САНЬЯА 2026: Элсний бөхийн төрлөөс З.Болортунгалаг МӨНГӨ, Г.Төрболд ХҮРЭЛ медаль хүртэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Д.Нямбилэг

БНХАУ-ын Саньяа хотод болж байгаа Азийн элсний наадмын бөхийн төрөлд медальтнууд тодорч эхэллээ.

Элсний бөхийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн тамирчин оролцсон. Тодруулбал эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Эрдэнэцэцэг, +70 кг-ын жинд З.Болортунгалаг, эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Г.Төрболд, +90 кг-ын жинд Ч.Алтангэрэл нар хүч үзлээ.

Тэднээс З.Болортунгалаг мөнгө, Г.Төрболд хүрэл медаль хүртэв.

З.Болортунгалаг хэсгийн шатанд БНХАУ, БНСУ, Тайванийн тамирчдыг дараалан ялаад хагас шигшээд Казахстаны Алина Ертостикийг 3:0-ээр буулган авчээ. Харамсалтай нь алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Прияад дийлдсэн байна.

Эрчүүдийн 90 кг-д өрсөлдсөн Г.Төрболд хэсэгтээ хоёр ялж, нэг унасан юм. Ингээд шөвгийн наймд Тажикистаны тамирчныг илүүрхсэн ч хагас шигшээд Пакистаны Инам Мохаммедад ялагдав. 

Улмаар хүрлийн төлөө БНХАУ-ын Ли Пэй Лоныг 3:1-ээр ялжээ.

Элсний бөхийн төрөл нь Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW)-ноос зохион байгуулдаг төрөлд багтдаг. Тусгайлан зассан долоон метр тойрог дэвжээнд гурван минутаар барилддаг онцлогтой. Хоёр бөхийн хэн түрүүлж гурван оноо авсан нь хождог. Дэвжээнээс гарах юм уу, өрсөлдөгчөө унагаасан тохиолдолд нэг оноо, нуруугаар нь унагаавал гурван оноо өгдөг аж. 

Ийнхүү Азийн элсний наадамд оролцсон манай тамирчдын тэмцээн өндөрлөлөө. Монголын баг найман төрөлд 51 тамирчинтай оролцоод нэг мөнгө, гурван хүрэл медальтай тэмцээнээ дуусгав.