Монгол Улсын газарзүйн байршил нь Зүүн хойд Ази, Төв Азийн солбицол дээр оршдог онцлогтой. Төв Азийн чиглэл Монгол Улсын гадаад бодлогод мэдэгдэхүйц орхигдож ирснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй бөгөөд тиймээс Монгол Улс гадаад харилцааны шинэ сэргэлт, гадаад бодлогын тэнцвэрийг хадгалах хүрээнд дурдсан бүс нутагт гадаад бодлого, дипломат ажиллагаагаа идэвхжүүлснээр гадаад харилцааны орон зайгаа шинээр тэлж байна гэж үзэж болно. Энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эрх ашигт бүрнээ нийцэж буй явдал юм.
Сүүлийн жилүүдэд их гүрнүүдийн геополитик, гео-эдийн засгийн бодлого Төв Азийн бүс нутагт маш эрчимтэй идэвхжиж байгааг бид харж байна. Хүйтэн дайн дууссаны дараа ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан исламын шашинт таван улс улс төрийн тусгаар тогтнолоо олсноор Төв Ази гэсэн геополитикийн бие даасан шинэ бүс нутаг буй болсон билээ. ХХI зууны эхний 25 жилд Төв Ази төр-хувийн хэвшил хосолсон нийгэм-эдийн засгийн онцлог бүтэцтэй, эрчим хүчний үлэмж баялагтай бүс нутаг болж гарч ирэв.
Төв Азийн бүс нутагт явуулж буй ОХУ-ын геополитикийн тэргүүн шугамд таван улсад оршин амьдарч буй 4.8 сая орос иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд төвлөрч байгаа нь мэдээж. Тухайлбал, Казахстанд 3. 4 сая буюу нийт хүн амын 15.5 хувь, Узбекистанд 720.3 мянга буюу хүн амын 2.1 хувь, Киргизстанд 364.5 мянга буюу хүн амын 6.2 хувь, Тажикстанд 34.8 мянга буюу хүн амын 0.5 хувь, Tуркменистанд 297.9 мянга буюу хүн амын 4 хувийг орос угсаатнууд эзэлж байна.
Төв Азийн таван улс ОХУ-тхй тогтоосон шинэ харилцаагаа сэвтүүлэхгүйгээр Турк, Арабын баян орнуудын санхүү-эдийн засгийн тусламжид түшиглэх бодлого явуулж буй нэг учир шалтгаан нь тэдгээр улсуудыг лалын шашин шүтлэг нягт холбож байгаа явдал билээ
Хамгийн чухаг хүчин зүйл нь Төв Азийн цээжинд орших Каспийн тэнгисийн сав нутгийн гео-эдийн засаг онцгой анхаарал татдаг нь дурдсан бүс нутаг нь үлэмж их нөөцтэй байгалийн хий, газрын тосны баялаг ордууд, чухал ашигт малтмалын нөөц юм. АНУ Эрчим хүчний мэдээллийн газрын (U.S. EIA) нарийвчилсан тооцооллоор Каспийн тэнгисийн сав газарт 48 тэрбум баррель газрын тос, 292 их наяд шоо метр байгалийн хийн нөөц байгаагаас Туркменистанд 45 их наяд шоо метр хий ногдож байна.
Өөр нэг хүчин зүйл бол нь Хятадын “бүс, зам” суурь бүтэц (infrastructure), ложистикийн мега санаачилгын хүрээнд асар их хэмжээний юанийн зээлд суурилсан гео-эдийн засгийн бодлого, концессын дипломаси, бүс нутгийн эрчим хүчний эх сурвалжийг үлэмж хямд үнээр авах зөөлөн хүчний бодлого идэвхэжсэн явдал юм.
2023 оны тавдугаар сард Шиань хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад-Төв Азийн анхны дээд түвшний уулзалтыг зохион байгуулав. Энэ уулзалт нь 2015 онд АНУ болон бүс нутгийн таван улсын хооронд байгуулагдсан С5+1 дипломатын платформтой ижил загвартай боловч төрийн тэргүүнүүд оролцсоноороо ялгаатай байв. Ши Жиньпин оролцсон таван улсын төрийн тэргүүнүүд дотоод аюулгүй байдал, үндэсний батлан хамгаалалтын чиглэлээр туслалцаа үзүүлэх санал тавьсан нь эдгээр улс орнууд уламжлал ёсоор ОХУ-аас дэмжлэг хүсдэг байсан салбар юм. Энэ нь Бээжингийн өмнө нь голчлон “Бүс ба Зам” санаачилгаараа дамжуулан эдийн засгийн хамтын ажиллагаанд анхаарч ирсэн бодлогоосоо өөрчлөгдөж буйг харуулдаг. Хятад болон бүс нутгийн орнуудын харилцаа худалдаа, хөрөнгө оруулалт дээр төвлөрсөн хэвээр байгаа ч эдгээр салбарын хөгжил нь аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахтай шууд холбогддог.
ОХУ-ын Украинд хийж буй цэрэг дайны ажиллагаанд тулгарч буй сорилттой холбоотойгоор Төв Азийн бүс нутагт анхаарал суларсан нь тус улсын бүс нутгийн аюулгүй байдлыг баталгаажуулагч гэсэн байр суурийг нь ганхуулахад хүргэсэн.
2022 онд Киргизстан, Тажикистаны хооронд гарсан хилийн мөргөлдөөний үеэр ОХУ-ын оролцоо бараг байгаагүй бөгөөд Каспийн тэнгисийн цаана Оросын Армянуудыг дэмждэг бодлого Азербайжаны 2023 оны есдүгээр сарын цэргийн ажиллагааг зогсоож чадалгүй, Нагорный Карабах дахь Армяний хяналтыг эцэслэсэн. Үүний өмнө Армяний Ерөнхий сайд Никол Пашинян хэлэхдээ: «ОХУ хүссэн ч Армений аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна… Энэ жишээ бидэнд аюулгүй байдлын асуудлаар зөвхөн нэг түншээс хамааралтай байх нь стратегийн алдаа болохыг харуулж байна» гэжээ. Армени нь Казакстан, Киргизстан, Тажикистантай адил ОХУ-ын голлох үүрэг рольтой “Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага” (ОДКБ)-ын гишүүн юм.
Ши Жиньпин дээд түвшний уулзалтын гол илтгэлдээ “Хятад улс Төв Азийн орнуудыг хууль сахиулах, аюулгүй байдал, батлан хамгаалахын чадавхыг нь бэхжүүлэхэд туслахад бэлэн байна. Мөн бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах, терроризмтой тэмцэхэд бие даасан хүчин чармайлтыг нь дэмжинэ” хэмээн мэдэгдсэн байдаг. Уулзалтын үр дүнд батлагдсан “Шианийн Тунхаглал”-д “Хятад улс Төв Азийн орнуудын хөгжлийн зам, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, бие даасан гадаад болон дотоод бодлогыг нь бүрэн дэмжинэ” хэмээн тусгасан байна.
2015 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр Нью-Йорк хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрийн урилгаар С5+1 форматын хүрээнд АНУ, Төв Азийн Гадаад хэргийн сайд нарын анхдугаар уулзалт амжилттай зохион байгуулагдаж Афганистаны дайн, Сирийн иргэний дайн, олон улсын терроризмын эсрэг явуулж буй цэргийн ажиллагааны асуудлыг хөндсөн. 2016 оны Вашингтон хотноо зохиогдсон хоёр дахь уулзалтаар олон улсын терроризмын эсрэг Бүс нутгийн яриа хэлэлцээний форум, Төв Азийн бизнесийн өрсөлдөх чадавх, Төв Азийн тээврийн коридорын хөгжилт зэрэг өргөн хүрээтэй асуудлууд хэлэлцэгдсэн байдаг.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2023 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы үеэр Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан болон Туркменистаны удирдагчдын дээд түвшний уулзалтыг анх удаа амжилттай зохион байгуулсан нь түүхэн үйл явдал байв. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Төв Азийн орнуудын удирдлагатай хил хамгаалалт болон хууль сахиулах байгууллагуудын чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэж, 90 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ хүрээнд терроризм, хар тамхи, зэвсгийн хууль бус наймааг зогсоох зорилгоор сургалт, тээврийн хэрэгсэл болон тоног төхөөрөмж нийлүүлсэн байдаг.
Сайхь дээд түвшний уулзалтын дараа Төв Азийн удирдагчид тун удалгүй 2023 оны аравдугаар сард Германы канцлер Олаф Шольцын зохион байгуулсан дээд түвшний уулзалтад оролцохоор Берлинд хүрэлцэн ирсэн юм. Украинд болж буй дайн (мөн Афганистаны дайны төгсгөл) нь зөвхөн АНУ ба Төв Ази төдийгүй Европ ба тус бүс нутгийн хоорондын харилцааг өргөн хүрээнд дахин тооцоолоход хүргэж байгааг онцолсон билээ. ЕХ-ны орнуудын дотроос Герман нь Төв Азийн орнуудын хамгийн чухал түншүүдийн нэг бөгөөд энэ нь дээд түвшний уулзалтын ач холбогдлыг улам нэмэгдүүлжээ. Уулзалтаас гаргасан Хамтарсан Мэдэгдэл өргөн хүрээтэй байсан бөгөөд Герман болон Төв Азийн хооронд “Стратегийн бүс нутгийн түншлэл” тогтоох тохиролцоогоор өндөрлөсөн юм. Энэ хүрээнд талууд дараах дөрвөн чиглэлээр одоо байгаа хамтын ажиллагаагаа “бэхжүүлж, шинэ шатанд гаргана” гэжээ. Үүнд: эдийн засаг, эрчим хүч, байгалийн нөөц; бүс нутгийн хамтын ажиллагаа ба сөрөн тэсвэрлэх чадавх; уур амьсгал ба хүрээлэн буй орчин; хүн хоорондын харилцаа багтсан байна.
Хамтарсан Мэдэгдэлд онцгойлон дурдсан нэг зүйл бол “Дундад коридор”-ыг дэмжиж буй явдал байв. Энэ нь Евразийн эх газрын дундуур тээвэр, худалдааны сүлжээ байгуулах санаачилга бөгөөд сүүлийн жилүүдэд Транс-Каспийн олон улсын тээврийн зам (TITR) гэх зэрэг нэрээр нэрлэгдэж иржээ. Украинд болж буй дайн болон Европ, Оросын хоорондох геополитик, эдийн засаг, эрчим хүчний харилцааны дахин өөрчлөлт нь Дундад коридорыг бодит ажил хэрэг болгох хэрэгцээ, хөшүүргийг бий болгосон. ЕХ-ны захиалгаар 2019 оны ЕХ-ны Төв Азийн стратеги болон 2021 оны “Дэлхийн гарц” стратегийг хэрэгжүүлэх зорилгоор Европын Сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD)-аар хийлгэсэн судалгаанд Төв-Каспийн тээврийн сүлжээ (CTCN), ялангуяа Казакстаны өмнөд нутгаар дайран өнгөрөх зам нь Европ ба Төв Азийг холбох хамгийн тогтвортой тээврийн зам гэж дүгнэжээ. Энэхүү судалгаа 2021 оны арваннэгдүгээр сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл үргэлжилсэн байна. Герман-Төв Азийн Хамтарсан Мэдэгдэлд уг судалгааг тодорхой дурдсан бөгөөд Герман улс “эдгээр санаачилгыг үндэсний болон ЕХ-ны түвшинд дэмжихээ амлалаа” гэж хэвлэлүүд тэмдэглэж байв.
Европын Холбоо-Төв Азийн С5-ын удирдагчдын анхны дээд түвшний уулзалт 2025 оны дөрөвдүгээр сард Узбекистаны Самарканд хотноо зохион байгуулагдав. ЕХ-г Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Антониу Кошта, Еврокомиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нар төлөөлөн оролцов. Уулзалтыг нээж Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев он байгуулсан юм. “Манай харилцаа одоогоор бүрэн чадавхидаа хүрээгүй байна. Манай түншлэл бол зорилго биш, аялал юм. Энэ дээд түвшний уулзалт нь харилцааны шинэ хэмжээсийн эхлэл бөгөөд нэг удаагийн үйл явдал биш байх болно” гэж Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Антониу Кошта мэдэгдсэн байна
Тэрбээр цааш нь хэлэхдээ: Геополитикийн дэлхий болон бүс нутгийн орчин хувьсан өөрчлөгдөж буй энэ үед удирдагчид ЕХ болон Төв Азийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх үүрэг амлалтаа дахин нотолж, харилцаагаа стратегийн түншлэл болгон шинэ түвшинд хүргэхээр шийдвэрлэв гэжээ.
Уулзалтын төгсгөлд удирдагчид Хамтарсан Тунхаглал гаргасан. Түүнд: “Бид энх тайван, аюулгүй байдал, ардчиллын төлөө хамтран ажиллах, НҮБ-ын Дүрэм болон бүх улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаарт нь хүндэтгэх үндсэн зарчмуудыг бүрэн дэмжихээ амлаж байна” гэсэн байна. Түүнчлэн хориг арга хэмжээг тойрон гарах явдлыг урьдчилан сэргийлэх нь ЕХ-Төв Азийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг удирдагчид онцлов.
Бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн хүрээнд удирдагчид 2025 оны гуравдугаар сард Киргизстан, Тажикистаны хооронд байгуулсан улсын хил тогтоох гэрээг сайшааж, хүлээн зөвшөөрсөн юм.
2015 оны аравдугаар сард Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Төв Азийн таван орон ба Монгол Улсад дараалсан айлчлал хийсэн нь бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны хөгжилд шинэ үе шат болов. 2024 оны наймдугаар сард Японы Ерөнхий сайд Фумио Кишида Узбекстанд С5+Японы саммитыг зохион байгуулж, Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байсан боловч газар хөдлөлтийн улмаас дээрхийг хэрэгжүүлж чадаагүй “Phone Summit” хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы өмнө зохион байгуулсан Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишидатай хоёр талын уулзалт хийсэн юм.
2009 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Мён-Пак Казахстан, Узбекстанд, 2014 онд ерөнхийлөгч Пак Гынь-Хе Узбекистан, Казакстан, Туркменистан, 2019 онд ерөнхийлөгч Мүн Жэ-Ин Туркменистан, Узбекистан, Казахстан, 2024 онд ерөнхийлөгч Юүнь Сог-Ёл Туркменистан, Узбекистан, Казахстанд тус тус айлчлал хийсэн нь тус бүс нутгийн өсөн нэмэгдэж буй ач холбогдлыг эрхгүй харуулав.
2006 оны есдүгээр сарын 8-нд Казахстаны Семипалатинскийн цөмийн туршилтын талбайд гарын үсэг зурсан «Төв Азийн цөмийн зэвсэггүй бүсийн тухай гэрээ» 2009 оны гуравдугаар сарын 21-нд хүчин төгөлдөр болж, 2012 оны тавдугаар сарын 3-нд Вена дахь Олон улсын атомын эрчим хүчний агентлаг дээрх гэрээг бүртгэж, Цөмийн зэвсэггүй бүсийн бусад гэрээнүүдийн нэгэн адил уг гэрээний хавсралт Протоколд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн P5 2014 оны тавдугаар сарын 6-нд Нью-Йорк хотноо гарын үсэг зурсан нь бүс нутгийн болон Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой байв.
Монгол Улс ба Төв Азийн бүс нутгийн орнууд далайн гарцгүй хөгжиж буй орнууд гэдэг утгаараа суурь бүтцийн нийтлэг сорилт бэрхшээлтэй тулгардаг нь дурдсан чиглэлд хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зүй ёсоор нөхцөлдүүлдэг бөгөөд НҮБ-д Ажиглагч статустай Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны Тинк-Танк төвийн хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломж шинээр гарч ирж байгаа болно. Улаанбаатар хотод төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг (ITTLLDC) байгуулах тухай Олон талт хэлэлцээрийг Төв Азийн орнууд соёрхон баталж, гишүүнээр элссэн. Тухайлбал Төв Азийн тав улсаас дөрвөн улс уг гэрээг соёрхон баталж, албан ёсны гишүүн болоод байгаа юм. Казахстан Улс 2015 онд, Киргиз Улс 2017 онд, Тажикистан Улс 2017 онд, Туркменистан Улс хамгийн сүүлд буюу 2025 оны хоёрдугаар сард тус байгууллагын 15 дахь гишүүн орноор нэгдэн оров.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 2025 оны зургаадугаар сард Монгол Улсад хийсэн түүхэн анхны төрийн айлчлалынхаа үеэр тус төвийн олон талт хэлэлцээрт нэгдэн орон хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн. Хамтарсан мэдэгдэлд тэмдэглэснээр талууд далайд гарцгүй орнуудын хувьд тулгардаг тээвэр, логистикийн саад бэрхшээлийг даван туулахын тулд тус судалгааны төвтэй хамтран хамгийн дөт, үр ашигтай тээврийн коридоруудыг тодорхойлох хавсарга судалгаа хийхээр тохиролцсон билээ. Айлчлалын үеэр хамтын ажиллагааны нийт 14 эрхзүйн баримт бичигт гарын үсэг зурсны дотор авто тээвэр болон агаарын харилцааны хэлэлцээрүүд багтсан нь бүс нутгийн суурь бүтцийн холболтыг сайжруулахад чиглэгдсэн юм. Энэхүү алхам нь Узбекистан Улс далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах олон улсын механизмд илүү идэвхтэй оролцож, Монгол Улсын олон улсын тавцан дахь санаачилгыг дэмжиж буйн илрэл болсон юм.
Монгол Улс Төв Азийн гурван улс Казахстан, Киргизстан, Узбекистанд ДТГ-тай болсон. Өнгөрсөн болон энэ жилийн үйл ажиллагаанаас тэмдэглэхэд л Монголын бизнесийн байгууллагууд Узбекистан, Туркменистанд томоохон бизнесийн үйл ажиллагаа явуулж буй нь бизнес форумын үеэр тодорхой харагдаж байсан.
Ялангуяа Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг олон эх сурвалжаар ханган баталгаажуулах, тэрбум мод хөтөлбөр, цөлжилттэй тэмцэх чиглэлд Төв Азийн бүс нутаг нэн чухал ач холбогдолтой болж байна.
Монгол Улс Төв Азийн хамгийн том нутаг дэвсгэр, байгалийн баялаг, эдийн засгийн чадавхтай Бүгд Найрамдах Казахстан Улстай “Стратегийн түншлэл”, хамгийн олон хүн амтай, худалдаа-эдийн засгийн чадавхтай Узбекистантай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааны эрхзүйн үндсийг баттай тавьсан.
Геополитикийн шинэ орчинд Монгол Улс үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нээлттэй, бие даасан, тэнцвэртэй гадаад бодлого явуулсан нь сүүлийн 35 жилд Монгол Улсын гадаад харилцаанд гарсан хамгийн том ололт мөн.
Олон улсын харилцаанд туйлшрах хандлага гүнзгийрч, геополитикийн орчинд урьдчилан таамаглах боломж хязгаарлагдаж, тодорхойгүй нөхцөл байдал өсөн нэмэгдэж буй энэ үе шатанд гадаад харилцаагаа эрсдэлгүй хөгжүүлэх явдал маш чухал болсоор байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн сайн арга хэрэгсэл нь “тэнцвэртэй” гадаад бодлого мөн.
Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалах тухайд ерөнхийлөгчийн институц, хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглал гадаад харилцааны асуудлаар нэгдсэн бодлого явуулж, гадаад ертөнцтэй “нэг цонх”-оор харьцах, өөрөөр хэлбэл, гадаад бодлогын асуудлаар нэг дуу хоолойтой байгаа нь нэн чухал ач холбогдолтой.
Монгол Улс хоёр хөрш болон Төв Азийн таван оронтой найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж буй нь “гуравдагч хөрш”-ийн бодлогод том гарз, том эрсдэл учирсан зүйл огт байхгүй болохыг мөн онцлон тэмдэглэх ёстой.
Монгол Улс гадаад харилцаандаа идэвхтэй, тэнцвэртэй гадаад бодлого явуулж буй нь дэлхий нийтийн дэмжлэгийг хүлээж байгаа билээ. Идэвхтэй гадаад бодлого нь өөрөө батлан хамгаалах хүч чадавх болдог ажгуу.
Ковид цар тахлын үр дагавар, Орос, Украины дайн, Д.Трампын гадаад, дотоод бодлогын шинэ параметр, Персийн булан, Ормузын хоолойн хямрал олон зүйлийг шинээр эргэцүүлэх боломжийг олгож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!