Иргэдийн бухимдлыг намжаах зорилготой Боливийн ерөнхийлөгч цалингаа 50 хувиар бууруулахаар болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын эсрэг иргэдийн жагсаал долоо хоног үргэлжилсний дараа Даваа гарагт Болив улсын ерөнхийлөгч Родриго Паз өөрийн цалинг 50 хувиар бууруулах шийдвэрийг зарлажээ.

Гэвч баруун төвийн үзэлтэй ерөнхийлөгчийн мэдэгдлийг үл тоомсорлосон тэмцэгчид түүнийг огцруулахыг үргэлжлүүлэн шаардаж, Андын нурууны бэлд оршдог Ла Пас хотод цагдаа нартай мөргөлдсөн байна.

АНУ-ын дэмжлэгтэй сонгуульд ялсан Паз тангараг өргөснөөс нь хойш ердөө зургаан сарын дараа гарсан иргэдийн жагсаал тэмцлийг зогсоохын тулд янз бүрийн хариу арга хэмжээ авч байгаа.

Анх үйлдвэрчний эвлэлүүд тавдугаар сарын эхээр цалингийн өсөлт, түлш шатахууны найдвартай хангамж, эдийн засгийн зөв бодлогыг шаардан жагсаж эхэлсэн бол сүүлийн өдрүүдэд нэлээд радикалжих хандлагатай болоод байна.

Даваа гарагт Боливийн зүүн өмнөд Сукре хотод үг хэлэхдээ ерөнхийлөгч Паз “улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг амлалтынхаа нэг хэсэг болгон цалингаа 50 хувиар бууруулахаар шийдлээ” гэж мэдэгджээ.

Түүний сарын цалин одоогоор 24,000 боливиано ($3,500 орчим) байгаа нь Латин Америкийн удирдагчдын дотор хамгийн багад тооцогддог ч 2024 оны Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын тоо баримтаар бол Боливийн иргэдийн дунджаас найм дахин их байгаа юм.

Гэвч энэ арга хэмжээ жагсагчдыг зогсоосонгүй. Боливийн улс төрийн нийслэл Ла Пас хотод хүрдэг гол замыг жагсагчид бараг нэг сарын турш хааснаас хоол хүнс, түлш шатахуун, эмийн хангамж тасалдаад байна.

Өчигдөр энэ хотод мянга мянган уурхайчид, фермерүүд, үйлдвэрийн ажилчид долоо хоногийн дотор гурав дахь удаагаа жагсах үеэр цагдаагийн хүчтэй мөргөлджээ.

Жагсагчид парламентын ордны ойролцоох хаалтыг эвдэхийг оролдох үеэр мөргөлдөөн гарсан байна.

Энэ үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хий жагсагчид руу цацжээ.

зураг
 

Ерөнхийлөгч өмнө нь нэр хүндгүй хөдөлмөрийн сайдаа халах, үйлдвэрчний эвлэлүүд болон уугуул иргэдийн бүлгүүдэд бодлого боловсруулахад оролцох илүү эрх олгохыг амлах зэрэг арга хэмжээнүүд зарласан ч хурцадмал байдлыг намжааж чадаагүй юм.

Өчигдөр тэрбээр жагсагчдын төлөөллийг яриа хэлэлцээнд уриалж, үйлдсэн хүчирхийллийг нь буруушааж байв.

Одоо 58 настай Паз өнгөрсөн оны сонгуульд ялснаар 2000-аад оны дунд үеэс хойш 20 орчим жил үргэлжилсэн нутгийн уугуул иргэдийн дундаас төрсөн ерөнхийлөгч Эво Моралесын социалист засаглал өндөрлөсөн юм.

Шинэ ерөнхийлөгч засгийн эрхийг авснаасаа хойш эдийн засгийн хямралын үндэс болсон түлш шатахууны өндөр татаасаас үүдэлтэй валютын хомсдолыг арилгахыг хичээсэн ч үр дүнд хүрээгүй байна.

Ням гарагт хийсэн мэдэгдэлдээ өнгөрсөн оны сонгуулиар дахин эрх мэдэлд хүрэх гээд бүтэлгүйтсэн Моралес 90 хоногийн дотор ээлжит бус сонгууль зохион байгуулахыг Пазаас шаарджээ.

Гэхдээ Боливийн шинэ ерөнхийлөгчийг АНУ-ын засаг захиргаа хүчтэй дэмжиж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP