Украин, Норвеги улсууд дунд тусгалын нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэлийг хамтран эхлүүлэхээр болжээ
Украин, Норвеги улсууд дунд тусгалын нисгэгчгүй онгоцны хамтарсан үйлдвэрлэл явуулж эхлэхээр болсныг зарлажээ.
Уг төслийн хүрээнд Норвегийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн хэдэн мянган дроныг Украины зэвсэгт хүчинд нийлүүлэх юм байна.
Норвеги улс 2026 онд Украиныг дэмжихэд зориулан $7 тэрбумын төсөв баталсан бол дээрх хамтарсан үйлдвэр нь үүнээс гадна нэмэлт санхүүжилтээр байгуулагдах гэнэ.
Даваа гарагт Киев хотод болсон ёслолын арга хэмжээний үеэр Украинд суугаа Норвегийн элчин сайд Ларс Рагнар Аалеруд Хансен, Украины батлан хамгаалах яамны Европын интеграцын асуудал эрхэлсэн дэд сайд Сергей Боев нар гэрээнд гарын үсэг зуржээ.
“Украины зайлшгүй шаардлагатай чадавхид анхаарлаа хандуулж, системтэй дэмжлэг үзүүлж буй Норвеги улсад талархаж байна. Хамтарсан үйлдвэрийн төслүүд болон дроны найдвартай хангамж нь тулааны талбарт манай зэвсэгт хүчний байр суурийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой. Норвеги улс үр дүнтэй болох нь батлагдсан технологийг үйлдвэрлэх боломжтой болж байгаа бол Украин улс тулааны талбарт санаачилгыг гартаа авахад шаардлагатай дронуудыг хүлээж авах болно. Энэ бол жинхэнэ харилцан ашигтай түншлэл юм” гэж Украины батлан хамгаалахын сайд Михаил Федоров мэдэгдсэн байна.
“Украины өөрийгөө хамгаалах тэмцлийг дэмжих нь Норвегийн аюулгүй байдлын төлөө бидний хийж байгаа хамгийн чухал зүйл юм. Энэ бол хоёр улсад ашиг тустай хамтын ажиллагаа. Энэ бол Норвеги-Украины хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал бөгөөд бодитой алхам бөгөөд Норвегийн батлан хамгаалах салбарыг бэхжүүлж, Норвегийн аюулгүй орчинд дрон үйлдвэрлэх боломжийг Украинд олгох юм” гэж Норвегийн батлан хамгаалахын сайд Торе О. Сандвик арга хэмжээний үеэр хэлжээ.
Норвегид үйлдвэрлэгдсэн эхний дронууд энэ зун Украины армид нийлүүлэгдэж эхлэх юм байна.
Эх сурвалж: mod.gov.ua
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
