Индэр    
1 минутын өмнө
Зураг
Судлаач, шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор, Хүндэт дипломат

Казахстаны гадаад бодлого ба Монгол, Казахстаны стратегийн түншлэлийн шинэ үе шат - III

Редакцын бус нийтлэл
Зураг

Казакстаны гадаад бодлого

2026 оны дөрөвдүгээр сард гаргасан ОУВС-гийн сангийн мэдээллээр Казахстаны макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд тухайлбал: ДНБ нэрлэсэн үнэлгээгээр 360.4 тэрбум ам. доллар, үүгээрээ ОУВС-гийн 191 гишүүдийн дотор 47 дугаарт, нэг хүнд ногдох хэмжээ 17.5 мянган ам долларт хүрч, дурдсан үзүүлэлтээр 63 дугаар байрт орж байна. Эдийн засгийн өсөлт 2024 онд 4.8-5.0 хувийн өсөлттэй байсан бол 2025 онд газрын тосны олборлолт нэмэгдсэнтэй холбоотойгоор 6.5 хувьд хүрчээ. Ажилгүйдлийн түвшин сүүлийн жилүүдэд тогтвортой буурч байгаа бөгөөд 2025 оны эцсийн байдлаар 4.6- 4.8 хувь буюу түүхэн доод түвшиндээ хүрчээ.

2025 оны эцсийн байдлаар Казахстаны гадаад валютын нийт нөөц 65.4 тэрбум ам.доллароор хэмжигдэж, есөн сарын импортыг орлох чадвартай байгаа ажээ.

Гадаад худалдааны нийт эргэлт 139.9 тэрбум ам.долларт хүрч, үүнээс экспорт 78.7 тэрбум ам.доллар (голдуу газрын тос, металл, хүдэр), импорт 61.2 тэрбум ам.долларт (машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл) хүрснийг Казахстаны Статистикийн газар мэдээлсэн юм.

Казахстаны эдийн засагт уул уурхайн салбар, тэр дундаа Тенгиз ордын өргөтгөл гол зүтгүүр болж байгааг Дэлхийн банкны групп болон бусад олон улсын байгууллагууд онцолж байгаа ажээ.

Өнөөгийн байдлаар Казахстан улс нь НҮБ-ын гишүүн 192 улсаас 186 улстай дипломат харилцаатай бөгөөд НҮБ-ын гишүүн 7 улстай дипломат харилцаа тогтоогоогүй (Африкийн Ботсвана, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Эритрей, Зүүн өмнөд Азийн Зүүн Тимор (Democratic Republic of Timor-Leste), Өмнөд Номхон далайн Палау, Микронезын Холбооны Улс, Науру) байна.

Казахстаны Гадаад хэргийн яамны тэмдэглэснээр тус улс дэлхийн 71 улсад 109 дипломат төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

Казахстан улс нь “Олон тулгуурт” (Mноговекторный ) болон прагматик зарчим дээр суурилсан гадаад бодлого явуулж байна. Тийнхүү олон тулгуурт бодлогын хүрээнд ОХУ, БНХАУ, АНУ, Европын Холбоо болон бусад их гүрнүүдтэй тэнцвэртэй харилцааг хадгалахыг зорьж байна. Энэ нь аль нэг талаас хэт хамааралтай болохоос сэргийлдгээс гадна Төв Азийн бүс нутагт тэргүүлэх байр сууриа бэхжүүлж, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал, эдийн засгийн интеграцчиллыг дэмжих зорилгод чиглэгдэж байна.

Эдийн засгийн дипломат ажиллагааны хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, уул уурхай, дамжин өнгөрөх тээврийн коридор буюу “Дундад коридор” болон эрчим хүчний экспортыг төрөлжүүлэхэд ихэд анхаарч байна. “Дундад коридор" (Middle Corridor) буюу Транс-Каспийн олон улсын тээврийн замын сүлжээ (TITR) нь Хятад болон Зүүн өмнөд Азийг Европтой холбосон олон төрөлт (төмөр зам, авто зам, усан зам) тээврийн коридор юм. Энэхүү зам нь ОХУ-ыг дайран өнгөрдөг “Хойд коридор”-оос газарзүйн хувьд 2,000-3,000 км-ээр богино бөгөөд ачаа тээвэрлэх хугацааг 20-25 хоног хүртэл богиносгодог давуу талтай. Үндсэн чиглэл ба маршрутаар ачаа тээвэр нь Хятадын боомтуудаас эхэлж, дараах улс орнуудыг дамжин өнгөрдөг. Үүнд: Казахстаны Достык, Алтынколь болон Хоргос хилийн боомтуудаар дамжин Актау, Курык боомтуудад хүрдэг. Цаашлаад Каспийн тэнгисийн усан замаар дамжин Азербайжаны Баку (Алят) боомтод хүрдэг. Тэндээс Азербайжан, Гүрж улсыг дайран Туркээр дамжин Европ руу гардаг байна.

“Дундад коридор”-ын ач холбогдол хийгээд геополитикийн нөлөө нь Орос-Украины дайнаас шалтгаалан Оросын нутаг дэвсгэрийг тойрч гарах аюулгүй, тогтвортой зам гэж үзэх болсон явдал юм. Тээврийн өсөлтийн хувьд 2024 оны эцэст энэ замаар тээвэрлэсэн ачаа 4.2-4.5 сая тоннд хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 62 хувиар өссөн үзүүлэлт болжээ. “Дундад коридор”-ын оролцогч талууд 2030 он гэхэд ачаа эргэлтийг 10-11 сая тоннд хүргэх, хил гаалийн бүрдүүлэлтийг дижитал хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

Казахстан нь энэхүү коридорын “Төв зангилаа” болж байгаа бөгөөд Каспийн тэнгис дэх Актау, Курык боомтуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, чингэлгийн төвүүдийг шинэчлэхэд 300 тэрбум гаруй тенгегийн хөрөнгө оруулалт хийж байгаа ажгуу.

Тус улс олон улсын идэвхтэй байр суурь баримталж, НҮБ, ЕАЭЗХ, ШХАБ, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (CICA) ЕАБХАБ, ТУХН, ОДКБ зэрэг байгууллагуудад идэвхтэй оролцдог.

Сүүлийн үед Казахстан улс өөрийгөө олон улсын харилцаанд “Дунд түвшний гүрэн” (Middle Power) хэмээн тодорхойлж, илүү бие даасан, идэвхтэй дипломат ажиллагаа явуулж байна.

Казахстан улс нь гадаад бодлогынхоо хүрээнд дэлхийн олон улстай стратегийн түншлэлийн харилцаа” тогтоосон байдаг. ОХУ-тай Холбоотны болон “Стратегийн түншлэл, БНХАУ-тай “Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ”-тэй. Мөн хөрш зэргэлдээ Узбекистан, Киргизстан, Тажикистан, Туркменистан улсуудтай стратегийн түншлэлээ бэхжүүлэн ажиллаж байна. 2024 онд Туркменистантай стратегийн түншлэлээ өргөжүүлэх 20 орчим хэлэлцээр байгуулжээ.

Казахстан, АНУ-ын харилцаа 2018 оноос эхлэн Өргөтгөсөн стратегийн түншлэл (Enhanced Strategic Partnership)-ийн түвшинд хүрсэн байна.

Европын Холбоотой “Өргөтгөсөн түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” (EPCA) байгуулсан анхны Төв Азийн улс болсон бол Итали, Герман, Нидерланд, Франц улсуудтай “Стратегийн түншлэлийн харилцаа”-г хөгжүүлж байна.

Казахстан, Турк хоёр улс Стратегийн түнш”-үүд бөгөөд батлан хамгаалах болон бусад салбарт нягт хамтран ажилладаг.

Казахстан улс 2021 онд Булангийн орнуудын Хамтын ажиллагааны зөвлөлийн (GCC) Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газартай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулснаар тус байгууллагатай хоёр болон олон талт хамтын ажиллагааны эрх зүйн үндэс тавигджээ.

Булангийн орнуудаас ирэх хөрөнгө оруулалтыг зохицуулах, хамгаалах зорилгоор Астанагийн Олон улсын санхүүгийн төв (AIFC)-ийг гол платформ болгон ашиглаж байгаа ажээ.

Казахстан улс Булангийн орнуудтай тогтоосон харилцаагаа сүүлийн жилүүдэд Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж, эрх зүйн үндсийг эрчимтэй бэхжүүлж байна. Тус улс Булангийн орнуудыг хөрөнгө оруулалт, технологийн томоохон эх үүсвэр гэж үздэг.

2021 онд АНЭУ-тай “Стратегийн түншлэлийн харилцаа” тогтоон хөгжүүлж, хоёр улс 2025 оны байдлаар 5 тэрбум ам.долларын өртөг бүхий 20 гаруй хэлэлцээр байгуулж, хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах гэрээг (BIT) 2023 оноос хэрэгжүүлж эхэлжээ.

2024 онд Катар Улстай Засгийн газар хооронд тэргүүлэх салбаруудад төсөл хэрэгжүүлэх Урт хугацааны Стратегийн түншлэл тогтоох тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Дээрхийн хүрээнд 17.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын төслүүдийг эхлүүлээд байгаа юм.

Саудын Арабтай тогтоосон харилцаагаа 2026 оны хоёрдугаар сард “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэв.

2026 оны дөрөвдүгээр сард Казахстан, Оман хоёр улс харилцаагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх хэлэлцээрт гарын үсэг зурав. Хоёр улс Хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулж, эрчим хүч, ложистик, уул уурхайн салбарт 3 тэрбум ам.долларын өртөг бүхий 5 томоохон төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Казахстан, Кувейт Улсын харилцаа нь “Өргөтгөсөн түншлэл”-ийн шатанд явж байгаа бөгөөд Кувейт нь Казахстаны хүнсний аюулгүй байдлын стратегийн түнш болоод байгаа ажээ. Кувейтийн Хөрөнгө оруулалтын сан (KIC) Казахстаны хөдөө аж ахуй, финтек салбарт 1.5-2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгааг The Astana Times мэдээлсэн байна. Шууд нислэг болон визгүй зорчих нөхцөл бүрдсэнээр Кувейтээс ирэх жуулчдын тоо 5 дахин өссөн байна.

Казахстан, Бахрейн Улсын хооронд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу амжилттай хөгжиж буй бөгөөд талууд “Хамтын ажиллагааны Замын зураглал”-ыг боловсруулан ажиллаж байна хэмээн The Gulf Observer тэмдэглэсэн байна.

Төв Ази болон Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл (GCC) хоорондын “Стратегийн яриа хэлэлцээ”-ний механизм тогтмол ажиллаж байна.

"The Korea Times"-т мэдээлснээр Казахстан, БНСУ хоёр улс 2009 онд “Стратегийн түншлэлийн харилцаа” тогтоосон бөгөөд 2021 онд харилцааны түвшинг шат ахиулж “Өргөтгөсөн Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэжээ. БНСУ нь Казахстанд оруулсан хөрөнгө оруулалтаараа бүс нутагтаа тэргүүлдэг. Одоогийн байдлаар Казахстанд Солонгосын хөрөнгө оруулалттай 700 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд талууд эрчим хүч (цөмийн болон сэргээгдэх), суурь бүтэц, автомашин үйлдвэрлэл, хиймэл оюуны чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлж байгааг The Astana Times уламжилжээ.

Казахстанд амьдардаг 120 мянга гаруй солонгос гаралтай иргэдийг хоёр улсын харилцааны “Алтан гүүр” гэж үздэг байна.

Япон улс нь Казахстаны Ази дахь анхны Стратегийн түншүүдийн нэг бөгөөд харилцаа нь Стратегийн түншлэл-ийн түвшинд (2015 онд шинэчилсэн) тогтвортой хөгжиж байгааг Qazinform онцолж байсан юм.

2025 оны арванхоёрдугаар сард Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Токиод хийсэн төрийн айлчлалын үеэр эрчим хүч, уул уурхай, тээвэр, дижитал технологийн салбарт 3 тэрбум еврогийн өртөг бүхий 40 орчим баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Хоёр улс 2026 онд багтаан Алматы-Токио чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэхээр тохиролцоод байна.

Казахстан улс 2025 оны арваннэгдүгээр сарын 6-нд Вашингтон хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нартай хийсэн гурван талт яриа хэлэлцээний үеэр “Абрахамын хэлэлцээр”-т нэгдсэн нь тус бүс нутагт чиглэсэн дипломат ажиллагаанд чухал өөрчлөлт гарсныг харуулсан билээ. Казахстан нь энэхүү хэлэлцээрт нэгдсэн Төв Азийн анхны бөгөөд Ойрх Дорнод, Хойд Африкийн бүс нутгаас гаднах анхны улс болсон байна.

2026 оны нэгдүгээр сард Израилийн Гадаад хэргийн сайд Гидеон Саар Астанад айлчилсан нь сүүлийн 16 жилд хийгдсэн анхны өндөр түвшний айлчлал болж, энэ үеэр талууд харилцаагаа стратегийн шинэ шатанд гаргахаа нотолжээ.

2023 оны байдлаар Казахстаны иргэд дэлхийн 82 улсад янз бүрийн ангиллын паспортоор визгүй зорчиж байгаа бөгөөд олон улсын 4,430 гаруй гэрээ байгуулснаас 3,266 нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа тухай тус улсын Гадаад хэргийн яам мэдээлсэн юм.

Монгол, Казакстаны Стратегийн түншлэлийн шинэ үе шат

Казахстан 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас салж тусгаар тогтнолоо зарлаж, 1991 оны арванхоёрдугаар сарын 26-нд ЗХУ хүлээн зөвшөөрчээ.Казахстан улс 1995 оны наймдугаар сарын 30-нд одоогийн шинэ Үндсэн хуулиа батлав.

Тийнхүү Монгол Улс, БНКазУ-ын хооронд 1992 оны нэгдүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоож, шинэ үеийн харилцаа эхэлжээ. БНКазУ нь ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын газар нутгийн 40-өөдхөн км-ээр тусгаарлагдаг Монгол Улсын байгалийн “гуравдагч хөрш бөгөөд Монгол Улсын хүн амын 3.4 хувь нь казак иргэд байгаа юм.

1992 оны есдүгээр сард тухайн үеийн нийслэл Алматы хотод Монгол Улс ЭСЯ-аа анх нээж байсан бөгөөд Казахстан улс нийслэлээ шилжүүлсэнтэй холбогдуулан 2010 онд Астана хот руу нүүн байрлажээ. Казахстан Улс ЭСЯ-аа 1992 онд Улаанбаатар хотод нээж, 1997 оны тавдугаар сард албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, улмаар 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Элчин сайдын яамны түвшинд хүрч өргөжсөн байна.

Эдүгээ Алматы хотын Бостандык дүүрэг, Мусабаев гудамжинд Монгол Улсын Консулын Төлөөлөгчийн газар (КТГ) үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Тус КТГ нь Казахстаны өмнөд бүс нутаг болон Туркменистан зэрэг зэргэлдээх улсуудад оршин суугаа Монгол иргэдэд консулын үйлчилгээ үзүүлдэг байна.

2024 оны хоёрдугаар сард Алматы дахь КТГ-т төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг албан ёсоор нээгдсэнээр иргэд төрийн 440 орчим үйлчилгээг авах боломжтой болжээ.

2024 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНКазУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь түүхэн чухал ач холбогдолтой байснаас гадна хоёр орны харилцааг шинэ шатанд гаргасан билээ. Айлчлалын үеэр Монгол Улс, БНКазУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай Хамтарсан Тунхаглалд хоёр улсын төрийн тэргүүн гарын үсэг зурав.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хоёр улсын төрийн тэргүүн 1992 оны “Дипломат харилцаа тогтоох тухай Протокол” болон 1993 оны “Монгол Улс, БНКазУ хоорондын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны Гэрээ”-гээр бэхэжсэн Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа 1998, 2007, 2008 оны “Монгол Улс, БНКазУ-ын Хамтарсан Мэдэгдэл”-ийн зарчимд тулгуурлан тууштай хөгжиж ирснийг өндрөөр үнэлж, алууд Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, х, тээвэр, ложистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт өргөжин хөгжиж, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж буйг сайшаан тэмдэглэж, Монгол Улс, БНКазУ-ын уламжлалт найрсаг харилцааг НҮБ-ын Дүрмийн дагуу, хоёр талын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх тэгш байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бусад зарчим, хэм хэмжээг хүндэтгэх үндсэн дээр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр улс төдийгүй Төв Азийн бүс нутаг, олон улсад энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт Талууд санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тогтсоноор Казахстан нь Монгол Улсын Төв Ази дахь анхны Стратегийн түнш орон болов.

Талууд “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан 1. Улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах; 2. Худалдаа, эдийн засаг; 3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи; 4. Тээвэр, логистик, аялал жуулчлал, иргэдийн харилцаа; 5. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн таван тулгуур чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтов.

Төрийн айлчлалын үеэр хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр талын хууль, эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхээр тохиров. Талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025-2027 онд эрчимжүүлэх Замын зураглал” байгуулсныг өндрөөр үнэлсэн юм. Хоёр улсын хооронд хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр” байгуулах явцыг эрчимжүүлэхээр тохиролцсон юм.

Монгол, Казахстаны худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсаас ноос, ноолуур, арьс шир зэрэг бүтээгдэхүүн казахстаны зах зээлд нийлүүлэх, Казахстан Улсаас монголын зах зээлд импортлох жимс, жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.

2026 оны дөрөвдүгээр сард БНКазУ-ын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсад төрийн айлчлал хийсэн нь төрийн тэргүүний түвшинд сүүлийн 20 жилд хийсэн түүхэн ач холбогдолтой үйл явдал болов.

зураг
 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв Азийн бүс нутаг дахь анхны Стратегийн түнш орон Казахстантай харилцаагаа улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа дахин нотолж, халуун дотноор хүлээн авч байгаа Ерөнхийлөгч К.Токаев болон Казахстаны төр, засаг, ард түмэнд гүн илэрхийлсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд чухал түлхэц үзүүлсэн, онцгой ач холбогдолтойг Ерөнхийлөгч К.Токаев онцлон тэмдэглэж байв. Хоёр улсын төрийн тэргүүн өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтаа дүгнэн, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцэв.

Хоёр улсын Ерөнхийлөгчийн түвшинд харилцан тохиролцсон асуудлууд бодит ажил хэрэг болж байгааг төрийн тэргүүн нар тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засгийн болон бусад бүх салбарт харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдэгт санал нэгдэв.

“Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хамтарсан Замын зураглал гаргахаар болсон нь онцлон тэмдэглэх зүйл мөн билээ.

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны (ЕАЭЗХ) хооронд 2025 оны зургаадугаар сарын 27-нд Минск хотноо байгуулсан Чөлөөт худалдааны Түр хэлэлцээрийг 2025 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр УИХ соёрхон баталсан.

2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны (ЕАЭЗХ) хооронд 2025 оны зургаадугаар сарын 27-нд Минск хотноо байгуулсан Чөлөөт худалдааны Түр хэлэлцээрийг Монгол Улс болон ЕАЭЗХ-ны гишүүн ОХУ, Казахстан, Беларусь, Киргизстан, Армени таван улс парламентаараа эцэслэн соёрхон батлаад байна.

Монгол Улс, ЕАЭЗХ-ны гишүүн орнууд дотоодын соёрхон батлах явцыг дуусгаж, харилцан ноот бичиг солилцсоноос 60 хоногийн дараа худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас 367 нэр төрлийн бараанд гаалийн тарифыг тэглэх, багасгах, тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх, хөнгөлөх зэрэг дөрвөн төрлийн зохицуулалтыг хийхээр тохиролцсон.

Монгол Улсаас ЕАЭЗХ-ны зах зээлд экспортлох 367 барааны 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн бол ЕАЭЗХ-ноос импортлох барааны 81.7 хувь нь Монгол Улсад үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал эрдэс, химийн, 7.5 хувь нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүн байна. Үүний зэрэгцээ улаан буудай, өндөг зэрэг хүнсний гол нэрийн бараанд квот тогтоож, квотоос хэтэрсэн тохиолдолд гаалийн тарифыг хэвээр ногдуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг тусгажээ.

Чингэснээр дотоодод үйлдвэрлэдэггүй, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай бараа, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг тэглэж, импортын өртөг багасах, инфляц тооцоход ашигладаг импортын 42 нэр төрлийн бүтээгдэхүүний тарифыг тэглэж, өрхийн хэрэглээний зардал багасах боломжтой. Мөн худалдааг хөнгөвчлөх хүрээнд экспортын бараанд 50-иас дээш хувийн дотоодын гаралтай орц ашигласан тохиолдолд тарифын хөнгөлөлт эдлэх, 5000 еврогоос доош үнийн дүнтэй бараанд гарал үүслийн гэрчилгээг өөрөө мэдүүлэх, эрсдэлийн үнэлгээнд суурилсан шалгалт хийх зэрэг шинэ зохицуулалтыг нэвтрүүлэн бизнесийн зардлыг багасгах нөхцөл бүрдэхээр байна.

Ийнхүү ЕАЭЗХ-ны 2.2 их наяд ам. долларын ДНБ-ний үйлдвэрлэл, 190 сая гаруй хэрэглэгчтэй том зах зээлд татваргүй нэвтрэх боломж нээгдэж байна.

2026 оны гуравдугаар сард Казахстан улс долоон жилийн дараа анх удаа Монгол руу бизнесийн төлөөлөгчдийн багаа илгээж, Улаанбаатар хотноо 62.6 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортлох гэрээ хэлцэл байгуулсан. Энэ үеэр хоёр тал газрын тос, алт боловсруулах салбарт хамтарч ажиллах Санамж бичиг байгуулахаар тохиролцсон нэн чухал ач холбогдолтой байв. Монгол Улс Казахстантай шатахуун, тос нийлүүлэх салбарт хамтран ажиллах урт хугацааны хэлэлцээр байгуулах санал тавьж, Казахстаны тал тийнхүү дэмжсэнээр хоёр улсын хооронд түлш шатахуун авах боломж нээгдэж байна. Одоогоор Монгол Улсын Казахстанаас авч буй импортын бүтцэд газрын тосны бүтээгдэхүүн ердөө 1.5 хувийг эзэлж байгаа ч цаашид худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр хэлэлцэгдэж байгаа юм.

Казахстан нь газрын тосны бүтээгдэхүүний гарцаа нэмэгдүүлж байгаа (2025 онд 13.7 сая тонн үйлдвэрлэхээр төлөвлөсөн) тул Монголын хувьд ОХУ-аас хамааралтай байдлаа бууруулах нэг гарц болох боломжтой. Төрийн айлчлалын үеэр Казахстан улс Монгол Улсад жилд нэг сая тонн түүхий нефть нийлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, Санамж бичиг байгуулсныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нотолсон нь чухал ач холбогдолтой байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Казахстан-Монголын бизнес форум” Астана хотноо зохион байгуулагдав. Казахстаны Үндэсний танхим “Атамекен”, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан форумд хоёр орны төр, хувийн хэвшлийн 250 гаруй төлөөлөл оролцож, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл, ноос, ноолуур, арьс, шир, барилга, тээвэр, ложистик, санхүү зэрэг салбарт Казахстаны холбогдох бизнесийн байгууллагуудтай холбох, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг хэлэлцэв.

Бизнес форумын дүнд Монголын аж ахуйн нэгжүүд Казахстаны талтай эхний шатанд 20 гаруй сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл байгуулжээ.

Стратегийн түншлэлийн харилцааны шинэ үе шатны гол онцлог нь түүнийг тийнхүү эдийн засаг, бизнесийн агуулгаар баяжуулсан явдал юм.

Төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл хийх үеэр БНКазУ-ын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев хэлэхдээ, Баян-Өлгий аймагт Казахстаны Консулын газар нээх шийдвэрт хүрлээ. Үүнийг бид ахан дүүс, түүхэн язгууртай орнуудын “Стратегийн түншлэл”-д түшиглэсэн чухал алхам гэж үзэж байна. Энэ нь Монголын казах иргэдэд хандсан чин сэтгэл, нөхөрлөлийн бодит тусгал юм. Бид энэ шийдвэрээ дээд зэргээр үнэлж байна гэсэн байна.

Айлчлалын үеэр Монгол, Казахстаны хооронд агаарын тээврийн харилцааг эрчимжүүлж, хоёр улсыг холбосон нэгэн шинэ гарцыг нээхээр тохиролцов. “Хүннү Эйр” компани Улаанбаатар – Алматы чиглэлд тогтмол нислэг үйлдэж байгаа бол ирэх зургаадугаар сараас Казахстаны “Скат” авиакомпани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэхээр болов. Чингэснээр хоёр улсын иргэд харилцан зорчих урсгал, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт нэмэгдэж, аялал жуулчлалын салбар хөгжихийн зэрэгцээ бизнесийн таатай орчин бүрдэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Бүгд хуралдаанаар жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэх тухай тогтоолыг батлахад БНКазУ хамтран зохиогчоор нэгдсэн юм.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Төв Азийн орнуудын “С5+1” хамтын ажиллагааны форматын ашиглан Монгол Улсын оролцоог хангасан дээд, өндөр түвшний уулзалтыг хамтран зохион байгуулах боломжийн талаар санал солилцсон чухал ач холбогдолтой байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев Казахстаны хамгийн дээд төрийн "Алтан бүргэд" одонгоор шагнасан юм. Казахстаны Ерөнхийлөгч тэрбээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгөх үеэрээ "Хоёр орны хамтын ажиллагаа, маш олон санаачилга бидний хамтын ажиллагааны төлөөх нөр их хөдөлмөрийг үнэлэн хамгийн төрийн дээд "Алтан бүргэд" одонгоор бид шагналаа" гэсэн юм.

“Нэг бүс нутаг–Дундын сорилт–Хамтын шийдэл” уриан дор зохиогдсон “Бүс нутгийн экологийн дээд түвшний уулзалт 2026” арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэлэв.

Тийнхүү Монгол Улс бүс нутгийн орнуудтай хоёр талт хамтын ажиллагаагаа чанарын шинэ шатанд гаргаснаар Монгол Улсын Төв Азийг чиглэсэн бодлого бүрэн бүтэн болов.