Оросын эрх баригчид Киевт дахин довтлохоор сүрдүүлж, гадаадын иргэдэд тус хотоос гарч явахыг зөвлөв
Ням гарагийн шөнө Оросын тал дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын довтолгоонуудынхаа нэгийг Украины эсрэг явуулсан билээ.
Тэгвэл Даваа гарагт тэд Киев хотод дахин “системтэй цохилтууд” өгөхөөр сүрдүүлж, гадаадын иргэд, дипломатчидад тус хотоос аль болох хурдан гарч явах, энгийн иргэдэд засаг захиргааны болон цэргийн барилга байгууламжуудаас хол байхыг зөвлөжээ.
Шинэ цохилтууд нь “шийдвэр гаргах болон удирдлагын төвүүд”, мөн нисгэгчгүй онгоцны үйлдвэрүүдийг онилох гэнэ.
Харин Киевийн эрх баригчид үүнийг нь “ичгүүргүй сүрдүүлэг” гэж нэрлээд Москвад дарамт шахалт үзүүлэхийг холбоотнууддаа уриалжээ.
Бямба гарагийн оройгоос эхэлсэн Оросын өмнөх томоохон агаарын довтолгооны үеэр Киев болон бусад хотуудад дөрвөн хүний амь үрэгдэж, 100 орчим хүн шархадсаныг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлж байв.
Оросын тал уг цохилтоо эзлэгдсэн Луганск мужийн Старобильск хотын оюутны байранд Баасан гарагт Украины нисгэгчгүй онгоцнууд довтолсны улмаас 21 хүний амь үрэгдсэний хариу арга хэмжээ гэж тайлбарласан юм.
Украины тал оюутны дотуур байранд довтолсноо үгүйсгэж, тус бүс нутаг дахь нисгэгчгүй онгоцны ангийг онилсноо тайлбарлаж байв.
Сүүлийн агаарын довтолгоондоо Оросын тал 90 орчим баллистик болон далавчит пуужин, 600 орчим нисгэгчгүй онгоц ашигласнаас гадна Киевээс өмнө зүгт 90 км зайд оршдог Бела Церква хот руу дуунаас хурдан Орешник пуужин харвасан юм.
Энэ үеэр Киев хотын түүхэн дүүрэгт байрладаг Чернобылийн музей, Украины Үндэсний Урлагийн музей зэрэг цэргийн бус барилга байгууламжууд сүйдсэн бол Лукяновка дүүрэгт худалдааны төв, зах, хэд хэдэн орон сууцны барилга оногдсон байна.
Даваа гарагийн орой ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярихдаа Америкийн дипломатчидыг Киевээс гарч явахыг уриалсан тухай Москвагийн албаны эх сурвалж мэдээлжээ.
Гэхдээ олон ажиглагчид Киевээс гадаадын иргэдийг гаргах Оросын анхааруулгыг сэтгэл зүйн дарамт шахалтын нэг хэлбэр гэж үзэж байна.
Оросын арми 2022 оноос хойш Киев хот руу бараг долоо хоног өнжилгүй довтолж байгаа.
Өнгөрсөн дөрвөн жил гаруй хугацаанд Украины тал Оросын агаарын довтолгоог эсэргүүцэх нарийн систем зохион бүтээсэн нь одоо ихэнх цохилтыг аюулгүй болгож чаддаг болсон.
Гэхдээ Оросын талаас маш олон тооны зэвсгээр зэрэг довтолдог тул нэлээд хэсэг нь Украины хамгаалалтыг нэвтэлж чадаж байгаа. Үүнээс гадна пуужингийн цохилтоос хамгаалах тал дээр Украин улс гадаадын зэр зэвсгийн нийлүүлэлтээс хамааралтай хэвээр байна.
Ойрх Дорнодод эхэлсэн дайн ийм төрлийн зэвсгийн хомсдолыг бий болгосон юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
