ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгч гэргийн хамтаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж, эрхэм зочдод хүндэтгэл илэрхийллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.
Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн зочидтой мэндчилж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч И Жэ Мён Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.
Айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, “Монгол–Солонгосын бизнес форум”-ын нээлтэд оролцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.
Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцож, сурын талбай, шагайн харвааны асраар зочлохоор төлөвлөсөн болохыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

