Г.Дамдинням: Уул уурхайн төслүүдийг дэмжин ажилладаг аймаг, суманд АМНАТ-ийн орлогын 15 хувийг хуваарилдаг болно
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт сүүлийн 10 орчим жил яригдсан, нийгэмд маш их хүлээлттэй байгаа. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн хуваарилалтыг аймаг, суманд нь олгодог болно. Хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллаж буй орон нутаг илүү давуу тал олдог зохицуулалтыг хийнэ. Ашигт малтмалын хариуцлагатай үйл ажиллагааг дэмжихгүй байгаа боловч яг ижилхэн орлого хүртдэг байдлыг болиулна.
Уул уурхайн төслүүдтэй хамтарч ажилладаг орон нутаг АМНАТ-ийн хуваарилалтаас авдаг болно. Одоогийн байдлаар АМНАТ-ийн орлогын 10 хувийг орон нутгийн хөгжлийн сан руу хуваарилж байгаа бол шинэ хуулийн төслөөр 15 хувийг хуваарилдаг болно. Ингэхдээ зөвхөн аймагт нь өгөөд орхидог байсныг хүн ам, газар нутгийн алслагдсан байдал, лицензийн тоог үнэлж тухайн суманд олгодог нөхцөл рүү шилжинэ.
АМНАТ-ийн орлогоос одоогоор 400 тэрбум төгрөг хуваарилдаг. Үүн дээр нэмээд 200 тэрбум төгрөг орон нутагт очих зохицуулалт руу орно. Ингэснээр сум, аймаг өөрийгөө хөгжүүлэх, сургууль цэцэрлэг, дэд бүтцийн асуудлаа шийднэ.
Дараагийн томоохон өөрчлөлт бол ЗЭСИЙН салбар. Монгол Улсын эдийн засаг зөвхөн нүүрсэнд суурилсан байна. 2025 онд зэсийн үнийн огцом өсөлтөөс шалтгаалж, зэсийн орлого нүүрсний орлогыг анх удаа давсан. Бид өнөөдөр зэстэй орон гэдэг боловч хоёрхон төсөлтэй. Нэг нь уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, 21.6 хувийн АМНАТ-ийн төлбөр төлдөг. Дэлхийд байхгүй өндөр хэмжээгээр төлдөг. Хоёрт Оюутолгой, тогтвортой байдлын гэрээгээр таван хувиар төлдөг.
Бид үүнийг дэлхийн жишигт нийцүүлж, бууруулж ирснээр зэсийн салбарыг хөдөлгөнө. Ингэснээр бэлэн хүлээгдэж буй 10 төслийг хөдөлгөнө. Ашигт малтмалын салбарт нэгдсэн бодлогоос гадна тухайн түүхий эдэд зориулсан олон улсад өрсөлдөх чадвартай бодлого хэрэгжүүлэх манай Засгийн газрын бодлого.
Хуулийн төсөл батлагдвал хамгийн түрүүнд Цагаан суварга, Хармагтайн орд шууд уурхай болоод ажиллахад бэлэн болно.
Дараагийн өөрчлөлт бол ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛ. Эдийн засгийн агуулгаараа нүүрс, зэстэй харьцуулбал маш бага. Гэхдээ улс төр, геополитикийн нөлөөллөөр асар өндөр үр дүнтэй харагдаж байгаа. Чухал ашигт малтмалын салбарыг дэлхийн улс орон бүр тодорхойлж, хөрөнгө оруулалтын орчноо тодорхой болгох зохицуулалтаа хийж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

