Олон улсын геополитикийн маш ээдрээтэй, халуун сэдвийн нэг нь Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудал байдаг. Өнгөрсөн зургаадугаар сарын 8-9-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хойд Солонгосын албан ёсны мэдээллийн агентлагийн тэмдэглэсэнчлэн БНАСАУ-д долоон жилийн дараа түүхэн айлчлал хийсэн бөгөөд дээд түвшний уулзалтын үеэр Солонгосын хойгийг “цөмийн зэвсгээс ангижруулах” тухай асуудал хөндөгдөх болов уу гэсэн хүлээлт огт чимээгүй өнгөрсөн нь олон улсын шинжээчдийн анхаарлыг хамгийн их татсан үйл явдал болов.
Ши Жиньпин 7 жилийн өмнө Хойд Солонгост албан ёсны айлчлал хийх үеэрээ Солонгосын хойг цөмийн зэвсэггүй бүс байх ёстой гэж тэмдэглэж байжээ.
Зүүн хойд Азийн цөмийн зэвсгийн гурвалжин харилцаа (Хойд Солонгос, Хятад, Япон) болон “де факто” (бодит байдал дээрх) нөхцөл байдлыг дараах 3 гол өнцгөөр тайлбарлаж байна. Үүнд:
Нэгд, Ши Жиньпин Хойд Солонгост айлчилснаар цөмийн зэвсэгтэйг нь хүлээн зөвшөөрсөн үйл явдал болсон уу? Ши Жиньпин, Ким Жон-Ун нарын уулзалтын албан ёсны мэдээнд “цөмийн зэвсгээс ангижрах” гэдэг үг ганц ч удаа дурдагдсангүй. Шинжээчдийн үзэж байгаагаар Хятад улс Хойд Солонгосыг өөрийн тойрог замдаа илүү баттай байлгахын тулд тэдний цөмийн зэвсэгтэй улс гэх статусыг бодит байдал дээр (де факто) хүлээн зөвшөөрсөн том алхам боллоо гэж үзсэн байна. Дипломат ёсонд дуугүй байх нь зөвшөөрсний шинж гэж үзэх ёсон байдаг.
Айлчлалын өмнө Хойд Солонгос албан ёсны мессеж илгээсэн билээ. Ким Жон-Ун Хятадын даргыг ирэхээс хэдхэн хоногийн өмнө уран баяжуулах шинэ нууц үйлдвэрийнхээ гэрэл зургийг олон улсад зориуд дэлгэж, цөмийн хүчээ “экспоненциал хурдаар” (маш богино хугацаанд асар хурдацтайгаар, тасралтгүй өсөж буй өөрчлөлт) нэмэгдүүлнэ гэдгээ зарласан. Хятад улс үүнийг нь шүүмжлэлгүй өнгөрөөсөн нь Хойд Солонгосын хувьд маш том дипломат ялалт болов гэж америкийн CNBC news онцлов.
Хоёрт, Японы цөмийн зэвсгийн санаархлын талаар НҮБ дэх маргаан юм. Япон улс түүхэндээ атомын бөмбөгөнд өртсөн цорын ганц улс учраас “цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй, эзэмшихгүй, нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй” гэсэн цөмийн зэвсэггүй байх алдарт “гурван зарчим”-ыг олон жил баримталж ирсэн. Гэвч сүүлийн үед нөхцөл байдал өөрчлөгдөж болзошгүй байгааг тэмдэглэсээр байгаа билээ.
Хойд Солонгосын баллистик пуужингийн заналхийлэл болон Хятадын цэргийн хүч улам нэмэгдэж байгаа нь Японы эрх баригч намын дотор “цөмийн зэвсэггүй байх үндсэн зарчмаасаа татгалзаж, өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй болох асуудлыг хэлэлцэх хэрэгтэй” гэсэн уриалга гаргахад хүргэх болсон нь Японы олон нийтийн дунд томоохон маргаан дагуулаад байгаа билээ.
Хойд Солонгос болон Хятад улс Японы энэхүү санаархлыг эрс эсэргүүцэж, НҮБ-ын индэр дээрээс “Япон улс дахин цэрэгжих, цөмийн зэвсэгтэй болох аюултай замыг сонголоо” гэж хүчтэй шүүмжилсээр байгаа юм.
Гуравт, Харьцангуй үнэн ба “Де факто” буюу “одоогийн бодит байдал”. Энд маш том олон улсын улс төрийн парадокс (зөрчил) харагддаг гэж хэлж болохоор байна.
Хойд Солонгос өөрсдөө НҮБ-ын хориг, олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг зөрчин, хэдийнээ олон арван цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэж, бодит байдал дээр де-факто цөмийн зэвсэгтэй улс болчхоод байна гэж шүүмжлүүлдэг.
Гэсэн атлаа тэд хөрш Япон улсаа “цөмийн зэвсэг хийх санаархалтай байна” гэж шүүмжилж байгаа нь олон улсын харилцаанд өөрийн цөмийн зэвсгийг “өөрийгөө хамгаалах хууль ёсны хэрэгсэл”, харин Японы алхмыг “бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл” гэж харуулах гэсэн суртал ухуулгын тактик юм.
Шинжээчдийн дүгнэлт нь Зүүн Азийн бүс нутагт цөмийн зэвсгээр хөөцөлдөх нууц уралдаан асар хүчтэй өрнөж байна. Хятад улс Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг чимээгүй хаацайлж байгаа нь эргээд Япон болон Өмнөд Солонгос улсуудыг АНУ-ын цөмийн хамгаалалтад илүү найдах, эсвэл ирээдүйд өөрсдөө цөмийн зэвсэгтэй болохоос өөр аргагүй байдалд шахаж байгаа тул бүс нутгийн нөхцөл байдал улам бүр тогтворгүй болсоор байна гэж үзэж байгаа юм.
Япон улсын цөмийн зэвсэг бүтээх чадавх болон энэхүү үйл явц олон улсын улс төрийн бодлогод ямар нөлөөтэй вэ гэсэн асуулт гардаг. Шинжээчид Японыг “Цөмийн зэвсэг болгон хувиргахад нэг алхмын зайд байгаа улс” (Paramount Nuclear-Capable State) гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл тэдэнд цөмийн зэвсэг хийх улс төрийн шийдвэрээс бусад бүх зүйл нь хэдийн бэлэн болсон байдаг гэсэн үг юм.
Японы цөмийн чадавхыг дараах гурван гол өнцгөөр хуваан үзэж болдог.
Үүнд: Нэгд, Түүхий эд буюу их хэмжээний плутони болон ураны нөөц ажээ. Япон улс нь цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод маш өндөр түвшинд ашигладаг бөгөөд цөмийн хаягдлаа дахин боловсруулах тусгай эрхийг ч олон улсаас авсан байдаг ажээ.
Өнөөдрийн байдлаар Японд ойролцоогоор 45-47 тонн цэвэр плутони хуримтлагдсан байгаа бөгөөд үүний 10 орчим тонн нь тус улсын нутаг дэвсгэрт хадгалагдаж байгаа ажээ.
Шинжлэх ухааны тооцоогоор нэг цөмийн бөмбөг хийхэд ердөө 4-6 килограмм плутони шаардлагатай болдог байна. Энэ нь Япон улсад бодит байдал дээр 5,000 гаруй цөмийн цэнэгт хошуу хийхэд хүрэлцэхүйц хэмжээний асар их түүхий эд аль хэдийн бэлэн байгаа гэсэн үг юм.
Хоёрт, Технологи болон хурд: Хэр хурдан хийж чадах вэ? Япон нь сансар судлал, пуужингийн технологи, цөмийн инженерчлэлийн салбарт дэлхийн шилдэгт тооцогддог. Тэдэнд атомын бөмбөг хийх онолын болон практикийн бүхий л мэдлэг нь бий.
Хэдий хугацаа орох вэ? Хэрэв Японы Засгийн газар “Цөмийн зэвсэгтэй болно” гэсэн улс төрийн эцсийн шийдвэрийг өнөөдөр гаргавал, тэд анхны цөмийн бөмбөгөө ердөө 6 сараас 1 жилийн дотор бэлэн болгож чадна гэж олон улсын цэргийн шинжээчид тооцоолсон байна.
Тэдэнд сансарт хиймэл дагуул хөөргөдөг “Epsilon” зэрэг бат бөх зөөгч пуужингууд байгаа тул түүнийгээ шууд цөмийн хошуу тээгч баллистик пуужин болгон ашиглах бүрэн боломжтой байдаг байна.
Гуравт, Саатуулах гол хүчин зүйл нь эрхзүйн орчин болон олон нийтийн эсэргүүцэл юм. Хэдийгээр технологи нь 100 хувь бэлэн байгаа боловч Японыг цөмийн зэвсэгтэй болоход хаалт болдог дараах гурван том шалтгаан байгаа нь нэгд, Японы Энх тайвны Үндсэн хуулийн 9 дүгээр заалтаар тус улс дайтах эрхээсээ татгалзсан бөгөөд “Цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй, эзэмшихгүй, нутагтаа нэвтрүүлэхгүй" гэсэн Үндсэн хуулийн заалттай.
Хоёрт, Хирошима, Нагасакигийн эмгэнэлт үйл явдлыг биеэрээ туулсан Японы ард түмэн цөмийн зэвсгийг үл тэвчдэг бөгөөд засгийн газраа үүнийг хийхийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж үздэг.
Гуравт, Япон улс өнөөдөр АНУ-ын цөмийн шүхрийн хамгаалалтын дор амьдарч байгаа тул өөрсдөө заавал бөмбөг хийж олон улсын хоригт орох шаардлагагүй гэж үзэх нь буй.
Хэрэв Хойд Солонгосын заналхийлэл улам нэмэгдэж, АНУ ирээдүйд Японыг хамгаалахаас татгалзах хэмжээнд хүрвэл Япон улс өөрийгөө хамгаалахын тулд маш богино хугацаанд цөмийн зэвсэгтэй аугаа гүрэн болж хувирах бүрэн чадалтай ажгуу. Энэ нь Хятад болон Хойд Солонгосыг хамгийн их айлгадаг нууц хүчин зүйл юм.
Хойд Солонгос, ОХУ-ын цэргийн нууц холбоо улам гүнзгийрч байгаа нь Хятад улсын хувьд олон улсын тавцанд маш том стратегийн дарамт болоод байгаа билээ.
Гаднаас нь харахад Хятад, Орос, Хойд Солонгос гурав нэг тал мэт харагддаг ч, бодит байдал дээр Бээжингийн эрх баригчид энэхүү хоёр талын хэтэрхий дотно цэргийн түншлэлд дургүйцсэн, түгшсэн байдалтай хандаж байгаа билээ. Үүний гол шалтгаануудыг дараах гурван өнцгөөр тайлбарлах боломжтой.
Нэгд, Чингэснээр Ази дахь АНУ-ын нөлөөг улам нэмэгдүүлэх болно, энэ бол хамгийн том болгоомжлол юм. Нөхцөл байдал ямар байна вэ гэхлээр Оросын тусламжтайгаар Хойд Солонгос пуужин, цөмийн технологио улам сайжруулж, бүс нутгийг тогтворгүй болгох тусам хөрш Япон болон Өмнөд Солонгос улсууд аюулгүй байдлын үүднээс АНУ-тай цэргийн холбоогоо улам зузаатгаж байна. Энэ нь АНУ-ын цэргийн хүч, пуужингаас хамгаалах системүүд Хятадын хажууханд, Зүүн хойд Ази, Номхон далайн бүсэд улам олноор байрших шалтаг болж байгаа юм. Хятад улс өөрийнх нь хаяанд АНУ-ын цэргийн бүслэлт зузаарч байгаад Хойд Солонгосыг буруутгадаг нь бас нууц биш юм.
Хоёрт, Бүс нутгийн хяналтыг алдах эрсдэл гэж үздэг. Нөхцөл байдал ямар байна вэ гэхлээр Дэлхийн II дайнаас хойш Хятад улс Хойд Солонгосын хамгийн том “ах”, тэдний эдийн засаг, улс төрийг ганцаараа удирддаг гол тоглогч байсаар ирсэн. Гэтэл ОХУ Хойд Солонгост орчин үеийн цэргийн технологи (хиймэл дагуул, шумбагч онгоцны нууц) нийлүүлэх замаар Пёньяны хамгийн том ивээн тэтгэгч нь болон хувирч байна. Ким Жон-Ун одоо Хятадаас гадна Орос хэмээх том ар талтай болсон тул Хятадын үгэнд тэр бүр орохгүй, дур зоргоороо авирлах, бүс нутагт дайн өдөөх эрсдэл нэмэгдэж буй нь Бээжингийн хяналтыг сулруулж байна гэж үзэж байгаа юм.
Гуравт, Европын хориг ба эдийн засгийн дарамт юм. Хятад улс өнөөдөр өөрийн эдийн засгийг тогтвортой байлгахын тулд АНУ болон Европын Холбооны зах зээлээс маш их хамааралтай байдаг. Тэдэнд Өрнөдийн орнуудтай худалдааны дайн хийх сонирхол байхгүй. Орос, Хойд Солонгосын цэргийн холбоог Өрнөдийн орнууд “Дэлхийн аюулгүй байдалд заналхийлсэн шинэ тэнхлэг” гэж үзэж байгаа билээ. Хятад улс энэ хоёр улсыг эдийн засгаар байнга дэмждэг (газрын тос, хүнс өгдөг) учраас Өрнөдийнхөн Бээжинг тэдний “хамтрагч” гэж харан, Хятадын компаниудын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг давхар авч эхэлсэн нь Хятадын эдийн засагт шууд болон шууд бусаар цохилт болж байгаа билээ.
Хятад улс Хойд Солонгосыг нураахыг хүсэхгүй (учир нь нурвал АНУ-ын цэрэг Хятадын хил дээр тулж ирнэ) боловч Оростой нийлээд дэндүү догшин, хяналтгүй болохыг нь ч мөнхүү хүсэхгүй байна. Бээжин яг одоо энэ хоёрын дунд маш ээдрээтэй, дипломат тэнцвэрийг барих гэж асар их хичээж байгаа ажээ.
Хойд Солонгосын цөмийн заналхийллээс өөрийгөө хамгаалахын тулд үндэсний цөмийн зэвсгийн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай гэж судалгаанд оролцсон Өмнөд Солонгосын иргэдийн 70 гаруй хувь нь үзсэн байна. 2024 оны нэгдүгээр сард Gallup Korea судалгааны төв энэ асуудлаар насанд хүрсэн 1000 иргэдээс түүврийн аргаар санал асуулгад хамруулж, үр дүнг танилцуулсан юм. Чингэхэд судалгаанд оролцогчдын 76.6 хувь Өмнөд Солонгос бие даан цөмийн зэвсэгтэй болохыг дэмжсэн юм. Түүнчлэн 77.6 хувь нь Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах “боломжгүй” гэж үзсэн бол 78.6 хувь Пёньяны дэглэм долоо дахь удаагаа цөмийн зэвсэг турших нь тодорхой болсон гэж хариулж байжээ. Судалгаанд оролцогчдын 51.3 хувь нь Солонгосын хойгт дайн гарахад АНУ-ын зэвсэгт хүчин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хамгаална гэдэгт итгэдгээ илэрхийлжээ.
Үүнээс гадна Хятад, Орос хоёр Сибир, Алс Дорнодын бүс нутагт ямар нэг ашиг сонирхлын зөрчилтэй байдгийг тэмдэглэх хэрэгтэй.
Тиймээс Зүүн хойд Азийн геополитикийн чухал хоёр сэдвийг дарааллаар нь тайлбарлах боломжтой.
Үүнд: Нэгд, Өмнөд Солонгос цөмийн зэвсэгтэй болохоор хэлэлцэж буй оролдлого юм.
Хойд Солонгос болон Оросын цэргийн хамтын ажиллагаа улам бэхжиж байгаа тул Өмнөд Солонгост (БНСУ) өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй болох тухай асуудал түүхэндээ байгаагүй асар хүчтэй хэлэлцэгдэж байна.
Сүүлийн үеийн судалгаагаар Өмнөд Солонгосын иргэдийн 70 гаруй хувь нь “Улс орноо хамгаалахын тулд өөрийн гэсэн атомын бөмбөгтэй болох хэрэгтэй” гэж үзэх болсныг дээр тэмдэглэсэн.
Эрх баригч намын томоохон улс төрчид, Сөүл хотын дарга нар АНУ-ын цөмийн хамгаалалтад (шүхэрт) сохроор найдахаас татгалзаж, бие даасан цөмийн хөтөлбөр эхлүүлэхийг уриалах болов. Тэд “Хэрэв Хойд Солонгос АНУ-ын хотууд руу цөмийн пуужин харвахаар заналхийлбэл, Вашингтон Сөүлийг аврахын тулд Нью-Йоркийг золиослох уу?” гэдэг асуултыг тавьж байна.
Японтой адил Өмнөд Солонгост цөмийн технологи, пуужингийн инженерчлэл асар өндөр хөгжсөн. Тэд шийдвэр гаргавал 1-ээс 2 жилийн дотор анхны цөмийн зэвсгээ бэлэн болгох бүрэн чадалтай ажээ.
Хэрэв тэд цөмийн зэвсэг хийвэл Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээг (NPT) зөрчих тул эдийн засгийн хоригт орох, АНУ-тай харилцаа муудах эрсдэлтэй. Тиймээс одоогоор АНУ тэднийг тайвшруулахын тулд Америкийн цөмийн шумбагч онгоцуудаа Сөүлийн боомтод үе үе ирүүлж, хамгаалалтаа баталсаар байна.
АНУ-ын зүгээс Өмнөд Солонгосыг өөрийн гэсэн бие даасан цөмийн зэвсэгтэй болгохгүйн тулд “Цөмийн хамгаалалтаа улам зузаатгах” тактикийг дипломат амлалтуудтай хослуулан хэрэглэж байна.
Вашингтон холбоотноо цөмийн зэвсэгтэй болохыг эсэргүүцдэг. Учир нь Өмнөд Солонгос бөмбөг хийвэл Япон, Тайвань зэрэг Азийн бусад орнууд дагаад цөмийн зэвсгээр хөөцөлдөхөд түлхэж, сөрөг урвал үүсэж, бүс нутагт хяналтгүй зэвсэглэлийн уралдаан дэгдэх аюултай юм. АНУ-аас Сөүлийн эрх баригчдыг тогтоон барихын тулд хэрэглэж буй гол тактикийг дараах байдлаар тайлбарлах боломжтой.
Нэгд, “Вашингтоны Тунхаглал” ба Цөмийн зөвлөлдөх бүлэг (NCG)
Өмнөд Солонгосын олон нийт болон улс төрчид өөрийн гэсэн цөмийн бөмбөгтэй болохыг хүчтэй шаардаж эхэлмэгц АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденаас тус улсыг тайвшруулах түүхэн алхмыг хийсэн. Хоёр улсын удирдагчид “Вашингтоны Тунхаглал”-д гарын үсэг зурж, Цөмийн зөвлөлдөх бүлгийг (Nuclear Consultative Group) байгуулж, АНУ түүхэн амлалт өгсөн.
Өмнө нь АНУ цөмийн зэвсгийн төлөвлөгөөгөө холбоотнууддаа огт хэлдэггүй, нууцалдаг байжээ. Харин одоо энэ бүлгээр дамжуулан Хойд Солонгосын эсрэг АНУ ямар цөмийн тактик хэрэглэх гэж байгаагаа Өмнөд Солонгосын талд урьдчилан танилцуулж, төлөвлөгөөндөө тэдний саналыг албан ёсоор тусгах боломжтой болсон байна. Энэ нь Сөүлд “бид цөмийн зэвсгийн удирдлагад хамт оролцож байна” гэсэн сэтгэл зүйн баталгааг өгсөн ажээ.
Хоёрт, Америкийн цөмийн хүчийг нүдэнд харагдтал байршуулах тактик юм.
АНУ Өмнөд Солонгосын нийт иргэдэд “Бид та нарыг үнэхээр хамгаалж байна” гэдгээ бодитоор харуулах тактик хэрэглэж байна. Үүнд: нэгд, сүүлийн 40 гаруй жилийн түүхэнд анх удаа АНУ-ын цөмийн цэнэгт хошуу тээвэрлэгч, аварга том Охайо зэрэглэлийн цөмийн хөдөлгүүрт стратегийн шумбагч онгоцуудыг Өмнөд Солонгосын боомтуудад зориуд ил тод ирж зогсохыг зөвшөөрсөн. Хоёрт, Цөмийн зэвсэг тээвэрлэх чадалтай АНУ-ын B-52H болон B-1B стратегийн бөмбөгдөгч онгоцууд Өмнөд Солонгосын тэнгэрт байнга ирж, хамтарсан цэргийн сургуулилтад оролцож, Хойд Солонгос болон Хятадад сүр хүчээ үзүүлсээр байгаа явдал юм.
Гуравт, “Цөмийн шүхэр хуваалцах” номлолын хүрээнд “Өргөтгөсөн тогтоон барих” (Extended Deterrence) стратеги баримталж байна. АНУ Өмнөд Солонгост хандан “Та нар өөрсдөө асар үнэтэй, аюултай бөмбөг хийж олон улсын хоригт орох хэрэггүй. Хэрэв Хойд Солонгос танай улс руу дайрвал АНУ өөрийн нутаг дэвсгэр рүү довтолсонтой адил үйлдэл гэж үзэж, өөрийн цөмийн зэвсгээр хариу цохилт өгнө” гэдэг баталгааг хууль ёсоор байнга сануулж байдаг. Үүнийг шинжлэх ухаанд “Өргөтгөсөн тогтоон барих хүч” гэж нэрлэдэг ажгуу. Дөрөвт, Санхүүгийн болон эдийн засгийн хөшүүрэг буюу далд дарамт юм. Хэрэв Өмнөд Солонгос АНУ-ын зөвлөмжөөс зөрж, нууцаар цөмийн зэвсэг хийж эхэлбэл ямар том хохирол амсахыг Вашингтон сануулдаг. Учир нь Өмнөд Солонгосын цөмийн цахилгаан станцуудын гол түүхий эд ураныг АНУ-аас болон Өрнөдийн орнуудаас импортоор авдаг. Хэрэв тэд бөмбөг хийж эхэлбэл АНУ ураны нийлүүлэлтийг шууд зогсооно. Чингэвэл Өмнөд Солонгосын нийт цахилгаан эрчим хүчний гуравны нэгийг хангадаг АЦС-уудын үйл ажиллагаа зогсож, тус улсын эдийн засаг тэр дороо асар том хямралтай нүүр тулах ажээ.
АНУ-ын энэхүү “Амлалт + Сүр хүч үзүүлэх” тактик одоогоор үр дүнгээ өгч, Өмнөд Солонгосын үе үеийн ерөнхийлөгч нар өөрийн бие даасан цөмийн бөмбөг бүтээхгүй, АНУ-ын цөмийн хамгаалалтад найдахаа албан ёсоор мэдэгдсээр байгаа юм. Гэвч Хойд Солонгосын баллистик пуужингийн чадал нэмэгдэх тусам АНУ холбоотныхоо энэхүү эрсдэлтэй хүслийг хазаарлахад улам бүр хэцүү болж байгааг тэмдэглэх хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!