Ньюком групп БНСУ-ын POSCO групптэй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
Монгол Улс, Улаанбаатар хот
2026 оны 7 дугаар сарын 9
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Ньюком групп болон POSCO групп харилцан ойлголцлын санамж бичиг (MoU) байгууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Бүгд Найрамдах Солонгос Улсын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны сайд Ким Сон Хван, POSCO Holdings-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Жан Ин Хуа, Ньюком группийн Эрчим хүчний кластерийн Гүйцэтгэх ерөнхийлөгч Д.Ганхуяг болон хоёр талын төлөөлөгчид оролцов.
Санамж бичигт Ньюком группийн Гүйцэтгэх захирал Б.Баатармөнх, POSCO International компанийн Гүйцэтгэх захирал И Ге Ин нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд Улаанбаатар хотын дулаан хангамжийн системд дулааны насос (Heat Pump) технологийг нэвтрүүлэх төслийг хамтран хөгжүүлэхээр тохиролцов. Энэхүү төсөл нь дулаан хангамжийн үр ашиг, найдвартай байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний хэрэглээг оновчтой болгож, өсөн нэмэгдэж буй дулааны хэрэгцээг хангах, агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.
Ньюком групп нь сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжлийн чиглэлээр 30 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж буй Монголын тэргүүлэх хувийн хэвшлийн компани бөгөөд POSCO групп нь ган үйлдвэрлэл, эрчим хүч, дэвшилтэт технологи, ирээдүйн материалын салбарт дэлхийд тэргүүлэгч аж үйлдвэрийн группүүдийн нэг юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр компанийн стратегийн түншлэлийг өргөжүүлэхээс гадна Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын эрчим хүчний салбарын урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
Талууд цаашид инновац, дэвшилтэт технологид суурилсан эрчим хүчний шийдлүүдийг хамтран хөгжүүлж, Монгол Улсын эрчим хүчний шилжилт, хотуудын тогтвортой хөгжил, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Энэхүү хамтын ажиллагааг дэмжин ажиллаж буй Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар, хоёр улсын холбогдох байгууллагуудад талууд талархал илэрхийлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

