Мексикийн ерөнхийлөгч ДАШТ-д оролцох Ираны багийг нутаг дэвсгэр дээрээ байрлуулахад “асуудалгүйг” мэдэгджээ
Энэ зун зохион байгуулагдах хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) үеэр Ираны шигшээ багийн бэлтгэлийн баазыг нутаг дэвсгэр дээрээ байрлуулахад ямар нэг асуудал байхгүйг Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум өчигдөр мэдэгджээ.
Ираны баг АНУ-ын хотуудад болох хэсгийн тоглолтууддаа оролцох төлөвлөгөөтэй хэвээр байгаа ч улс төрийн шалтгааны улмаас бэлтгэлийн баазаа тус улсаас Мексик рүү нүүлгэхээр саяхан шийдвэрлэсэн байна.
Бэлтгэлийн бааз нь Калифорни мужийн Сан Диего хотоос өмнө зүгт хэдхэн километрийн цаана, хилийн нөгөө талд оршдог Мексикийн Тихуана хотод байрлах ажээ.
Ираны багийн нүүдлийг Даваа гарагт дэлхийн хөлбөмбөгийн удирдах дээд байгууллага ФИФА албан ёсоор баталгаажуулсан юм.
Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум “АНУ-ын тал Ираны үндэсний шигшээ багийн тамирчдыг тэмцээний бус үеэр нутаг дэвсгэртээ байлгах хүсэлгүй байгааг ФИФА-гийн төлөөлөгч надад хэлсэн. Тиймээс манай улсад байрлуулах боломжтой эсэхийг асуухад нь бид зөвшөөрч, үүнд ямар нэг асуудал байхгүйг илэрхийлсэн” гэж мэдэгджээ.
Ираны баг зургаадугаар сарын 15-ны өдөр Шинэ Зеландын эсрэг Калифорни мужийн Инглвүүдэд, зургаан өдрийн дараа Бельгийн эсрэг, дараа нь 26-ны өдөр Сиэтл хотод Египетийн эсрэг тоглох хуваарьтай байгаа.
Дайн эхлэхээс өмнө тус улсын шигшээ баг Аризона мужийн Туксон хотод бэлтгэлийн баазаа нээхээр төлөвлөж байсан юм.
Даваа гарагт ФИФА тэмцээнд оролцох бүх 48 багийн бэлтгэлийн баазуудын байрлалыг албан ёсоор зарлахдаа Ираны бааз Мексикийн нутаг дэвсгэрт байрлахаар болсныг батлан харуулжээ.
Багууд тоглолтынхоо өмнөх болон дараах бэлтгэлийг тус тусын бааздаа хангах юм.
Энэ оны ДАШТ зургаадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19 хүртэл АНУ, Канад, Мексик улсуудад зохион байгуулагдана.
Хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг АНУ, Израилийн зэвсэгт хүчнүүд дайн эхлүүлсний дараа Ираны шигшээ баг ДАШТ-д оролцож чадах эсэх асуудал хүртэл яригдаж байлаа.
Ираны үндэсний шигшээ багийг нутаг дэвсгэр дээрээ болох тэмцээнүүдэд оролцуулахыг ерөнхийлөгч Дональд Трамп зөвшөөрсөн тухай АНУ-ын төрийн департамент Даваа гарагийн мэдэгдэлдээ дурджээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
