Алтай хотхоноос Нарны хороолол хүртэл жил дамнан барьж буй авто замын ажлын явц 67 хувьтай байна
Баянгол дүүргийн 24, 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Алтай хотхоны уулзвараас ДЭМА эмнэлгийн хойд талаар дайран өнгөрч Нарны гүүрний доогуур тойрон Нарны хороолол хүрэх 680 метр авто замыг өнгөрсөн онд барьж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар ажлын явц 67 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд уг авто замыг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулах юм байна.
Гүйцэтгэж буй бүтээн байгуулалтын талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус авто замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор 2024-2025 онд газар чөлөөлөлтийг хийж, шугам сүлжээг угсарснаас гадна эхний ээлжийн 300 метр авто замыг барьсан.
Харин энэ онд үлдсэн хоёр эгнээ бүхий 380 метр авто замын ажлыг гүйцэтгэж байна. Энэ хүрээнд хоёр талдаа 2 метр өргөн явган хүний зам барихаас гадна гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамыг угсрах юм” гэж мэдээллээ.
Тус авто замыг ашиглалтад оруулснаар Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцах, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!





