Оросын Африкийн Корпус чухал хотыг алдсаны дараа Кремлийн эрх баригчид Мали улсад энх тайван тогтоохыг уриалав
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Африк тивийн Мали улсад тогтсон цэргийн дэглэмийн эсрэг нэгдсэн босогчид, жихадистууд томоохон байлдааны ажиллагаа эхлүүлсэн билээ.
Оросын батлан хамгаалах яаманд харьяалагддаг Африкийн Корпусын анги нэгтгэлүүд уг цэргийн дэглэмийг дэмжихээр Малид байрладаг юм. Африкийн Корпус нь хилийн чанадад Оросын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй ажилладаг байсан Вагнер хувийн зэвсэгт хүчнийг залгамжилж байлаа.
Бямба гарагийн үүрээр Аль Кайдатай холбоотой жихадист босогчид болон Туарег овгийн салан тусгаарлагч бүлэг Малигийн цэргийн дэглэмийн эсрэг хэд хэдэн байрлалд довтолж эхэлсэн юм.
Өнгөрсөн хугацаанд босогчид хойд бүсийн хамгийн том хот Кидалыг эзэлж, тэнд байрлаж байсан Африкийн Корпусын ангиуд хотоос гарч ухарсан байна. Мөн нийслэл Бамако хотын ойролцоо цэргийн баазад халдаж, Мали улсын батлан хамгаалахын сайдын амийг хөнөөсөн юм.
Малигийн цэргийн дэглэмийн удирдагч Ассими Гойта хаа нэгтээ нуугдаж байгаа гэсэн мэдээлэл ирж байна.
Тэгвэл Кремлийн эрх баригчид Мягмар гарагт Малид үүссэн гэнэтийн нөхцөл байдалтай холбогдуулан анх удаа мэдэгдэл гаргажээ.
“Бид улс орныг аль болох хурдан энх тайван, тогтвортой байдлын замд буцаан оруулах нь чухал гэж үзэж байна” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн юм.
Генерал Гойта хаана байгааг түүнээс асуухад ийм мэдээллийг “Кремлиэс биш, Малигаас хайх хэрэгтэй” гэж зөвлөсөн байна.
ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр тусдаа гаргасан мэдэгдэлд Малид нөхцөл байдал хүнд байгааг хүлээн зөвшөөрсөн ч Африкийн Корпусын цэргүүд “даалгавраа үргэлжлүүлэн гүйцэтгэж, босогчдын давшилтыг няцаахад бэлэн байна” гэжээ.
Ерөнхийлөгчийн ордныг оролцуулаад нийслэл Бамако хот дахь гол байгууламжуудыг эзлэх оролдлого үргэлжилж байгааг яам мэдэгдэлдээ хүлээн зөвшөөрсөн байна.
Африкийн Корпусын анги нэгтгэлүүд давуу хүчтэй тулгарсан ч Кидал хотоос гарахаасаа өмнө 24 цаг гаруй хугацаанд тулалдсаныг мөн мэдээлжээ.
Тэгвэл ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Георгий Борисенко өчигдөр хэвлэлд ярихдаа Малигийн олон байрлалд болсон тулааны үеэр Оросын цэргүүд хохирол амссаныг хүлээн зөвшөөрсөн байна.
Мали улсын засгийн газар 2012 онд хамгийн сүүлд ийм хэмжээний дайралтад өртөж байсан ч тус улсад байрладаг Францын цэргийн хүчний тусламжтай бослогыг дарж байв.
Харин сүүлд тогтсон цэргийн дэглэм 2022 онд Францын цэргийг хөөн гаргаж, оронд нь Оросыг улс төр, цэргийн гол дэмжигчээ болгоод байгаа юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
