С.Тунгалагтамир: Иргэдийн дунд явуулсан судалгаагаар 67 хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч чадахгүй байна гэж хариулсан
Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос Иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт өнөөдөр Монгол Улсад ямар хэмжээнд байгаа талаар болон Увс, Завхан, Говь-Алтай аймгуудын Хүний эрхийн нөхцөл байдалд хийсэн хяналт шалгалтын асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ талаар Судалгаа, Дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир "Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын судалгаагаар манай улсад урьдчилсан сэргийлж болох өвчний нас баралт өндөр байдаг. Түгээмэл дөрвөн төрлийн өвчин бий.
Тухайлбал
- зүрх, судасны өвчин,
- хорт хавдар,
- чихрийн шижин,
- уушгины архаг өвчин ордог.
Эдгээр өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой. Харамсалтай нь манай улсад 30-аас 70 насныхан дээрх өвчнөөр өвдөх магадлал 26.3 хувь байгаа нь дэлхийн дунджаас 8.5 хувь, бүсийн дунджаас 10.4 хувиар өндөр байна. Үүгээр нийгмийн эрүүл мэндэд манай улс хэрхэн анхаарч байгааг харж болно.
Мөн хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж буй. Тэр тусмаа элэгний хорт хавдраар нас барж байгаа иргэдийн тоогоор дэлхийд тэргүүлдэг.
Нийгмийн эрүүл мэндийн асуудал гэхээр зөвхөн урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн боловсрол олгохын зэрэгцээ бидний өдөр тутамд амьсгалж байгаа агаар, ууж байгаа усны ариун цэврийн байдал зэрэг олон зүйлийг цогцоор нь судлах шаардлагатайг харуулж байна.
Гэтэл хүртээмжгүй, ажлын ачаалал их байна гэсэн гомдол тасардаггүй нь ихэнх эмнэлэг болон нарийн мэргэжлийн эмч нар Улаанбаатарт төвлөрсөн. Хөдөө орон нутагт нарийн мэргэжлийн эмч байдаггүй. Сувилагч гэхэд эмчээсээ илүү дутагдалтай байгаа зэрэг асуудал гардаг.
Харьцуулахад 2015 онд сувилагчийн тоо 11,400 орчим байсан бол 2023 онд 15,200 орчим болж өссөн. Энэ нь дэлхийн дунджаас бол бага тоо. Үүнийг дагаад сувилагчийн ачаалал өндөр байгааг харж болно.
Эндээс хүний нөөц бэлтгэх бодлогодоо анхаарах шаардлагатай. Мөн хуваарилалт буюу орон нутаг руу нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэхэд анхаарах хэрэгтэй байна.
Иргэдийн дунд хийсэн судалгаагаар 67 хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч чадахгүй байна хариулсан.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалтад бас анхаарах шаардлагатай байгаа нь анзаарагдсан. Тухайлбар зарим эмнэлэгт тоног төхөөрөмжийг ашиглах эмч, ажилтан дутмаг байдгаас шалтгаалан огт ашиглалгүй, хайрцагтай чигээр нь хадгалж байдаг" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
