Индэр    
1 цаг 29 минутын өмнө
Зураг
Судлаач, шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор, Хүндэт дипломат, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн

ОХУ, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны шинэ дүр төрх - I

Редакцын бус нийтлэл
Зураг

I. Зөвлөлт, Хятадын харилцаа хэвийн болсон нь

Зөвлөлтийн удирдагч М.С. Горбачёв 1986 оны долоодугаар сард Владивостокт хэлсэн үгэндээ, Японтой сайн хөршийн харилцаа тогтоох, Солонгосын хойгийн асуудлыг энхтайван замаар зохицуулах, Ази-Номхон далайн орнуудыг оролцуулан Хельсинк маягийн чуулга уулзалт хийх санал дэвшүүлснээс гадна «Түүх Зөвлөлт, Хятадын ард түмэнд онц хариуцлагатай үүрэг ногдуулж байна. Хоёр том улсаас олон улсын хөгжлийн олон зүйл шалтгаална. Манай харилцаа сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц сайжирлаа. ЗХУ Хятадтай сайн хөршийн харилцааны байдал бий болгох нэмэлт арга хэмжээний тухай асуудлыг ямар ч цагт, ямар ч түвшинд хамгийн буурьтай хэлэлцэхэд бэлэн байгааг нотлохыг хүсэж байна. Биднийг зааглаж байгаа (холбож байгаа гэж хэлмээр байна) хил ойрын ирээдүйд энхтайван, найрамдлын зурвас болно гэж найдаж байна» гэсэн бол, 1987 оны долоодугаар сард Индонезийн “Мердека” сонинд өгсөн ярилцлагадаа дээрхийг дахин нотолж, 1988 оны есдүгээр сард Красноярскт хэлсэн үг төвөгтэй байсан хэдий ч Алс Дорнодын олон улсын харилцааны орчин, геополитикийг шинэ сэтгэлгээний үүднээс шинээр авч үзэх боломж олгосон юм. Тэрбээр хэлсэн үгэндээ Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд юуны өмнө цэргийн сөрөг төвлөрлийг багасгах, итгэлцлийг бэхжүүлэх тухай Хятад, Япон, БНАСАУ болон анх удаа нэр заан Өмнөд Солонгосыг оролцуулан олон этгээдийн хэлэлцээ хийх санал дэвшүүлэв. М.С.Горбачёв 1988 оны арванхоёрдугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн 43 дугаар чуулганы индрээс дахин шинэ санаачилга дэвшүүлсэн нь зэвсэгт хүчнээ үлэмж хорогдуулж, Монголоос цэргийнхээ үлэмж хэсгийг гаргана гэдгээ анх удаа зарлав. Өөрчлөн байгуулалт, шинэ сэтгэлгээ: Манай орны болон дэлхий дахинд бүтээлдээ Хятадын «дөрвөн шинэчлэл»-ийн үйл явцаар нэн сонирхолтой, олон талаар үр бүтээлтэй үзэл санааг хэрэгжүүлж буй БНХАУ-тай тогтоосон харилцааны чухлыг тэмдэглэсэн зэрэг нь Бээжингийн удирдагчдын анхаарлыг зүй ёсоор татсан юм.

1980-аад оны туршид олон үе шаттай явагдсан Зөвлөлт, Хятадын улс төрийн зөвлөлдөх уулзалтын үеэр харилцааг сайжруулахад тээг болж буй «гурван харш саад»-ыг арилгах болзлыг Хятадын талаас байнга тавьж байсан нь “ямар ч тохиолдолд аливаа улсын батлан хамгаалах хүчин гагцхүү өөрийн улсын хилийн дотор байрлах ёстой” гэдэгт үндэслэж байв. «Гурван харш саад»-ыг арилгах гэдэг нь нэгд, Монголоос зөвлөлтийн цэргийг гаргах, хоёрт, Кампучиас Зөвлөлтийн дэмжлэгтэй вьетнамын цэргийг гаргах, гуравт, Афганистанаас зөвлөлтийн цэргийг гаргах эдгээр асуудлыг шийдвэрлэсэн тухайд л харилцааг хэвийн болгох боломжтойд оршиж байв. Тиймээс Бээжингийн удирдагчид «гурван харш саад» гэдэг нь Хятадыг гурван талаас нь бүсэлсэн байдлыг хэлж буй юм гэж Зөвлөлтийн талд тов тодорхой ойлгуулж байжээ.

Өөрийн аюулгүй байдлыг хангах нь бусдын аюулгүй байдлыг ямагт хөндсөөр иржээ. Зэвсэглэлээр хөөцөлдсөний гол уг сурвалж үүнд л оршиж байв. БНХАУ оршин тогтнож байсан түүхийнхээ туршид аюулгүй байдлаа дангаараа хангаж байсан гэж үзсээр иржээ. Мөн Хятад нь найрсаг хөршүүдээр хүрээлүүлж байгаагүй гэж үзэж байсан ажээ. Аль ч улс, гүрнүүдийн хооронд цэрэг-аюулгүй байдлын салбарт харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь хэчнээн чухал гэдэг нь эндээс тодорхой харагдаж байгаа юм.

1989 онд Афганистаны асуудлаар Женевийн хэлэлцээр байгуулагдаж, тус орноос зөвлөлтийн цэрэг гарав. 1989 оны есдүгээр сарын эцэс гэхэд Кампучиас вьетнамын “сайн дурынхан”-ыг бүрэн гаргах тухай Вьетнам, Кампучи, Лаосын 1989 оны дөрөвдүгээр сарын 5-ны Парисын Энхтайвны бага хурлаас гаргасан хамтарсан Тунхаглал улс төрийн томоохон үйл явдал болов. Нийтдээ вьетнамын 24 мянган цэрэг, офицер, зэвсэг, хүнд техникүүд гарчээ.

1989 оны хоёрдугаар сарын 4-нд «Хил дээрх цэргийн тоог цөөлөх тухай Зөвлөлт-Хятадын хэлэлцээр»-т Бээжин хотноо гарын үсэг зурав. Дурдсан хэлэлцээрийн дагуу хоёр улс өөрийн хилийн дагуу төвлөрүүлсэн цэргийн тоог цөөрүүлэх, Афганистан болон Монголоос зөвлөлтийн цэргийг гаргах асуудлаар урьдчилсан байдлаар тохиролцсон байна.

1982 оны аравдугаар сараас Зөвлөлт, Хятадын улс төрийн зөвлөлдөх уулзалтын Хятадын талын тэргүүн, ЗХУ-д сургууль төгссөн, “зөвлөлтийн талаарх гол мэргэжилтэн” Цянь Цичэнь 1988 онд ГЯЯ-ны сайд У Сюэцянь-ийн оронд шинээр томилогдсон нь санамсаргүй зүйл биш байв. Тэрбээр гадаад дахь айлчлалаа ЗХУ-аас эхэлж, Москвад хийсэн яриа хэлэлцээний үеэр «гурван харш саад»-аа татаж авснаа албан ёсорр нотолж, мөн Монголын тусгаар тогтнолын асуудлаар Хятадын анхны албан ёсны байр суурийг илэрхийлжээ.

Зөвлөлтийн удирдагчдаас гучин жилийн дараа М.С.Горбачёв 1989 оны тавдугаар сард Хятадад албан ёсны айлчлал хийсэн нь дэлхий дахины анхаарлыг онцгой татсан юм. М.С.Горбачёв Хятадын удирдагч Дэн Сяопинтэй уулзахдаа Монгол дахь зөвлөлтийн цэргийн 75 хувийг ойрын үед эх оронд нь буцаах бөгөөд үлдсэн 25 хувийг гаргах боломж, хугацааны тухай асуудлыг БНМАУ-тай хэлэлцэх болно гэжээ. Мөн Зөвлөлт-Хятадын харилцааны сайжрал нь гуравдагч этгээдэд (Монгол Д.У) хохирол учруулахгүй гэж мэдэгджээ.

Хятадын тал Зөвлөлт-Хятадын харилцаа сэргэж, хэвийн болсныг өндөр үнэлэхийн хамт, хоёр орны харилцаа цаашдаа 1950-иад оны үеийнх шиг холбоотны харилцаанд тулгуурлахгүй, тэр үед эргэж очихгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн нь шинэлэг зүйл болсон юм. Хятадын энэхүү байр суурь өнөөг хүртэл хоёр талын дээд түвшний Хамтарсаөн Тунхаглал, Мэдэгдэлүүдэд цохон дурдагдсаар ирснийг тэмдэглэх хэрэгтэй. Ер нь хөрш хоёр гүрэн холбоотны харилцаатай, эсвэл харилцаа хурцдаж байсан үе нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж ирснийг түүхэн сургамж харуулдаг.

Тийнхүү Зөвлөлт, Хятадын харилцаа хэвийн болсон нь Монгол-Хятадын харилцаа хэвийн болох түүхэн урьдач нөхцөлийг бүрдүүлсэн юм.

ЗХУ Монголоос цэргээ татахын хамт Хятад, Зөвлөлтийн хилийн дагуух цэргийг хамгийн доод түвшинд хүртэл хорогдуулах, хорогдуулсан цэргээ бусад оронд шилжүүлэн байрлуулахгүй байх байр суурьтай байгаагаа Цянь Цичэнь Зөвлөлтийн дипломат албаны тэргүүн Эдуард Шевардназед мэдэгдээд БНХАУ Монгол Улстай найрамдалтай, сайн хөрш байхыг эрмэлзэж байгаа бөгөөд БНМАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх үндсэн дээр тус улстай харилцах бодолтой байна гэдгээ нотолсон нь Монголын талын анхаарлыг зүй ёсоор татаж, чухамдаа Монгол, Хятадын ГЯЯ-ны сайд нар харилцан айлчлах дипломатын урьдчилсан нөхцөл болсон байна.

II. ОХУ, БНХАУ-ын Стратегийн түншлэлээс Иж бүрэн Стратегийн харилцан ажиллагааны түншлэлд

ЗСБНХУ задарч түүний буурин дээр олон улсын харилцааны эрхзүйн шинэ субъект ОХУ байгуулагдсан даруйд БНХАУ 1991 оны арванхоёрдугаар сарын 27-нд ОХУ бол ЗСБНХУ-ын хууль ёсны залгамжлагч мөн гэж хүлээн зөвшөөрч, дипломат харилцааг элчин сайдын түвшинд үргэлжлүүлэх баримт бичигт гарын үсэг зуржээ.

Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин 1992 оны сүүлчээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, энэ үеэр талууд “ОХУ ба БНХАУ-ын хоорондын харилцааны Үндэс суурийн тухай Хамтарсан Мэдэгдэл” гаргаж, “бие биенээ найрсаг улс орнууд” хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Энэхүү айлчлалыг БНХАУ ЗХУ-тай хөгжүүлж байсан харилцаагаа цаашид ОХУ-тай шинээр, саадгүй үргэлжлүүлэн хөгжүүлэх чиглэлд хийсэн чухал алхам болсон хэмээн үздэг.

1994 оны нэгдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин БНХАУ-ын дарга Зянь Зэминд илгээсэн захидалдаа хоёр орны харилцаанд “бүтээлч түншлэл” байгуулах саналыг анх тавьжээ. Тийнхүү 1994 оны есдүгээр сард БНХАУ-ын дарга Зянь Зэминь ОХУ-ын нийслэл Москва хотод хариу айлчлал хийсэн юм. Энэхүү дээд түвшний уулзалтын үеэр талууд Хамтарсан Тунхаглалд гарын үсэг зурж, хоёр улс сайн хөршийн болон харилцан ашигтай хамтын ажиллагаанд тулгуурласан “бүтээлч түншлэл”-ийн (конструктивное партнерство) харилцаа тогтоосноо албан ёсоор зарлав.

ОХУ-ын Ерөнхийлөгч Ельцин 1996 оны дөрөвдүгээр сард БНХАУ-д дахин айлчилжээ. БНХАУ-ын дарга Зян Зэминь, ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцин нар дөрөвдүгээр сарын 25-нд хоёр улсын төрийн тэргүүн нар Бээжин хотноо “Хятад-Оросын гурав дахь Хамтарсан Мэдэгдэл”-д гарын үсэг зурж, “эрх тэгш, харилцан ашигтай, 21 дүгээр зуун руу чиглэсэн Стратегийн хамтын ажиллагааны түншлэл” тогтоосноо албан ёсоор зарлан тунхаглав (Партнерство стратегического взаимодействия, основанное на равенстве, доверии и обращенное в XXI век). “Хятад-Оросын Стратегийн хамтын ажиллагааны түншлэл” нь “Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим”-д тулгуурласан, сөргөлдөхгүй бөгөөд гуравдагч аль нэг улсын эсрэг чиглээгүй “улс хоорондын харилцааны шинэ хэлбэр” болохыг тэмдэглэсэн байна. Энэ нь хоёр улс бүхий л салбарт эрх тэгш, харилцан ашигтайгаар өргөн хүрээнд хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ жил Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна.

Хятадын удирдагч Зян Зэнминь 1997 оны дөрөвдүгээр сард Москвад албан ёсоор айлчилж, «Олон туйлт ертөнц, олон улсын шинэ дэг журмыг цогцлоон байгуулах тухай Орос-Хятадын Хамтарсан Тунхаглал»-ыг (Российско-китайская совместная декларация о многополярном мире и формировании нового международного порядка) батлан гаргаж, 1998 оны арванхоёрдугаар Бээжинд сард гарын үсэг зурсан Хамтарсан Мэдэгдэлд “эрх тэгш, буурь суурьтай түншлэл” (равноправное и серьезное партнерство) тогтоосныг зарлажээ.

Хятадын удирдагч Зян Зэминь ОХУ-ын удирдагч В.Путины урилгаар Москвад албан ёсны айлчлал хийх үеэр 2001 оны долоодугаар сарын 16-нд «ОХУ, БНХАУ-ын хоорондын Сайн хөрш, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ»-нд (Договор о добрососедстве, дружбе и сотрудничестве между Российской Федерацией и Китайской Народной Республикой) хоёр улсын удирдагчид гарын үсэг зурав (энэ жил тус гэрээний 25 жилийн тохиож байна). Сайхь гэрээ нь 25 зүйлээс бүрдсэн, хоёр орны хамтын ажиллагааны үндсэн зүйлүүдийг тусгасан эрхзүйн суурь баримт бичиг бөгөөд хүчинтэй байх хугацааг 20 жил гэж тодорхойлсон байна. 2021 оны долоодугаар сард тус гэрээний хугацаа дуусаж байгаа тул мөн оны зургаадугаар сарын 29-нд хөрш хоёр орны удирдагчид цахим саммит хийж, дурдсан гэрээг 5 жилээр сунгахаар тохиролцож байв. Дээрх гэрээнд гарын үсэг зурахаас яг нэг сарын өмнө Төв Азид Америкийн нөлөөллийг саармагжуулах зорилготой «Шанхайн тав» нь ШХАБ болон өргөжсөн түүхтэй. Үүнтэй нэгэн зэрэг В.Путин, Зян Зэминь нар 9 зүйл бүхий Москвагийн Тунхаглалд мөн гарын үсэг зурсан юм.

В.Путин гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдоод удалгүй 2012 оны зургаадугаар сард Бээжинд төрийн айлчлал хийж, “Орос, Хятадын Иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэлийг (всеобъемлющее партнерство и стратегическое взаимодействие) хөгжүүлэхээр тохиролцов.

2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин Хятадын удирдагчаар сонгогдсоноос хойш анх удаа Москвад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр гүрний харилцааг “тусгай харилцаа” (Особые отношения) хэмээн онцлов. 2017 оны долоодугаар сард Хятадын удирдагч Ши Жиньпин Москвад айлчлах үеэр В.Путин түүнд ОХУ-ын төрийн дээд “Гэгээн Андрей”-н одон гардуулж, харин Ши Жиньпин «Хоёр орны дотоод нөхцөл, олон улсын байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран Орос улсад хандах бидний хандлага, үндсэн зарчим огт хувирахгүй гэж анх удаа мэдэгдэж байв. Энэ үеэр хоёр орны удирдагчид ОХУ, БНХАУ-ын харилцаа нь хурцадмал үеийн “шилдэг харилцаа” (Лучшие отношения в период напряженности) гэж дүгнэсэн байна. В. Путин болон Ши Жиньпин нар хоёр улсын харилцаа түүхэндээ хамгийн шилдэг үе шат (наилучший период) болон улс хоорондын харилцааны үлгэр жишээ (образец межгосударственных отношений)-н дээрээ ирээд байгааг онцлон тэмдэглэж байсан юм.

2019 оны зургаадугаар сарын 5-нд Москвад Орос, Хятадын удирдагч В.Путин, Ши Жиньпин нар “Шинэ эрин үе дэх Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн тухай ОХУ, БНХАУ-ын Хамтарсан Мэдэгдэл” -д гарын үсэг зурав.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2022 оны хоёрдугаар сард Бээжингийн өвлийн XXIV олимпийн нээлтийн арга хэмжээнд оролцох үеэр Бээжинд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Орос, Хятадын “хязгааргүй түншлэл”-ийн (No-Limits Partnership) Хамтарсан Мэдэгдэлд гарын үсэг зурав.

Орос-Хятадын харилцааг Өрнөдийн судлаачид “бал саран” дээрээ явж байна гэж үздэг. Эдүгээ өндөр дээд түвшинд хоёр тал харилцааны хөгжлийн хүрсэн түвшинг маш өндрөөр шагшин магтах болсон. Хэр удаан үргэлжлэхийг түүх харуулна.

Орос-Хятадын харилцаа “иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэл”-ийн түвшинд хүрсэн нь Монгол Улсын гадаад хамгийн ойр орчин таатай байна гэж үзэж болох талтай.

Сүүлийн үед дэлхийн II дайнд нацист Германыг бутцохиод хамгийн ихээр оролцож ЗХУ-д тусалсан улс нь Хятад, түүний аугаа баатарлаг ард түмэн гэж нотлохыг оролдож, энэ нь орос, хятад цэргүүдийн гүн нөхөрлөлийг харуулж буй мэтээр их ярих, бичих болов. Түүхийг ингэж дахин засварлаж, гуйвуулж болохгүй билээ.

2018 онд Орос, Хятадын худалдааны эргэлт 30 хувийн өсөлт үзүүлж, анх удаа 100 тэрбум ам. долларын босгыг давж, 107.06 тэрбум ам. долларт хүрснийг Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фен (Gao Feng) болон Гаалийн Ерөнхий газар албан ёсоор зарлаж байв. ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин 2021 оны зургаадугаар сарын эхээр Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн 24 дүгээр форумд оролцох үеэр олон улсын хэвлэлийн агентлагийн төлөөлөгчидтэй видео уулзалт хийх үеэрээ цар тахал дэгдсэн хэдий ч Орос, Хятад худалдааны эргэлтийн хэмжээг 100 тэрбум ам.долларын түвшинд барьж чадсан хэмээн В.Путин мэдэгдэж байсан юм.

Орос Украинд бүрэн хэмжээний цэрэг дайны ажиллагаа эхлүүлсэн 2022 оны эцэст хоёр улсын худалдааны эргэлт 32 хувиар өсөж, 190 тэрбум ам. долларт хүрч, түүхэн дээд амжилт үзүүлснийг Хятадын Гаалийн Ерөнхий газраас мэдээлж байсан бол Хятад-Оросын худалдаа 2025 оны эцэст 228.1 тэрбум ам.долларт хүрч, 2024 оны дээд үзүүлэлт болох 245 тэрбум ам.доллартой харьцуулахад 6.9 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд сүүлийн 5 жилд анх удаа худалдааны эргэлт багассан тохиолдол болов. Хэдийгээр бууралттай гарсан ч хоёр улсын худалдаа ийнхүү 3 жил дараалан 200 тэрбум ам.долларын босгыг даваад байна.

Хятад улсын 2025 оны гадаад худалдааны нийт эргэлт түүхэн дээд хэмжээнд буюу 6.36 их наяд ам.долларт хүрч, Оростой хийсэн худалдаа (227.9 - 240 тэрбум ам.доллар) Хятадын нийт худалдааны дөнгөж 3.5 - 3.8 орчим хувийг эзэлж байна.

Тэгвэл Хятад, Америкийн хооронд худалдааны дайн, тарифын маргаан үргэлжилж, АНУ руу гаргах экспорт 20 хувиар буурсан ч АНУ Хятадын худалдааны асар том зах зээл хэвээр байгаа бөгөөд худалдааны нийт эргэлт 574.66 тэрбум ам.доллар буюу 4.01 их наяд юаниар хэмжигдэж, АНУ Хятадын гадаад худалдаанд 8.8 хувийг эзэлж байна. Энэ нь Оростой харьцуулахад АНУ-тай хийсэн худалдаа нь Хятад-Оросын худалдаанаас 2.4 дахин их байгааг Global Times тэмдэглэсэн байна.

ЕХ нь Хятадын гадаад худалдааны хамгийн том түншүүдийн нэг хэвээр байгаа бөгөөд худалдааны нийт эргэлт 849.8 тэрбум ам.доллар буюу 5.93 их наяд юаниар хэмжигдэж, Хятадын гадаад худалдаанд 13 хувийг эзэлж байна. Энэ нь Оростой харьцуулахад ЕХ-той хийсэн худалдаа нь Хятад-Оросын худалдааны эргэлтээс даруй 3.5 дахин их байгааг Global Times мөн харьцуулан тэмдэглэсэн байна.

Анхаарах ноцтой асуудал нь ОХУ худалдаа-эдийн засаг, валют, санхүү, зээл, төлбөр тооцооны хувьд Хятадаас улам бүр хамааралтай болсоор байгааг мэргэжилтнүүд тэмдэглэсээр байгаа юм.

Хятадын зарим судлаачид олон талт дэлхийн шинэ дэг журам төлөвшиж байна гэхээсээ илүүтэй Хятад төвтэй, АНУ төвтэй олон улсын харилцааны хоёр туйл бүрэлдэж байна гэж бичсэн нь ажиглагддаг. БНХАУ-ын Бээжингийн Ардын их сургуулийн Олон улс судлалын сургуулийн орлогч захирал др.проф. Жинь Цанрун (Jin Canrong (金灿荣) энэ талаар ихээхэн бичиж, ярьдаг. Тэрбээр ойрын ирээдүйд гол зөрчил Хятад, Америкийн дунд өрнөх агаад удахгүй БНХАУ АНУ-ыг гүйцнэ. Хятадын эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Хятадын эргэн тойронд буй Монгол болон Төв Азийн орнууд Хятадыг л түшиглэнэ. Тэдний гол түшиг нь Хятад юм хэмээн мэдэгддэг. Оросын Украинд бүрэн хэмжээний цэрэг дайны ажиллагаа эхлэхээс өмнө хятадын судлаачид ОХУ-ыг их гүрнүүдийн хоорондын харилцааг тэнцвэржүүлэгч гэсэн байр сууринаас бичих хандах төлөв ажиглагдаж байсан. Зарим судлаачид нь ОХУ-ын эдийн засаг бол Хятадын эдийн засгийн 10/1 хувь буюу Гуанжоугийн ДНБ-ээс ч доогуур хэмээн чамласан өнгө аястай бичсэн нь буй. Гэхдээ Хятадын эдийн засгийн удаашрал, ажиллах хүчний хомсдол, хөрөнгийн гадагшлах урсгал, эдийн засаг дахь төрийн оролцоо, улс төрийн системийн өөрчлөлтгүй байдал нь Хятадыг 2030 он, тэр ч байтугай 2050 гэхэд АНУ-ыг гүйцэж түрүүлэх тухай санал дүгнэлтүүдийг эргэж харахад хүргэж байгаа тухай Өрнөдөд бичиж эхлэв.