Украины аюул заналаас шалтгаалан энэ удаа Улаан талбайн ялалтын баярын жагсаалд зэвсэг техник оролцуулахгүй
Москвагийн Улаан талбайд жил бүр зохион байгуулагддаг Ялалтын баярын цэргийн жагсаалд энэ удаа “Украины террорист ажиллагаа”-ны улмаас зэвсэг техник оролцохгүй болсныг Кремлийн хэвлэлийн алба өчигдөр мэдэгджээ.
Тавдугаар сарын 9-ний өдөр болдог уг жагсаал нь дэлхийн хоёрдугаар дайны үеэр Зөвлөлтийн арми Нацист Германыг ялсан үйл явдалд зориулагддаг бөгөөд Оросууд үүнийг “Аугаа Эх Орны Дайн” гэж нэрлэдэг.
“Оросын Холбооны Улсын зэвсэгт хүчний бүх салбаруудын цэргийн алба хаагчид болон цэргийн дээд боловсролын байгууллагуудын алба хаагчид жагсаалын цувааны нэг хэсэг болон оролцоно” гэж тус улсын батлан хамгаалах яам мэдэгджээ.
Харин зарим нэг боловсролын байгууллагын төлөөлөгчид болон байлдааны зэвсэг техник “одоогийн нөхцөл байдалтай холбогдуулан жагсаалд оролцохгүй” гэж тайлбарласан байна.
Гэхдээ жагсаалын төгсгөлд байлдааны нисэх онгоцнууд агаарт Оросын далбааны цагаан, цэнхэр, улаан өнгийг утаагаар дүрслэн харуулах гэнэ.
Өнгөрсөн оны ялалтын баярын арга хэмжээнд Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин зэрэг дэлхийн 20 гаруй орны удирдагчид оролцож байсан юм.
Харин энэ жилийн арга хэмжээнд хэдэн улсын төр засгийн тэргүүн оролцох талаар Оросын эрх баригчид мэдээлэл өгөөгүй байна.
Уламжлал ёсоор Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан Беларусь болон Төв Азийн орнуудын төлөөлөгчид үүнд оролцдог.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин одоо Украинд үргэлжилж буй дайнаа зөвтгөхөд Нацист Германыг ялсан түүхэн үйл явдлыг ашигласаар ирсэн. Тухайлбал тэр Украины одоогийн эрх баригчдыг төрийн эрхээс зайлуулах ёстой “Неонацист дэглэм” гэж нэрлэдэг.
Гэвч тав дахь жилдээ үргэлжилж буй дайны турш Оросын зэвсэгт хүчин фронтын шугамыг төдийлөн өөрчилж чадахгүй байгаа.
Донецк, Луганск мужуудаас бүрддэг Донбассын бүс нутгийг бүхэлд нь эзлэхийг Путин хүсдэг ч Украины зэвсэгт хүчин ингэх боломж өгөхгүй байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
