Иранд АНУ "доромжлуулж байгааг" канцлер хэлсний хариуд Герман дахь цэргийнхээ тоог танахаар Трамп сүрдүүлэв
Германы канцлер Фридрих Мерц энэ долоо хоногийн эхээр болсон нэгэн арга хэмжээний үеэр Ираны тал АНУ-ыг чадварлагаар “доромжилж” байгааг хэлсэн юм.
Тухайлбал энхийн яриа хэлэлцээнд очсон АНУ-ын төлөөлөгчдийг ганзага хоосон буцааж байгаа Ираны талын дипломат ур чадварыг тэр үнэлж байв.
Мерцийн энэ үг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын чихэнд хүрсэн байна.
Трамп өчигдөр сошиал хуудсандаа “Герман дахь цэргийнхээ тоог цөөрүүлэх боломжийг АНУ судалж байгаа бөгөөд ойрын үед энэ талаар шийдвэр гаргах болно” гэж бичжээ.
2024 оны байдлаар АНУ-ын 35,000 цэрэг Германд байрладаг гэсэн албан ёсны тоо баримт бий. Гэхдээ одоо энэ тоо нэлээд өссөн, Германы зарим хэвлэлүүд 50,000 орчим болсон гэж мэдээлж байна.
Ираны эсрэг явуулж буй дайнд нь туслахгүй байгаа Европын холбоотнуудаа Трамп шүүмжилж, НАТО-гоос гарахаар сүрдүүлж байгаа.
Герман дахь цэргийнхээ тоог бууруулах талаар Трампыг мэдэгдэхээс хэдхэн цагийн өмнө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Германы гадаад хэргийн сайд Йоханн Вадефул нар утсаар ярьжээ.
Тэд Ормузын хоолойд далайн тээврийн эрх чөлөөг хангахын ач холбогдлын талаар хэлэлцсэн тухай төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт мэдээлсэн байна.
Мягмар гарагт Мерцийн хэлсэн үгийн талаар Трамп анх ярихдаа “Тэр Иран улс цөмийн зэвсэгтэй байхыг зүгээр гэж бодож байгаа бололтой. Тэр юу ярьж байгаагаа мэдэхгүй байна” гэж хэлсэн юм.
Харин Мерц өчигдөр буюу Лхагва гарагт Берлинд болсон хэвлэлийн хурлын үеэр хоёр удирдагч хэвийн харилцаатай байгааг баталжээ.
“Миний бодлоор Америкийн ерөнхийлөгч бид хоёрын хувийн харилцаа өмнөх шигээ хэвийн байгаа” гэж тэр хэлсэн байна.
Энэ үеэр Мерц бас Ираны эсрэг АНУ, Израилийн явуулж буй дайнд эхнээс нь эргэлзэж байснаа илэрхийлсэн юм.
“Герман болон Европ үүний үр дагавраас ихээхэн хохирол амсаж байна” гэж тэр хэлжээ.
Дайнд нь туслахгүй байгаа холбоотнуудаа шийтгэх янз бүрийн аргыг Трамп сэдэж байж болзошгүй байгаа.
Өнгөрсөн долоо хоногт Ираны эсрэг дайнд баазуудаа ашиглуулахаас татгалзсан Испани улсыг НАТО-гоос хасах талаар АНУ судалж байгаа тухай мэдээ тарсан. Бас Фолклэндийн арлуудын хяналт Их Британид байгаа асуудал дээр байр сууриа эргэн харах тухай санаа яригдсан сурагтай байна.
Сүүлд АНУ-ын засах захиргаа Аргентин, Их Британийн хооронд маргаантай байдаг Фолклэндийн арлуудын асуудалд төвийг сахисан байр суурьтай хэвээр байгаагаа мэдэгдсэн юм. 1982 онд болсон цуст дайны дараа Атлантын далайд оршдог уг арлууд Британийн хяналтад шилжиж байв.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
