БНСУ-ын хөрөнгө оруулалттай 1,300 орчим аж ахуйн нэгж манай улсад бүртгэлтэй байна

А.Төгөлдөр, iKon.mn
40 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, тэргүүн хатагтай Ким Хе Гён-ы хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. 

Хоёр улс:

  • 2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”,
  • 2011 онд “Иж бүрэн түншлэл”,
  • 2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.

Манай улсын 60 мянга гаруй иргэн БНСУ-д, солонгосын 1,600 орчим иргэн манай улсад оршин суудаг.

БНСУ 52 орчим сая хүн амтай. 6 хот, 1 бие даасан хот, 6 мужтай. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1.88 их наяд ам.доллар. Нэг хүнд ногдох ДНБ-ийг 2028 он гэхэд 40 мянган ам.долларт хүргэх зорилт тавьсан байна.

Эдийн засгийн хүчин чадлаар дэлхийд 11 дүгээрт ордог. 2025 онд 709 тэрбум ам.долларын экспорт, 631 тэрбум ам.долларын импорт хийжээ.

Монгол, Солонгосын худалдааны эргэлт 2025 оны байдлаар 504 сая ам.долларт хүрсэн. 

Манай улс молибдены хүдэр, баяжмал, нэхмэл, сүлжмэл, оёмол хувцас, механик болон цахилгаан тоног төхөөрөмжийн эд анги, малын өөх, тос, мал, амьтны самнасан үс, хялгас нийлүүлж, техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, нефтийн бүтээгдэхүүн, эм, хүнсний болон гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн авч байна.

Солонгосын шууд хөрөнгө оруулалт 1990-2025 онд 701 сая ам.долларт хүрсэн бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээгээр 11 дүгээр байрт ордог.

Тус улсын хөрөнгө оруулалттай 1,300 орчим аж ахуйн нэгж манай улсад бүртгэлтэй байдаг. Эдгээрийн дийлэнх нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг юм.

Манай улс БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэд  “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийг 2019 онд ашиглалтад оруулсан.

Одоо:

  • Солонго 1, 2 орон сууцны хороолол барих,
  • Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол барих,
  • 10 аймгийн төвд дулааны станц барих,
  • Байгаль орчны төв лабораторийн чадавхыг сайжруулах,
  • Шүүхийн шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах гэсэн таван төсөл хэрэгжиж байна.