Энэтхэгийн тэрбумтны хүү Эскобарын усны үхрүүдийг авах саналыг Колумбын эрх баригчдад тавьжээ
Энэтхэгийн тэрбумтны хүү олон жилийн турш Колумб улсын эрх баригчдын толгойн өвчин болсон асуудлыг шийдвэрлэхэд туслах санал тавьжээ.
Энэ нь хар тамхины картелын босс агсан Пабло Эскобарын усны үхрүүдтэй холбоотой юм.
1993 онд цагдаа нарт буудуулж алагдсан Эскобар хууль бус арга замаар Африкаас зэрлэг усны үхэр импортлон авчраад хувийн эдлэндээ өсгөж байжээ.
Эскобарыг алагдсанаас хойш эзэнгүй болсон тэдний тоо толгой өсөж, Колумбын ард иргэд, унаган байгальд аюул учруулах болсон.
Өнгөрсөн хугацаанд эрх баригчид тэдний өсөлтийг хязгаарлах янз бүрийн арга хэрэглэх гээд бүтэлгүйтэж байв. Хамгийн сүүлд 80 усны үхрийг устгах шийдвэр гаргаад байгаа.
Тэгвэл Ази тивийн хамгийн баян хүн Мукеш Амбанигийн хүү Анант Амбани эдгээр амьтдыг Энэтхэгийн Гужарат мужийн Вантара дахь хувийн амьтны хүрээлэндээ авах санал гаргажээ.
Одоогоор Колумбын тал энэ саналд ямар нэг хариу өгөөгүй байна.
Амбанигийн амьтны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Колумбын байгаль орчны сайдад бичсэн захидалдаа усны үхрүүдийг насан туршид нь асран халамжлахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
Эскобар усны үхрүүдийг нийслэл Богота хотоос баруун хойд зүгт 250 км зайд оршдог Асиенда Наполес хувийн эдлэндээ тэжээж байсан юм.
Эскобараас хойш зэрлэг байгальд амьдрах болсон энэ амьтад тоо толгойг нь хязгаарлах махчин амьтангүй, үржил шимтэй, ус намаг ихтэй Антиокиа мужийн нутагт хурдан өсөж үржсэн байна.
Эрх баригчид тэдний тоо толгойг хязгаарлахын тулд үржлийг зогсоох, гадаадын амьтны хүрээлэнгүүдэд өгөх зэрэг янз бүрийн арга хэрэглэх гээд аль нь ч бүтээгүй юм.
Африкийн гадна бий болсон хамгийн том усны үхрийн сүрэг байгаль орчныг бохирдуулж, талхалж, нутгийн унаган амьтан, ургамалд аюул учруулж эхэлжээ.
Магдалена голын сав дагуу үйл ажиллагаа явуулдаг загасчид усны үхрийн халдлагад өртөх болсон байна. Нас биед хүрсэн усны үхэр гурван тонн жинтэй, түрэмгий зан ааштай тул хүмүүст маш аюултай байдаг.
Тиймээс Колумбын эрх баригчид эцсийн арга хэмжээ болох устгалыг эхлүүлэхээр болсон юм.
Вантарагийн амьтны хүрээлэнд заан, бар зэрэг 2,000 орчим төрөл зүйлийн амьтан байдаг.
3,500 акр газар эзэлдэг энэ хүрээлэн Мукеш Амбанигийн дэлхийн хамгийн томд тооцогддог газрын тосны үйлдвэрээс холгүй байрладаг байна.
Анант Амбанигийн 2024 онд болсон цуутай хуримын зарим хэсэг энд зохион байгуулагдаж байв.
Меделлиний картелын босс, “кокайны хаан” хочит Пабло Эскобар ойролцоогоор $30 тэрбумын хөрөнгөтэй нэгэн байсан юм.
Тэрбээр Колумбын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Майами зэрэг АНУ-ын өмнөд бүсийн хотуудад хууль бус аргаар нийлүүлдэг байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
