Япон Улсад энэ жил 3,875 хүнд хаврын одон гардуулна

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Япон Улсад жил бүрийн хаврыг тохиолдуулан одон гардуулдаг уламжлалтай. 

Үүнтэй холбогдуулан Японы Засгийн газраас өчигдөр нийт 3,875 хүнд одон гардуулахаар болсныг зарлажээ. Тухайлбал нэрт найруулагч Ёшиюки Томино Дээд одонгоор шагнуулах аж. Түүний 1980-аад оны сүүлээр бүтээсэн "Mobile Suit Gundam" цуврал хүүхэлдэйн кино "Сансарын хамгаалагч волтрон" нэрээр Монголд гарч байв.

Засгийн газраас энэ жил 48 улсын 94 гадаадын иргэнд одон гардуулахаар болсныг мэдэгджээ. Словенийн ерөнхий сайд асан Мирослав Церар, АНУ-ын тэнгисийн явган цэргийн командлагч асан Дэвид Бергер нараас гадна Монголын нэг иргэнд олгохоор болсныг Монгол дахь Япон Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээлэв.

зураг
 

Тухайлбал “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор Балсангийн Сэржавд хүртэхээр болжээ. 

Шинжлэх Ухааны Академи (ШУА)-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан асан, доктор Б.Сэржав нь 1980 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Дорно дахин судлалын хүрээлэнд (одоогийн Олон улсын судлалын хүрээлэн) ажилд орсноос хойш олон жилийн турш Япон судлалын чиглэлээр ажиллаж, Япон, Монгол хоёр орны эрдэм шинжилгээний харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсныг нь үнэлж байгааг тэд онцолжээ.

Одон авсан хүмүүсийг Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан өөрийн ордондоо тавдугаар сарын 12-ноос хойш хүлээн авч, гардуулахаар төлөвлөсөн байна.

 

Эх сурвалж: Japan News, Япон Улсын Элчин Сайдын Яам