Индэр    
0 минутын өмнө
Зураг
Судлаач, шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор, Хүндэт дипломат, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн

АНУ-ын тусгаар тогтнолын тунхаглал

Редакцын бус нийтлэл
Зураг

Энэхүү зотон зурагт 1776 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Тусгаар тогтнолын Тунхаглалын анхны нооргийг Конгресст өргөн барьсан агшныг дүрсэлжээ.Үүнээс долоо хоног хүрэхгүй хугацааны дараа буюу 1776 оны долоо дугаар сарын 4-ний өдөр Тусгаар тогтнолын Тунхаглалыг албан ёсоор баталж, гарын үсэг зуржээ. Зотон зургийн төв хэсэгт Тунхаглалын гол зохиогч Томас Жефферсон уг баримт бичгийг Конгрессын Ерөнхийлөгч Жон Хэнкокийн өмнө тавьж буйг дүрсэлжээ. Түүнтэй хамт нооргийг боловсруулсан хорооны бусад гишүүд болох Жон Адамс, Бенжамин Франклин, Рожер Шерман, Роберт Ливингстон нар зогсож байна. Энэхүү үйл явдал Филадельфи хотын Пенсильванийн ордон буюу одоогийн Тусгаар тогтнолын ордонд (Independence Hall) болжээ.

Энэ бол АНУ-ын Конгрессоос 1817 онд зураач Жон Трамбулд (1756–1843) захиалж зуруулсан Хувьсгалын үеийн дөрвөн дүр зургийн анхны бүрэн дууссан бүтээл ажээ.

АНУ-ын Тусгаар тогтнолын Тунхаглал нь АНУ үүсэн байгуулагдах үндэс суурийг тавьсан, дэлхийн түүхэн дэх хамгийн чухал эрхзүйн баримт бичгүүдийн нэг юм. Энэхүү баримт бичгээр Хойд Америк дахь Британийн колони байсан 13 муж Их Британиас бүрмөсөн тусгаар тогтнож, бие даасан улс болсноо дэлхий дахинд зарлажээ.

Сайхь баримт бичиг 1776 оны долдугаар сарын 4-ний өдөр Пенсильвани мужийн Филадельфи хотын Төрийн ордонд (одоогийн Тусгаар тогтнолын ордон) албан ёсоор баталжээ. Энэ өдрийг өнөөдөр Америкчууд “Тусгаар тогтнолын өдөр” хэмээн жил бүр үндэсний баяр болгон ёслол төгөлдөр тэмдэглэдэг.

2026 он АНУ үүсэн байгуулагдсаны 250 жилийн тэгш ойн жил болж байна.

Тухайн үеийн нэрттэй хуульч, сэтгэгч Томас Жефферсон Тусгаар тогтнолын Тунхаглалын эх бичвэрийг боловсруулж, гараар бичжээ. Тэрбээр хожим нь АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон 1801-1809 онд ажилласан бөгөөд хоёр дахь Дэд Ерөнхийлөгч, АНУ-ын анхны Төрийн нарийн бичгийн даргаар 1790-1793 онд ажилласан, 2 долларын дэвсгэрт дээр хөрөг нь мөнхөрсөн эрхэм ажгуу.

Түүнд туслах зорилгоор Жон Адамс, Бенжамин Франклин, Рожер Шерман, Роберт Ливингстон гэсэн таван хүнтэй тусгай хороо байгуулагдан ажиллажээ.

Тусгаар тогтнолын Тунхаглалын гол агуулга нь үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг агаад дараах алдартай үзэл санаанууд тусгагджээ. Тухайлбал, Хүн бүр ижил тэгш эрхтэй төрөх бөгөөд тэдэнд Бурхнаас заяасан “Амьд явах, эрх чөлөөтэй байх, аз жаргалыг эрэлхийлэх” халдашгүй эрхтэй гэж заажээ.

Засгийн газар нь ард түмнийг удирдах биш, харин иргэдийнхээ дээрх эрхүүдийг хамгаалахын тулд оршин тогтнодог. Хэрэв Засгийн газар үүргээ биелүүлэхгүй бол ард түмэн түүнийг өөрчлөх, унагах эрхтэй” гэжээ.

Британийн хаан III Жорж Америкийн колониудад үндэслэлгүй өндөр татвар ногдуулж, цэргээ хүчээ байршуулж, шударга бус шүүх ажиллагаа явуулж байсан 27 тодорхой заалт, гомдлыг жагсаан бичсэн байна.

Тунхаглалын уг эх АНУ-ын Вашингтон хотын Үндэсний архивын ордонд маш нарийн хамгаалалт дор хадгалагдаж байдаг.

Энэхүү Тунхаглал нь зөвхөн АНУ-ын түүхийг өөрчлөөд зогсохгүй, хожим нь Францын хувьсгал болон дэлхийн олон орны эрх чөлөө, ардчиллын хөдөлгөөнд маш чухал нөлөө үзүүлж, үлгэр дуурайлал болжээ.

АНУ-ын Тусгаар тогтнолын Тунхаглал дээр алдартай 56 улс төрийн зүтгэлтэнүүд гарын үсэг зурсан бөгөөд тэднийг АНУ-ыг “Үндэслэгч эцэгүүд” гэж нэрлэдэг. Тэдний дундаас хамгийн онцлох эрхэмүүдийг дурдвал Томас Жефферсон (Thomas Jefferson) Тунхаглалын уг эхийг гараараа бичсэн зүтгэлтэн юм. Жон Хэнкок (John Hancock) тэрбээр Конгрессын Ерөнхийлөгч байсан тул хамгийн анхны бөгөөд хамгийн том гарын үсгийг яг голд нь зуржээ. Түүний гарын үсэг маш тод байсан тул өнөөдөр Америкт “Жон Хэнкокоо зурчих” гэвэл “Гарын үсгээ зурчих” гэсэн хэлц үг болсон байна.

Бенжамин Франклин (Benjamin Franklin) тэрбээр гарын үсэг зурах үедээ 70 настай байсан бөгөөд хамгийн ахмад нь байв. Тэрбээр Америкийн алдартай улс төрч эрдэмтэн, зохион бүтээгч, дипломат хүн байв.

Жон Адамс (John Adams) тэрбээр Тусгаар тогтнолын төлөө хамгийн хүчтэй тэмцсэн хуульч. АНУ-ын хоёрдахь Ерөнхийлөгчөөр сонгогдон 1797-1801 онд ажилласан, АНУ-ын анхны Дэд Ерөнхийлөгчөөр 1789-1797 онд ажиллаж, 1782-1788 онд Нидерландад, 1785-1788 онд Их Британид суух АНУ-ын анхны Элчин сайдаар ажиллажээ.

АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон АНУ-ын Тусгаар тогтнолын Тунхаглал дээр гарын үсэг зурж амжаагүй юм. Учир нь тэрбээр 1776 оны долдугаар сарын 4-нд Конгрессын төлөөлөгчид Тунхаглалыг баталж байх цаг дор Филадельфид байгаагүй, харин дайны талбарт буюу Америкийн хувьсгалын цэргийн Ерөнхий командлагчаар томилогдсон байсан тул Нью-Йорк хотод армиа удирдаж, Британийн цэргүүдийн эсрэг тулалдаж байжээ. Тэрбээр Тунхаглал батлагдсанаас хэд хоногийн дараа буюу долдугаар сарын 9-нд дурдсан баримт бичгийн хуулбарыг хүлээн авч, Нью-Йорк хотод жагссан байсан өөрийн цэргүүд болон иргэдийн өмнө Тунхаглалыг маш чанга дуугаар уншиж танилцуулж байжээ. Энэ нь цэргүүдийн урам зоригийг асар ихээр бадраасан түүхтэй ажээ. Жорж Вашингтон хожим нь АНУ-ын анхдугаар Үндсэн хуулийн уг эх дээр гарын үсгээ зуржээ.

Тунхаглал батлагдсанаас хойш тусгаар тогтнолын дайн 7 жил үргэлжилсэн бөгөөд Британийн арми маш хүчирхэг байсан ч Америкчууд эх орныхоо төлөө эцсээ хүртэл тэмцэн ялжээ.

1781 оны ес-аравдугаар сард Жорж Вашингтоны удирдсан Америкийн хувьсгалын арми Францын цэргүүдийн дэмжлэгтэйгээр Йорктауны шийдвэрлэх тулалдаанд (Siege of Yorktown) Британийн гол армийг бүслэн буулгаж авсан нь дайны хувь заяаг шийджээ.

1783 оны есдүгээр сарын 3-нд Францын Парис хотноо Америк, Британи энхийн гэрээнд гарын үсэг зурснаар дайн албан ёсоор дуусжээ. Энэхүү гэрээгээр Британи Америкийн 13 колонийг “Бүрэн тусгаар тогтносон, чөлөөт улс” гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн түүхтэй ажээ.

зураг
 
АНУ-ын Тусгаар тогтнолын Тунхаглалын уг эхийн хуулбар
зураг
 
АНУ-ын Тусгаар тогтнолын Тунхаглалыг боловсруулж бичсэн Томас Жефферсон
зураг
 
АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордны Зууван танхимийн ханан дахь Тусгаар тогтнолын Тунхаглалын уг эхийн хуулбар