-аар дараах стратегийн төслүүдийг хэрэгжүүлж байжээ. Үүнд: Project Flower төслийн хүрээнд 1977 онд Иран, Израиль хоёр хамтран цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай, алсын тусгалтай пуужин бүтээх нууц гэрээ байгуулж байжээ. Иран улс үүнд 1.2 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийж, Израиль технологио нийлүүлж байсан байна. Гэвч 1979 оны лалын хувьсгал гарч, Израиль технологийн мэдээллээ авч гарсан ч Ираны хөрөнгө оруулалт Израилийн банканд үлдсэн байна.
АНУ, Иран, Израилийн тагнуулын албад (CIA, SAVAK, Mossad) Ойрх Дорнод дахь Зөвлөлтийн нөлөөг хязгаарлахын тулд мэдээллээ байнга солилцдог “Тройка” ажиллагаа явуулж байжээ.
1968 онд байгуулсан “Эйлат-Ашкелон” хоолой нь Ираны газрын тосыг Суэцийн сувгийг тойрохгүйгээр шууд Европ руу гаргах гол зам байв. Сонирхолтой нь, одоо хүртэл энэ хоолойн өмчлөлийн асуудлаар Иран улс Израилиас нөхөн төлбөр нэхэмжилж, олон улсын шүүх дээр маргаан үргэлжилж байдаг ажээ.
1979 оны лалын хувьсгалын удирдагч Аятолла Хомейни “Израилийг газрын хөрснөөс арчиж”, Иерусалимыг (Аль-Кудс) мусульманчуудад буцааж өгөх ёстой гэсэн үзэл суртлыг төрийн бодлого болгож, Израилийг “Бага Сатан” (АНУ Их Сатан ажгуу) хэмээн нэрлэх болсон юм.
Иран улс Ливаны Хезболла, Сири, Палестин дахь Хамас, сүүлд Йемен дэх Хосуит зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжих замаар Израилийн эргэн тойронд “эсэргүүцлийн бүслүүр” үүсгэж, бүс нутаг дахь нөлөөний хүрээгээ өргөжүүлэх бодлогыг идэвхтэй, тууштай явуулж ирсэн юм.
Израиль улс Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг өөрийн оршин тогтнолд заналхийлж буй “улаан шугам” гэж үздэг. Тиймээс Ираны цөмийн эрдэмтдийг устгах, кибер халдлага хийх зэргээр хөтөлбөрийг нь байнга саатуулж иржээ.
АНУ-ын Конгрессын 30 гаруй гишүүд Израилийг цөмийн гүрэн гэдгийг хүлээн зөвшөөрөхийг шаардсан захидлыг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод илгээх цаг дор Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний (NPT) хэрэгжилтийг хэлэлцэх 11 дэх удаагийн ээлжит чуулган 2026 оны дөрөвдүгээр сарын 27-нд эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 22-ныг дуустал үргэлжлэх юм. Чуулганы зорилго нь таван жил тутамд зохион байгуулагддаг энэхүү бага хурлаар цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах гэсэн гэрээний гурван үндсэн тулгуурын хэрэгжилтийг дүгнэдэг.
Энэ жилийн чуулганы даргаар Вьетнам улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд До Хунг Виет ажиллаж байгаа ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!