539 га талбайд үйл ажиллагаа явуулах Эмээлт эко парк 18 бүсээс бүрдэнэ

Д.Янжиндулам, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг хэрэгжүүлж буй. Тус төсөл хэрэгжсэнээр малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгажсан хэсгээс гарган хөгжүүлнэ гэж холбогдох албаныхан мэдээлээд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Бизнес инкубатор сургалтын төвийн барилга, хамгаалалтын бүс, хоёр ширхэг 630 кВА “Хаалттай дэд өртөө”-ний бүтээн байгуулалтыг гүйцэтгэж дуусжээ.

Паркийн үндсэн дэд бүтэц болох Дулааны цахилгаан станц болон Бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны EPC буюу түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр зарлаж, 2025 оны наймдугаар сарын 26-ны өдөр гэрээг байгуулсан бөгөөд 24 сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөсөн бол гадна инженерийн шугам сүлжээ, паркийн доторх хэрэглэгчдийг холбох дэд бүтцийн барилга байгууламжийг 2026-2027 онд барих аж.

Төсөл хэрэгжсэнээр жилд 7.5 сая ширхэг арьс шир, 4.6 мянган тонн завод ноос, 5.8 мянган тонн ноос, 3 мянган тонн ноолуур, 2.5 мянган тонн ээрэх, 25.5 мянган тонн мах, 98.4 мянган тонн дайвар түүхий эдийг үйлдвэрлэх хүчин чадалтай байна гэж тооцоолжээ.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь Улаанбаатар хотоос 30 км зайд нийт 539 га талбайд үйл ажиллагаа явуулах бөгөөд хүнсний агуулах, хүлэмжийн аж ахуй, бизнес инкубатор төв, малын гаралтай барилга байгууламж зэрэг үндсэн долоо, дэд 11 бүсээс бүрдэх юм байна.

Тус паркийн дэд бүтцийн төслүүд болох дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийг барих тендерт БНХАУ-ын “Хуа Зи Технологи” ХХК (HNAC Technology Co., Ltd) болон “Хуа Ши Энержи Индастри” ХХК (China western Power Industrial Co., Ltd) түншлэл шалгараад буй.

Эко паркийн дулааны цахилгаан станц, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг 2025-2028 онд гүйцэтгэж дуусгах хугацаатай бол уг ажлын нийт төсөв 224.6 тэрбум төгрөг.