I. Олон талт дэлхийн шинэ дэг журмын үзэл баримтлал бүрэлдсэн нь
Дэлхийн II дайны дууссаны дараа ЗХУ, АНУ тэргүүлсэн социализм, капитализм гэсэн хоёр туйлт (bipolarity) олон улсын харилцааны дэг журам тогтсон бөгөөд үүнийг хүйтэн дайны үе хэмээн нэрлэж байв.
1990-ээд он бол олон улсын харилцааны нэг туйлт (Uni-Polarity) дэг журам буюу АНУ-ын оройлол (Pax Americana or American Primacy) онцгойрч байсан үе юм.
ЗХУ болон социализм системийнхээ хувьд задран унаснаар социализм, капитализмтай хийсэн түүхэн уралдаанд ялагдал хүлээж, хүйтэн дайн төгсгөл болсон хийгээд дижитал технологийн үсрэнгүй хөгжилтэй уялдан орон зай, цаг хугацааны тухай уламжлалт ойлголт шинэчлэгдэж, улс хоорондын харилцан хамаарал улам бүр өргөжин тэлж, даяаршил, дижитал үйл явц биднээс үл хамааран эрчимтэй өрнөж байгаа нь Өрнөдийн соёл иргэншлийн нөлөө хүчтэй түрэн орж ирэхэд хүргэсэн нь үнэн билээ.
Социализм нуран унаснаас хойш 1990-ээд онд АНУ дэлхий дээр жолоодогчийн үүрэг гүйцэтгэх тухай үзэл санаа бодлогын шинж чанартай болж байгаад ОХУ, лалын ертөнц ихээхэн эгдүүцэн дургүйцэж байгаа тухай судлаачид, улс төрийн тоймчид онцлон тэмдэглэж байв. Дээрхийг Хятад ганцаараа жанжлах гэсэн эрмэлзэл гэж хурцаар шүүмжилж байсан юм.
Хүйтэн дайнд ялалт байгуулсандаа эрэмшсэн АНУ, түүний холбоотнууд дэлхий дахинд хүний эрх, эрх чөлөө, ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцааг түгээн дэлгэрүүлэх, сэргээн баталгаажуулах тухай бүх чиглэлд зааж сургаж байв.
2001 оны есдүгээр сарын 11-ний үйл явдлын дараа АНУ-ын тэргүүлэх оройлолтой (Pax Americana or American Primacy) олон улсын харилцааны нэг туйлт дэг журам төгсгөл болох үе шат эхэлж, 2008-2009 оны дэлхийн санхүү-эдийн засгийн хямралаар цаашид үргэлжилсэн тухай судлаачид тэмдэглэж эхэлсэн билээ.
Харин ийнхүү дурдаж байгаа нь хүйтэн дайны дараа үүсэн бүрэлдэж буй олон туйлт бүтцийн үүргийг бодитой үнэлэх үндсэн дээр дэлхийд зохистой шинэ дэг журам тогтоох хэрэгт АНУ зонхилох үүрэг гүйцэтгэх чадавхтайг үгүйсгэж байгаа хэрэг биш гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд глобалчлалын эрин үед өрнө, дорно, лалын соёл иргэншлүүд тэвчээртэй байж, бие биеэ хүндэтгэн, энхтайвнаар зэрэгцэн орших нөхцөлд л худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёлын харилцаагаа өргөн дэлгэр хөгжүүлж, илүү аюулгүй олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцааны шинэ дэг журмыг цогцлоон байгуулах боломжтой.
Тийнхүү Олон туйлт дэлхийн шинэ дэг журмын үзэл санаа анхлан 1997 оны дөрөвдүгээр 23-нд Москвад Орос, Хятадын удирдагч Борис Ельцин, Жян Зэминь нарын гарын үсэг зурсан "Олон туйлт ертөнц, олон улсын шинэ дэг журмыг цогцлоон байгуулах тухай" Орос-Хятадын Хамтарсан Тунхаглалд тусгалаа олсон юм.
Түүнд: «Талууд түншлэлийн харилцааны үзэл санааг гол болгон олон улсын шинэ дэг журмыг төлөвшүүлэх, олон туйлт ертөнцийн хөгжлийг урагшлуулахын төлөө хүчин чармайлт гаргах болно..."Хүйтэн дайн" төгсөв. Хоёр туйлт тогтолцоо задран унав. Олон туйлт ертөнц үүсэн төлөвших нааштай хандлага эрчимтэй хөгжиж, томоохон улсууд, түүний дотор "хүйтэн дайн"-ы үед дайсагналцаж байсан улс хоорондын харилцаа өөрчлөгдсөөр байна...Энхтайван, тогтвортой, шударга бөгөөд үр ашигтай олон улсын улс төр, эдийн засгийн шинэ дэг журмыг цогцлоон байгуулах нь эрин үеийн тулгамдсан шаардлага, түүхийн хөгжлийн зайлшгүй хүчин зүйл мөн...Улс орон бүр өөр өөрийн тодорхой нөхцөлөөс хамааран бусад улсын оролцоогүйгээр хөгжлийнхөө замыг бие даан сонгох эрхтэй. Нийгмийн байгуулал, үзэл суртал, үнэт зүйлсийн тогтолцооны ялгаа нь улс хооронд хэвийн харилцааг хөгжүүлэхэд саад болох учиргүй. Том жижиг, хүчирхэг буурай, эсвэл баян ядуу гэлтгүй улс орон бүр олон улсын хамтын нийгэмлэгийн эрх тэгш гишүүн мөн. Аль ч улс ноёрхохыг эрэлхийлж, жанжлах бодлого явуулах, олон улсын үйл хэргийг монополичлох ёсгүй...Талууд аюулгүй байдлын бүх нийтийн ач холбогдол бүхий шинэ үзэл баримтлалыг тогтоохын төлөө байна. Бид “хүйтэн дайн”-ы сэтгэхүйг таягдан хаях ёстой гэж үзэн бүлэглэлийн бодлогыг эсэргүүцэж байна. Олон улсын шинэ дэг журмыг тогтоон бэхжүүлэхэд НҮБ чухал үүрэгтэй...Олон улсын эрхзүйн зарчмыг чанад сахиж, гуравдагч этгээд рүү үл чиглэсэн шинэ маягийн урт хугацааны харилцааг тогтооно гэдгээ нотолж байна. Энэ нь олон улсын шинэ дэг журам төлөвшихөд чухал практик туршлага болно» гэжээ.
2002 оны арванхоёрдугаар сарын 1-нд Бээжин хотноо Хятад, Оросын удирдагч Жян Зэнминь, Владимир Путин нарын гарын үсэг зурсан “ОХУ, БНХАУ-ын Хамтарсан Тунхаглал”-д «“...үүрдийн сайн хөрш, сайн найз, сайн түнш байх, үүрд үл дайсагналцах” стратегийн аугаа их үзэл санааг бүрэн дагаж, дэлхий дахины энхийг эрхэмлэгч бүх улс түмний хамт шинэ үеийн сорилтыг угтах шийдвэр төгс байгаагаа нотлов...ШХАБ нь өнөөгийн бүс нутгийн энхтайван, аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалах чухал хүчин зүйл болсон төдийгүй, ирээдүйн олон туйлт тогтолцооны тулгуур баганын нэг болно» гэжээ.
2003 оны тавдугаар сарын 26-нд Москва хотноо Орос, Хятадын удирдагч Владимир Путин, Ху Жиньтао нарын гарын үсэг зурсан “ОХУ, БНХАУ-ын Хамтарсан Тунхаглал”-д «Аюулгүй байдлын уламжлалт болон уламжлалт бус заналхийллийн хүчин зүйлүүд сүлжилдэн давхцаж, хүчний логик ба нэг талыг баримталсан бодлого нь тэртэй тэргүй тайван бус байгаа дэлхий ертөнцийг тогтворгүйжүүлэх шинэ хүчин зүйлийг буй болгож байна. Олон улсын терроризм нь даяаршсан занал, нийтлэг гамшиг боллоо. Хятад, Орос хоёр олон улсын эрхзүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмуудад тулгуурласан олон туйлт, шударга, ардчилсан дэлхий ертөнцийг байгуулах, янз бүрийн улс орны зүй зохистой, бүтээлч ажиллагаа, харилцан зэрэгцэн оршихын төлөө байна» гэсэн байна.
Дээрх үзэл санаа ШХАБ, БРИКС, ЕАЭЗХ-ны орнуудын дээд түвшний уулзалтын баримт бичгүүдэд тусгалаа олсоор иржээ.
II. Шинэ Мянганы гурав дахь арван жилийн БНХАУ-ын шинэ дүр төрх
Хятадын удирдагч Ши Жиньпин 2017 оны аравдугаар сард хуралдсан ХКН-ын XIX их хурлын тайлан илтгэлд тэмдэглэхдээ: Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үеийг эхлүүлж байгааг онцлов. Шинэ эрин үе 2 үе шаттай хэрэгжих агаад үүнийг хоёр 100 жилийн зорилт гэж тэмдэглэсэн юм. ХКН байгуулагдсаны (1921 он) 100 жилийн босгон дээр буюу 1-р үе шат 2020-2035 он, өөрөөр хэлбэл эхний 15 жилд чинээлэг нийгмийг бүтээн байгуулах ажээ. Энэ нь дундаас дээгүүр орлоготой чинээлэг социалист нийгэм байх юм. 2-р үе шат 2035-2050 онд “хүчирхэг, ардчилсан, соёлжсон, цэвэрхэн, эв найрсаг, үзэсгэлэнт орчин үеийн аугаа их гүрнийг байгуулах ажээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ байгуулагдсаны 100 жилийн (2049 он) босгон дээр хятадын онцлогтой хөгжингүй социализмыг цогцлоон байгуулж дуусгана гэсэн юм. Энэ нь Хятад онцлогтой социализмын шинжлэх ухааны онолын сэтгэлгээг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр гэж ойлгогдож байгаа юм. Үзэсгэлэнт Хятад улсыг цогцлоох гэдэг шинэ томьёолол нь хятад мөрөөдөл бөгөөд байгаль орчинтойгоо дасан зохицож ногоон хөгжлийг хэрэгжүүлнэ гэсэн үг ажгуу.
2019 оны аравдугаар сард хуралдсан ХКН-ын 19 дэх удаагийн сонгуулийн ТХ-ны IV бүгд хурал хятадын эдийн засгийн удаашралыг өндөр хурдацтай хөгжлөөс илүү өндөр чанарт суурилсан хөгжилд шилжиж буй үйл явц хэмээн анх удаа дүгнэж 2026 оны гуравдугаар сард зохиогдсон БХАТИХ-ын 14 удаагийн сонгуулийн 4 чуулган Хятадын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх гол шийдэл нь дижитал технологи гэж үзэв.
Өнөөдрийн Хятад бол «дэлхий дээрх хамгийн том хөгжиж буй хүчирхэг орон мөн» хэмээн дүгнэсэн бөгөөд үүнийг 2023 оны есдүгээр сард Гавана хотноо зохиогдсон 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад ХКН-ын ТХ-ны УТТ-ны байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгч Ли Ши оролцож үг хэлэхдээ: “Хятад бол дэлхийн хамгийн том хөгжиж буй орон мөн бөгөөд дэлхийн өмнөдийн байгалийн гишүүн юм” гэдгийг дахин нотлов.
Ер нь бол БНХАУ өөрсдийгөө их гүрэн гэдгээс ямагт зайлсхийсээр ирсэн. 1999 оны зургаадугаар сард ХБНГУ-ын Вестфалийн Кёльн хотод болсон Их наймын дээд түвшний уулзалтад Германы канцлер Герхард Шрёдер Хятадыг Их наймд нэгдэхийг урьсан байдаг. Өмнөх 1997 оны зургаадугаар сард АНУ-ын Денверт зохиогдсон Их долоогийн уулзалтад Ерөнхийлөгч Б.Клинтон ОХУ-ыг урьж оролцуулснаар Их наймын бүлэг байгуулагдсан байв. Гэхдээ БНХАУ өөрийгөө их гүрэн биш гэж үздэг, чингэхдээ олон улсын харилцаанд аль нэг, эсвэл хэсэг бүлэг их гүрэн жанжлахын эсрэг байр суурьтай байдаг ажгуу.
ХКН-ын Дүрмийг албан ёсоор ХКН-ын Үндсэн хууль буюу Сonstitution гэж нэрлэдэг байна. ХКН БНХАУ-ыг удирдан чиглүүлэгч улс төрийн манлай дээд хүчин гэж Дүрэмдээ тодорхойлсон. Тиймээс Хятадын онцлогтой социализмын бүтээн байгуулалт хөгжингүй шинэ эрин үедээ орж, гүнзгийрэх тусам ХКН-ын удирдан чиглүүлэх үүрэг роль хэлбэрэлтгүй өсөн нэмэгдэж байна гэж үздэг. Социализм, капитализм гүнзгийрэн хөгжих тутам хятадын ард түмний эв нэгдлийг хангах явдал маш чухал болж байна. ЗХУ-д болсон шинэчлэл өөрчлөлт, задрал, арабын хавар Хятадад болсон бол зөвхөн Хятадаар зогсохгүй, бүс нутаг, цаашлаад дэлхий нийтийн хэмжээнд асар том сөрөг үр дагавар үзүүлэх байсан нь тодорхой.
ХКН-ын Дүрмийн (Үндсэн хууль) Удиртгалд марксизм-ленинизм, Мао Зэдуны үзэл санаа, Дэн Сяопины онолыг дэлгэрэнгүй онцолсноос гадна, Зян Зэминь, Ху Жиньтао нарын хувь нэмрийг ч тэмдэглэсэн байдаг.
ХКН-ын Дүрэмд орсон шинэ нэмэлтэд нөхөр Ши Жиньпиний Хятадын онцлогтой социализмын Шинэ Эрин үеийг эхлүүлснийг онцлон тэмдэглээд Ши Жиньпиний үзэл санаа бол марксизм-ленинизм, Мао Зэдуны үзэл санаа, Дэн Сяопины онол, Гурвыг төлөөлөх үзэл санаа, Хөгжлийн шинжлэх ухаанч үзэл санааны шууд үргэлжлэл, түүний хөгжлийн Шинэ Эрин үе гэж шинээр томьёолсон байна. Гурвыг төлөөлөх үзэл санаа гэдэг нь: нэгд, эдийн засгийн үйлдвэрлэлд тулгуурласан тэргүүний нийгмийн үйлдвэрлэх хүчнийг төлөөлөх, хоёрт, соёлын хөгжилд суурилсан Хятадын тэргүүлэх соёлын дэвшилт чиг шугамыг төлөөлөх, гуравт, улс төрийн зөвшилцөлд суурилсан олонхын язгуур эрх ашгийг төлөөх эдгээр болно. Хөгжлийн шинжлэх ухаанч үзэл санаа гэдэг нь шинжлэх ухааны социализмын онол юм.
ХКН-ын үйл ажиллагаа нь ардчилсан төвлөрөн удирдах социалист зарчимд тулгуурладаг. Намын байгууллагуудын бүх шатанд социалист хууль цаазын хэрэгжилтийг тууштай хангах, шударга ёсыг дээдлэх, ялангуяа авлигатай тууштай тэмцэж байгаа юм. 2012-2026 онд нийт 7.2 сая гаруй хүн, үүнээс ХКН-ын өндөр албан тушаалтан 600 гаруй мянган хүн, зөвхөн 2025-2026 онд л гэхэд сайд болон түүнээс дээш зиндааны 80 гаруй өндөр албан тушаалтан авлигын хэргээр шийтгэгджээ.
БНХАУ-ыг байгуулснаараа Мао Зэдун аугаа, Хятадын онцлогтой социализмын архитектор гэдгээрээ Дэн Сяопин аугаа, харин хятадын онцлогтой хөгжингүй социализмын Шинэ Эрин үеийг эхлүүлж буйгаараа Ши Жиньпин аугаа юм гэж ХКН-ын Үндсэн хуульд заажээ.
Тийнхүү ХКН-ын XIX их хурал ХКН-ын Дүрэмд өөрчлөлт оруулж ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацааг 1 удаа таван жилээр улируулан сонгох заалтыг хасав.
Тийнхүү 2022 оны аравдугаар сард хуралдсан ХКН-ын ХХ их хурлаас сонгогдсон ТХ-ны анхдугаар бүгд хурал Ши Жиньпинийг ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 3 дахь удаагаа улируулан сонгов.
2018 оны гуравдугаар сард хуралдсан БХАТИХ-ын 13 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган БНХАУ-ын Үндсэн хуулинд БНХАУ-ын дарга нэг удаа улиран сонгогдох тухай заалтыг хасаж, тайлбар нь Ши Жиньпинд Шинэ Эрин үеийг дуусгах эрхзүйн боломжийг олгож байна гэжээ.
2023 оны гуравдугаар сард хуралдсан БХАТИХ-ын 14 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган Ши Жиньпинийг БНХАУ-ын даргаар 3 дахь удаагаа улируулан сонгов.
АНУ-ын олон улсын нэрт тоймч Тед Коппел БНХАУ-ыг The People’s Republic of Capitalism буюу Ардын Бүгд Найрамдах Капитализм гэж нэрлээд өнөөгийн Хятадад ХКН тэрбум илүү хүн амд бүрэн хүрч ажиллах боломжгүй, тиймийн учир үлдсэн хэсгийг капитализм авч явах учиртай гэжээ. Үүнийг л Хятадын paradox хэмээх ажгуу.
Хятадын онцлогтой социализмын туршлага бол байнга төвийг сахисан Швейцарь лугаа дахин давтагдашгүй юм. Хятадын онцлогтой социализмын туршлага Марксизмыг орчин үеийн шинэ нөхцөлд баяжуулан хөгжүүлж буй хэрэг гэж тэд үздэг. Хятадын онцлогтой социализм, «нэг улс, хоёр систем» үзэл баримтлал бол социалист байгуулалт, гадаад бодлого, олон улсын харилцааны онол, практик, улс төрийн шинжлэх ухааны хөгжилд оруулсан Дэн Сяопины цоо шинэ хийгээд жинтэй хувь нэмэр даруй мөн ажээ. Өөрөөр хэлбэл энэ нь социализмын асар их нөөц боломж, түүний давуу талыг нээн харуулж буй явдал хэмээн тэмдэглэдэг.
Коммунист байгуулалтын үед хятадын онцлогтой социализмыг маш ихээр шүүмжлэн буруутгаж, марксизм-ленинизмыг хянан засварлаж байна, ХКН бол ревизионист нам гэж нэрлэж байв. Улс төрийн шинэ сэтгэлгээ, өөрчлөн байгуулалтын үед М.Горбачев социализм олон хувилбартай, үндэсний онцлогтой байж болохыг хүлээн зөвшөөрсөн юм.
Дэлхийн нэг ч хүчин Хятадын үндэстний хөгжлийг зогсоож чадахгүй хэмээн 2019 оны намар БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулсан арга хэмжээнд үг хэлэх үеэрээ мэдэгдсэн юм.
“Энэ аугаа улсын үндсийг ганхуулж чадах нэг ч хүчин байхгүй. Нэг ч хүчин Хятад үндэстнийг урагш тэмүүлэхэд саад болж чадахгүй” хэмээн “Тяньаньмэнь”-ий талбайд эхлэх цэргийн парадын өмнө Ши Жиньпин мэдэгджээ. “Хятадын ард түмэн 70 жилийн хугацаанд гаргасан хүчин чармайлт, тэмцлийнхээ хүчинд дэлхийд гайхшируулсан амжилтад хүрч чадсан юм” хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна.
Хятад улс энхтайван хөгжлийн замаар явж, нээлттэй бодлогын чиг шугамаа баримталсаар байх болно гэдгийг Ши Жиньпин онцлон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ Хятадын арми улсынхаа бүрэн эрхт, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг тууштай хамгаална гэж тэрбээр мэдэгдэв.
БНХАУ-АНУ-ын хооронд өрнөсөн худалдааны хоёр жилийн дайныг зогсоож тарифын эхний үе шатны хэлэлцээрт 2020 оны нэгдүгээр сард Вашингтон хотноо гарын үсэг зурсан нь Хятадын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн.
Хятадын онцлогтой социализмын үсрэнгүй хөгжил олон улсын харилцааны олон талт шинэ дэг журмыг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна хэмээн Хятадын удирдлага байнга тэмдэглэж байгаа ч томоохон сорилттой тулгарч байгаа нь хүн амын өсөлтийн зогсонги байдал, ажиллах хүчний хомсдол юм.
2020 оны эхээр БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан коронавирусийн дэгдэлт тус улсын хөгжилд төдийгүй бүс нутаг, глобал эдийн засаг, улс төрийн хөгжилд ноцтой сөрөг нөлөө үзүүлэв.
III. Шинэ Мянганы гуравдахь арван жилийн ОХУ-ын шинэ дүр төрх
ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельцин 1991 онд ЗСБНХОУ-ын 1978 оны Үндсэн хуулийн дагуу 5 жилийн хугацаатай сонгогдож байв. ОХУ-ын 1993 оны шинэ Үндсэн хуульд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 4 жил болгон бууруулсан байдаг. Гэсэн хэдий ч Үндсэн хуулийн эцсийн болон шилжилтийн заалтын 3 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч Б.Ельцин сонгогдсон хугацаандаа бүрэн эрхээ 1996 он хүртэл хэрэгжүүлжээ.
2008 оны арванхоёрдугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2012 оны сонгуулиас эхлэн ОХУ-ын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай сонгодог байхаар заасан. Үүнтэй нэгэн зэрэг ОХУ-ын хууль тогтоох дээд байгууллага парламентын Доод танхим Төрийн Думын гишүүний бүрэн эрхийн хугацааг 4 жил байсныг 5 жил болгож өөрчлөв. Аль алиных нь тайлбарт ОХУ өргөн уудам нутагтай, олон цагийн бүслүүртэй (ОХУ 11 цагийн ялгаатай бүстэй), иймийн тул ойр ойрхон сонгууль явуулах нь эдийн засгийн хувьд алдагдалтай байна гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч 1991-2020 онд хоёроос илүүгүй удаа дараалан албан тушаал хаших эрхтэй байсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны долоодугаар сард баталсны дараа эдгээр бүрэн эрхийн хугацаа нь дараалсан болон завсарлагатай байсан эсэхээс үл хамааран хоёроос илүүгүй хугацаагаар, энэ нь нэмэлт, өөрчлөлт оруулах үед ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан эсвэл эрхэлж байсан хугацааг харгалзахгүй тул Владимир Путин (2000-2008, 2012 онд ерөнхийлөгч сонгогдсон) болон Дмитрий Медведев (2008-2012 онд ерөнхийлөгч) нар 2024 оноос эхлэн дахин хоёр удаа ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдох эрхтэй болсон юм. В.Путин ОХУ-ын ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа билээ.
Нэг хүн ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хоёроос дээш хугацаагаар хаших боломжгүй байсан ч ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгч В. Путин 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Холбооны Хуралд илгээсэн илгээлтдээ санал болгож, 2020 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн “Зарим асуудлын зохицуулалтыг боловсронгуй болгох тухай” нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болгон хэсэгчлэн баталсан. Үүний үр дүнд 2020 оны долоодугаар сарын 3-ны өдөр Ерөнхийлөгч В. Путин “ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг албан ёсоор нийтлэх тухай” зарлигт гарын үсэг зурж, 2020 оны долоодугаар сарын 4-нд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм.
В.Путин 2020 оны нэгдүгээр сард Оросын парламентын Доод танхим Төрийн Думд үг хэлэхдээ ерөнхийлөгчийн дахин сонгогдох тоонд тавьсан хязгаарыг онцгой тохиолдолд цуцлах боломжтой Үндсэн хуулинд оруулах саналыг дэмжиж байгаагаа мэдэгджээ. Түүнийг үг хэлэхийн өмнө Нэгдсэн Орос намын гишүүн, депутат, дэлхийн анхны сансрын нисгэгч эмэгтэй, хошууч генерал Валентина Терешкова сайхь саналыг парламентад өргөн барьсан юм. В.Терешковагийн саналыг дэмжиж байгаагаа B.Путин илэрхийлэхдээ, Их хямралын үе, дэлхийн II дайны үед АНУ-ын Ерөнхийлөгч Фрэнклин Рузвельт дөрвөн удаа сонгогдон ажиллаж байсан түүхийг жишээ болгож, “Улс орон уналт, хүндрэл бэрхшээлтэй тулгарсан цаг үед тогтвортой байдал нэгдүгээрт тавигдана” гэж хэлээд В.Путин Орос улс одоо ч 1991 оны ЗХУ-ын задралаас эхлэлтэй хямралаас бүрэн гарч чадаагүй байгааг сануулж байсан юм.
ОХУ-ын Үндсэн хуульд хамгийн их яригдсан шинэлэг зүйл нь ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путиний “ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дахин тохируулах” явдал байсан бөгөөд энэ нь түүнд 2024, цаашлаад 2030 онд дахин хоёр удаа сонгогдох боломжийг олгосон юм. Тийнхүү В.Путин 2024 оны гуравдугаар сард дахин сонгогдож, түүний тав дахь удаагийн ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн билээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн Сонгуулийн хуулиар ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч нь 35-аас доошгүй настай, ОХУ-д 25-аас доошгүй жил байнга оршин суусан, гадаадын иргэншилгүй ОХУ-ын иргэн байхаар заасан юм.
Дараагийн нэг онцлог нь В.Путиний засаглалын 20 гаруй жилд дэлхийн зах зээл дээр газрын тос, байгалийн хийн хэрэгцээ, үнийн өсөлт бүх цаг үеийн түүхийнхээ хамгийн оргилд хүрсэн нь түүний байр суурийг бэхжүүлэхэд үлэмж нөлөө үзүүлжээ. Энэ нь нийгмийн хамгааллын бодлогыг эрс сайжруулж, батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргахад хүргэв.
В.Путин Украинд бүрэн хэмжээний цэрэг дайны ажиллагааг эхлүүлсэн нь ОХУ-ын дотоод, гадаад дүр төрийг үндсээр нь өөрчлөв.
Японы Ерөнхий сайд Кишида Фумио 2023 оны нэгдүгээр сард АНУ-д албан ёсны айлчлах үеэр Жонс Хопкинсийн их сургуулийн Олон улс судлалын Ахисан түвшний сургуульд тавьсан “Түүхийн эргэлтийн цэг дэх Японы шийдвэр” онол-практикийн илтгэлдээ: “ОХУ-ын Украины эсрэг хийсэн түрэмгийлэл нь хүйтэн дайны дараах ертөнцийг бүрэн төгсгөл болгов. Даяаршил, харилцан хамаарал нь дангаараа дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийн баталгаа болж чадахгүй нь тодорхой боллоо” гэж онцлон дүгнэсэн юм.
2023 оны гуравдугаар сард Украинд өрнөж буй дайн цаашид ОХУ-ын оршин тогтнох эсэхийг шийдэхтэй холбоотой болсныг В.Путин Улаан-Үдийн ойролцоох нисэх онгоцны үйлдвэрийн ажилчидтай уулзах үеэрээ мэдэгдэв. Одоо энэ дайн геополитикийн асуудал биш, Оросын төрт ёсны оршин тогтнол, улс орны болон үр хүүхдүүдийн маань цаашдын ирээдүйг шийдэх агуулгатай болсон” гэж В.Путин хэлжээ. Украины дайныг ашиглан ОХУ-ыг “стратегийн ялагдал”-д хүргэснээр манай улсыг задлан бутлахыг Өрнөдийн орнууд эрмэлзэж байна хэмээн тэрбээр шүүмжилсэн юм.
2022 оны есдүгээр сарын 30-нд Украины нутгийн зүүн 4 мужийг ОХУ-д нэгтгэж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баталгаажуулав.
Урд өмнө байгаагүй цөмийн сүрдүүлэг ОХУ-ын удирдлагын зүгээс гарч буй нь анхаарах асуудал мөн.
Украины дайн сунжирч Өрнөдийн санхүүжилт, ялангуяа АНУ-ын зүгээс үзүүлэх дэмжлэг томоохон сорилттой тулгарч буй нь ОХУ-ын бодлогод чухал нөлөө үзүүлж эхлэв.
Оросын удирдагч В.Путиний 2023 оны сүүлчээр ажлаа тайлагнадаг шууд нэвтрүүлэг 1 жил өнжсөний дараа зохион байгуулагдаж, Украинд үргэлжилж буй бүрэн хэмжээний цэргийн ажиллагаанд ОХУ анхны зорилгодоо хүрэхээс нааш дайн зогсохгүй гэдгийг Кремлийн тэргүүн В. Путин мэдэгдэв. Тэрбээр 2022 оны хоёрдугаар сард хөрш Украинд довтолсноос хойших анхны томоохон хэвлэлийн хурлаа арванхоёрдугаар сарын 14-нд хийсэн юм. В.Путин хэлэхдээ, “Бид зорилгодоо хүрэхээс нааш энх тайван тогтохгүй. Тэдгээр зорилго огтхон ч өөрчлөгдөөгүй. Украиныг нацизмаас цэвэрлэх, цэрэггүйжүүлэх” гэж мэдэгдсэн байна. Украин бараг юу ч үйлдвэрлэдэггүй, бүх зүйл баруунаас ирдэг, гэхдээ үнэгүй хүргэлт хэзээ нэгэн цагт дуусна, энэ нь аль хэдийн эхэлсэн” хэмээн В.Путин мэдэгдсэн юм. В.Путин дайны ирээдүйн нөхцөл байдлыг өөдрөгөөр илэрхийлж, барууны орнууд Украинд үзүүлэх тусламж хойшлогдож байгааг онцолж байв.
1997 оны тавдугаар сард Парист ОХУ, НАТО-гийн хооронд харилцан хамтын ажиллагаа, аюулгүй байдлын суурь баримт бичиг (Founding Act)-т гарын үсэг зурсан байдаг. Энэ гэрээний дагуу НАТО-гийн дэргэд ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн газар ажиллахыг зөвшөөрч, сайхь баримт бичгийн дагуу ОХУ-ыг бүр НАТО-д гишүүнээр элсэхийг урьсан ч, Орос татгалзсан. Харин баримт бичигт НАТО-г Дорно зүгт өргөжих үйл явцыг хориглох заалт тусгагдаагүй юм. Ер нь бол хоёр Германыг нэгдэхэд М.С.Горбачёв, сүүлд Б.Ельцин нар НАТО-гийн Дорно зүгт тэлэх асуудлыг олон улсын гэрээгээр хязгаарлаж чадаагүй нь том алдаа болсон гэж тайлбарладаг. 1999 оны гуравдугаар сард Польш, Чех, Унгар НАТО-д элсэв. В.Путиний үед НАТО-гийн Дорно зүгт хамгийн том өргөжилт болж, 2004 оны гуравдугаар сард Латви, Литви, Эстони, Болгар, Румын, Словак, Словени нэгдэв. Аман тохиролцоо бол эрхзүйн баримт бичиг биш тул ямар нэг эрхзүйн эрх, үүрэг, хариуцлага үүсэхгүй. Тэгэхлээр ОХУ НАТО-тай гэрээ байгуулж чадаагүй нь өөрсдийнх нь л буруу хэмээн Өрнөдийн шинжээчид тэмдэглэдэг. В.Путиний үед л Латви, Литви, Эстони НАТО-д элссэнээр ОХУ НАТО-тай шууд хиллэх болсон бөгөөд 2023 оны хавар Финланд НАТО-д элссэнээр ОХУ сайхь улстай 1,400 км газар нутгаар хаяа хатган орших болов.
ОХУ хамгийн өндөр худалдан авах чадавхтай, 600 тэрбум ам.доллароор хэмжигдэх Европын эрчим хүчний зах зээлээ эгнэгт алдсан болов уу. 2022 оны аравдугаар сард ХБНГУ-ын канцлер Олаф Шольц мэдэгдэхдээ: Тус улс ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлтээс хамааралгүй болсноо зарласан юм. 2023 оны нэгдүгээр сарын сүүлчээр ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч Жозеф Боррел ЕХ ОХУ-ын эрчим хүчнээс бүрэн хамааралгүй болсон гэж мэдэгдэв.
Эцсийн бүлэгт ОХУ-ын Украинд эхлүүлсэн цэрэг дайны ажиллагааны үр дүнд ОХУ-ын үндэсний аюулгүй байдал баталгаажсан уу гэдэг асуудал хариултаа хүлээгээд үлдэж байна.
IV. Төгсгөл
ОХУ, БНХАУ олон улсын харилцааны олон талт төв төлөвших хандлагын чухлыг тэмдэглэж байгаа ч хоёр хөршид эрх мэдэл нэг хүний гарт улам бүр төвлөрөх үйл явц үргэлжилж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд тавих хяналт чангарч, хүний эрх, эрх чөлөө харьцангуйгаар хумигдаж, тэдгээр нь иргэдийн эрх чөлөөг эрхэмлэх үзэл бодолтой улам бүр зөрчилдөж, эдийн засаг дахь төрийн эрх мэдэл үлэмж нэмэгдэж байгаа нь алсдаа асуудал үүсгэх магадлалтай.
Олон улсын харилцаанд голлох нөлөө бүхий их гүрнүүд, дэлхийн хамтын нийгэмлэг НҮБ-ын хамтын хүчин чармайлтаар дэлхий дахинд илүү аюулгүй зохистой шинэ дэг журмыг төлөвшүүлэх шаардлагатай нь тодорхой байгаа билээ. Түүнчлэн олон талт дэлхийн шинэ дэг журмыг төлөвшүүлэх гэдэг нь Өрнөдийн оролцоог үгүйсгэж Орос, Хятад хоёр өөрсдийн нөлөөний хүрээг тогтоох тухай асуудал огтоос биш гэдэг нь нэн тодорхой.
НҮБ, олон улсын эрхзүйн зарчим, хэм хэмжээг зөрчиж, цөмийн зэвсэгт дулдуйдан хүчээр түрээ барих, бусдын аюулгүй байдлыг бусниулах замаар өөрийн аюулгүй байдлыг хангах, баталгаажуулах оролдлого хийж, чингэснээрээ дэлхийд олон талт дэг журмыг цогцлоох ямар ч боломж байхгүй.
ОХУ болон АНУ, НАТО-гийн хоорондын зөрчил байгааг хүлээн зөвшөөрөхөөс гадна хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудтайгаа олон асуудлаар зөрчилтэй байж, тэр нь олон жил тунаж хуримтлагдсаар ирсэн нь нэг учир шалтгаан болж байгааг тэмдэглэх хэрэгтэй болов уу.
Даяаршил, дижиталчлалын үйл явц гүнзгийрч, харилцан хамаарал тодорхойлогч хүчин зүйл болж, хамгийн хүчирхэг батлан хамгаалах чадавхтай, хамгийн хүчирхэг эдийн засагтай улс гүрэн ч өөрийн аюулгүй байдал, хөгжил дэвшлийг дангаараа хангаж, хөтлөн авч явах бололцоогүй болжээ. АНУ, ОХУ,БНХАУ-д энэхүү дүгнэлт юуны өмнө хамаарна.
БНХАУ хүйтэн дайны үеийн нэг тал хэзээ ч байгаагүй боловч “Шинэ хүйтэн дайн”-ы үеийн нэг тал болох магадлал байгааг үгүйсгэж үл болно.
Зэвсэглэлд хяналт тавих асуудал хариуцсан олон улсын байгууллагын шинжээчдийн тэмдэглэж буйгаар улс хоорондын итгэлцэл ноцтой алдагдаж, их гүрнүүд дипломат ажиллагаа, яриа хэлэлцээ гэхээсээ илүүтэй цэргийн хүч чадавх, нөөц бололцоог илүү үнэлж, түүнд тулгуурлаж байгааг бид харж байна.
Эцэст нь, төв рүү тэмүүлэх, төвөөс зугтаах хүчний аль аль нь үйлчилж буй даяаршлын эрин үед олон улсын харилцааны шинэ дэг журам төлөвших үйл явцын төгсгөлийг төсөөлөх боломж тун бүрхэг байгааг онцлон дурдах хэрэгтэй.
Хүйтэн дайн дууссаны дараах үе төгсгөл болж, шинэ хүйтэн дайны үе хэдийн бодит зүйл болов. Олон улсын харилцаа, геополитикийн орчинд урьдчилан таамаглаж болохуйц нөхцөл байдлыг урт удаан хугацаанд тогтвортой хадгалах, урьдчилан таамаглах чадавхыг бэхжүүлэх явдал тулгамдсан асуудал болсоор байна. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дүрмээр тоглодог олон улсын дэг журмыг хадгалах, их гүрнүүд болон хөрш орнуудын хооронд итгэлцлийг бэхжүүлэх, тогтвортой түншлэлийн тэнцвэртэй харилцааг цогцлоох нь амин чухал болсоор байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!