Монголд байгаа ОХУ-ын үл хөдлөх хөрөнгө болон түүнд хамаарах газар үнэ төлбөргүй, хугацаагүй байсныг 99 жилийн хугацаатай олгох зэрэг асуудлыг хаалттай хэлэлцэв
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн объектуудын эрхийг Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцээрийн төсөлд дурдсанаар Улаанбаатар, Чойбалсан, Эрдэнэт хотуудад байрлах 8 газар, 93 үл хөдлөх хөрөнгийн объектыг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын /ЗСБНХУ/ нэр дээрээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгүүлэх шаардлагатай байгаа аж.
Хэлэлцээрийн төсөлд дараах 7 үл хөдлөх хөрөнгө хамрагдаж байна.
- Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах Аэрофлотын барилга /хэсэг/, эдэлбэр газрыг ашиглах эрх,
- Дорнод аймгийн Хэрлэн сумын төвд байрлах Захиргаа аж ахуйн барилгын цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх,
- Орхон аймгийн төвд байрлах албан контор, орон сууц, аж ахуйн барилгын цогцолбор,
- Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах орон сууцны 56 байр /нийтийн орон сууцны доторх/,
- Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Худалдааны төлөөлөгчийн газрын барилга байгууламжийн цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх,
- Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Сүмийн барилга, спорт заал, гаражийн цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх,
- Плехановын нэрэмжит сургуулийн барилгын цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх.
Өөрөөр хэлбэл, ОХУ манай улс дахь үл хөдлөх хөрөнгүүдээ өөрийн нэр дээр шилжүүлээгүйгээс захиран зарцуулах боломжгүй байж. Уг хэлэлцээр байгуулагдсанаар ямар ч ашиглалтгүй байгаа байгууламжуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болох юм.
Ташрамд дурдахад, өмнө нь ОХУ-ын талаас орон сууцны найман барилгыг Монгол Улсын төрийн өмчид үнэ төлбөргүй хүлээлгэн өгч, тэдгээр байранд 1990 оноос эхлэн амьдарсан 550 гаруй өрхөд хувьчилж байжээ.
Байнгын хороонд хэлэлцээрийн төслийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ч.Анар уг асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингэснээр манай улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх хөрөнгүүдийн эрхийг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэх асуудлыг хаалттай хэлэлцлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

