Трамп паспорт дээр өөрийн хөргийг хэвлүүлсэн АНУ-ын анхны ерөнхийлөгч болно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын иргэний зарим паспорт ерөнхийлөгч Дональд Трампын хөрөгтэй хэвлэгдэхээр болжээ.

Дэлхийн улс орнуудын удирдагчид өөрийн зургийг паспортын хуудсан дээр хэвлүүлсэн тохиолдол ховор байдаг. Трампын хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд паспорт дээр хөргөө хэвлүүлсэн АНУ-ын анхны ерөнхийлөгч болж байна.

Төрийн департамент АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан хязгаарлагдмал тооны паспортыг ийм загвартай хэвлүүлэхээр болжээ.

1776 оны долдугаар сарын 4-ний өдөр гарсан тусгаар тогтнолын тунхаглал дээр Трампын ширүүн харцтай хөргийг байрлуулсан паспортын загварыг төрийн департамент сошиал хуудсандаа нийтэлсэн байна.

Уг хөргийн доор Трампын алтадсан гарын үсгийг хэвлэжээ.

Хоёр дахь хувилбар загвар дээр АНУ-ыг үүсгэн байгуулагч эцгүүдийн түүхэн зургийг байрлуулсан байна.

зураг
 

Нэрээ нууцалсан албан тушаалтны мэдээлснээр Трампын зурагтай паспортыг зөвхөн Вашингтон хотод, биеэр ирж авах иргэдэд олгох гэнэ.

Ийм паспорт нэмэлт төлбөргүй байх ажээ.

Америкчуудын ихэнх нь захиалсан паспортоо орон нутгийн шуудангаар дамжуулан авдаг. Харин Вашингтонд биеэр очиж авах иргэд Трампын хөрөгтэй хувилбараас татгалзах боломжтой эсэх нь тодорхойгүй байна.

Сөрөг хүчин Ардчилсан Намын хууль тогтоогчид ийм санаачилга гаргасан төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиог шүүмжилжээ.

“Нарийн бичгийн дарга Рубио та Иранд өдөөсөн дайнаа зогсоохыг ятгахад илүү их цаг зарцуулж, Трампын бардам занг өөгшүүлэхэд Америкийн татвар төлөгчдийн мөнгийг үрэхээс зайлсхийх хэрэгтэй” гэж төлөөлөгчдийн танхимын гадаад харилцааны байнгын хорооны ардчилсан намын гишүүд сошиал хуудсандаа бичсэн байна.

Дэлхийн улс орнууд паспортондоо ихэвчлэн түүхэн үйл явдал, эсвэл байгалийн өвөрмөц тогтцыг дүрсэлсэн байдаг.

Умард Солонгос хүртэл Ким Жон Уны хөргийг улс орон даяараа залдаг ч паспортдоо оруулалгүй, оронд нь ариун Пэктү уулыг дүрсэлдэг.

АНУ-ын одоогийн паспортууд дээр саран дээр буусан зэрэг түүхэн үйл явдлууд, Эрх чөлөөний хөшөө зэрэг онцлог газруудыг дүрсэлсэн байдаг юм.

Өнгөрсөн онд хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш Трамп өөрийн нэр, хөрөг зэргийг засгийн газрын байгууламжуудад урьд өмнө байгаагүйгээр оруулах болсон.

Тухайлбал нийслэлийн хэд хэдэн засгийн газрын барилгад ерөнхийлөгчийн тугийг зоож, Кеннедийн соёлын төв, АНУ-ын энх тайвны хүрээлэнд Трампын нэрийг хавчуулсан юм.

Бас нэг сая долларын үнэтэй цагаачлалын эрхийн картыг “Трампын алтан карт” гэж нэрлэсэн бол 250 жилийн ойн дурсгалын алтан зоос дээр Трампын хөргийг залахаар болж, шинээр хэвлэгдэх бүх долларын дэвсгэрт дээр Трампын гарын үсэг хэвлэгдэхээр болсон.

Америкчуудын тал орчим хувь хүчинтэй гадаад паспорттой гэсэн тоо байдаг нь өрнөдийн ихэнх улс орнуудтай харьцуулахад доогуур үзүүлэлт юм. Бас нэг судалгаагаар Трампын ялсан мужуудын иргэдийн ихэнх нь паспортгүй буюу гадаадад аялдаггүйг тогтоосон байна.

 

Эх сурвалж: AFP