Махчин үлэг гүрвэлүүд яагаад жижиг гартай болсныг эрдэмтэд эцэслэн тайлбарлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хэсэг эрдэмтэд өөрсдийгөө Тираннозавр Рэкс махчин үлэг гүрвэл жижиг гартай болсон шалтгааныг эцэслэн тайлбарлаж чадсан гэж үзэж байна.

Сүүлийн зуу гаруй жилийн турш шинжлэх ухааны ертөнцөд хамгийн хүчирхэг үлэг гүрвэлүүд яагаад ийм жижиг гартай болсон талаар мэтгэлцээн өрнөж байсан юм.

Тираннозаврын урд мөч ердөө 0.9 метр урт байсан нь түүний хөлийн уртын гуравны нэгээс бага тул 12 метр урт биетэй энэ амьтны хувьд дэндүү харьцаа муутай харагддаг.

Олон жилийн турш эрдэмтэд жижиг гартай болсон шалтгааныг нь янз бүрээр тайлбарладаг байв. Тухайлбал ан ав хийхэд ийм хэмжээтэй байх нь хэрэг болдог, үржлийн үед эсрэг хүйстэндээ таатай сэтгэгдэл төрүүлэх үүрэгтэй гэх мэт олон янзын онол дэвшүүлж байжээ.

Хамгийн сүүлд барьсан ангаа улайрч идэхэд гараа андуурч хазахгүйн тулд жижиг хэмжээтэй болсон, зүгээр л ямар нэг практик ач холбогдолгүй болсон тул аажмаар агшсан зэрэг онолууд дэвшүүлж байв.

Харин өнгөрсөн долоо хоногт “Proceedings of the Royal Society B” сэтгүүлд нийтлүүлсэн шинэ судалгааны дүгнэлт уг мэтгэлцээнийг нэг мөсөн шийдвэрлэж магадгүй байна.

Эрдэмтэд 85 төрлийн үлэг гүрвэлийн анатомийн бүтцийг судлаад биеийн өөр хэсэг томорсон нь урд мөчийг шим тэжээлээр дутагдуулж, аажмаар агшихад хүргэсэн гэж дүгнэжээ.

Урд хоёр мөчийг ийм болгосон гол буруутан нь гавлын яс юм байна.

“Үлэг гүрвэлийн гавлын яс маш том, бат бөх байх тусам урд мөч нь жижигхэн байх магадлал улам нэмэгдэж байна. Хэр том биетэй байх нь хамаагүй. Нэг тонн, эсвэл 10 тонн жинтэй байсан ч хүчирхэг гавлын ястай бол гар нь харьцангуй жижиг хэмжээтэй байх болно” гэж Лондоны Коллеж Их сургуулийн дэлхийн шинжлэх ухааны тэнхимийн докторант, судалгааны ахлагч Чарли Рожер Шерер хэлжээ.

“Хувьсгал бүх зүйлийг нэг зэрэг хөгжүүлдэггүй” гэж тэр тайлбарлаж байна.

“Хэрвээ ан ав хийхдээ толгойгоо илүү ашигладаг бол гараа урт, том сарвуутай байлгахыг төдийлөн хүсэхгүй. Тиймээс хувьсал нь биеийн эрч хүч, шим тэжээлийг толгойд илүү хуваарилж, гарыг хойш тавьснаар ийм хөгжилд хүргэсэн бололтой” гэж Шерер хэлжээ.

Өмнө нь махчин үлэг гүрвэлүүдийн урд мөчний агшилтыг гавлын ясны өсөлттэй харьцуулсан судалгаанууд гарч байсан ч шинэ судалгаа нь таван өөр төрөл зүйлийн үлэг гүрвэлүүдийг хамруулж, дээрх таамагт статистикийн дэмжлэг үзүүлснээрээ онцлог болсон гэнэ.

Тэд 85 төрлийн үлэг гүрвэлийн олдворыг харьцуулж судлахдаа гавлын ясны бат бөх чанарыг тоон үзүүлэлтээр илэрхийлэх шинэ арга боловсруулжээ.

Үүндээ гавлын хэмжээ, жин, яс хоорондын нийцэл, хазах хүч зэргийг тооцоолсон байна.

Дээрх тоон үзүүлэлтээр Тираннозавр Рэкс хамгийн өндөр оноо авсан бол хоёрдугаарт Цэрдийн галавын эхэн үед буюу Рэксээс 30 сая жилийн өмнө одоогийн Аргентины нутаг дэвсгэрт амьдарч байсан өөр нэг аварга махчин Тираннотитан оржээ.

Тираннозавр Рэкс болон түүний төрөл садангуудаас гадна эрдэмтэд цератозавр, мегалозавр, абелизавр, кархародонтозавр зэрэг бусад дөрвөн төрөл зүйлийн махчин үлэг гүрвэлүүдийн гавлын яс болон урд мөчний харилцан хамаарлыг судалсан байна.

Эдгээр нь үлэг гүрвэлүүдийн эрин үе болох Триасын үеэс Цэрдийн галавын төгсгөл хүртэлх 180 сая орчим жилийн хугацааг хамарчээ.

Үлэг гүрвэлүүдийн урд мөчний агшилт тохиолдлын зүйл биш, бусад амьтдын өөр өөр эрхтнүүдийн хувьслын үед ч бас ажиглагдсан зүйл гэж эрдэмтэд үзэж байна.

“Тэд ихэвчлэн дарж унагахад их хүч шаарддаг амьтдыг олзоо болгодог байсан тул гавлын яс нь ингэж хүчтэй хөгжсөн байна. Сарвуугаараа зуурч, дарахаас илүү амаараа зууж, дарах хэрэгцээ илүү байсан гэж үзэх болохоор байна. Олзны хэмжээ томрох тусам тэдний гол зэвсэг томорч, урд мөчид оногддог хүч чадлын нөөцийг шавхсан бололтой” гэж Шерер тайлбарлажээ.

Гэхдээ урд мөчний хэрэгцээ бүрэн алга болоогүй, тодорхой үүрэгтэй байсан учраас үлдсэн гэж үзэж байна.

“Тэд мэдээж ямар нэг үүрэгтэй байсан, эс тэгвээс бүр алга болох байсан. Энэ үүрэг юу болохыг бид одоогоор хэлж мэдэхгүй. Үүнийг тогтоохын тулд цааш ажиллах шаардлагатай” гэж тэр хэлжээ.

 

Эх сурвалж: CNN