Эх орондоо хавчигдан гадуурхагдаж байгааг илэрхийлсэн гадаадын иргэдэд АНУ виз олгохгүй болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Эх орондоо янз бүрийн шалтгаанаар хавчигдан гадуурхагдаж буй гадаадын иргэдэд виз олгохоос татгалзах удирдамжийг Трампын засаг захиргаа АНУ-ын бүх элчин сайдын яам, консулын газруудад өгснийг Вашингтон Пост сонин олж мэдээлжээ.

Ийм шалтгаанаар виз авсан гадаадын иргэд АНУ-д очсон хойноо орогнол хүсэх магадлалтай байдаг тул цагаачлалыг хязгаарлах ерөнхий бодлогын хүрээнд уг удирдамжийг энэ долоо хоногт өгсөн юм байна.

Шинэ удирдамж нь жуулчид, оюутнууд, түр хугацааны ажилчдад олгодог цагаачлалын бус ангиллын визэд үйлчлэх гэнэ.

“Консулын ажилтнууд аяллын зорилгоо буруугаар илэрхийлсэн виз хүсэгчид, тухайлбал АНУ-д ирснийхээ дараа орогнол хүсэх зорилгоор цагаачлалын бус виз авахыг оролдогчид цагаачлалын системийг зүй бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх ёстой” гэж төрийн департаментаас гаргасан уг захирамжид өгүүлжээ.

Консулын ажилтнууд ийм зорилгоор виз хүсэгчдийг илрүүлэхийн тулд “Та өөрийн иргэний харьяалалтай, эсвэл сүүлийн оршин суугаа улсдаа ямар нэг аюул, эсвэл зүй бус харилцаанд өртсөн үү?”, “Та өөрийн иргэний харьяалалтай, эсвэл сүүлийн оршин суугаа улсад буцаж ирэхдээ ямар нэг аюул, эсвэл зүй бус харилцаанд өртсөн үү?” гэсэн хоёр асуултыг тавих юм байна.

Виз мэдүүлэгч нь консулын ажилтанд виз олгох үйл явцыг цааш үргэлжлүүлэх боломж олгохын тулд дээрх хоёр асуултад “үгүй” гэж амаар хариулсан байх шаардлагатай гэнэ.

Орогнол хүсэхийн тулд тухайн хүн АНУ-д биечлэн ирээд эх орондоо улс төр, арьс өнгө, угсаа гарал, шашны хавчлагаас зугтаж байгаагаа батлах ёстой болдог.

Цагаачлалын бодлогын зөвлөх Камил Маклер шинэ удирдамжийг “хүмүүсийг эцсийн дүндээ өөрийн болон өөрийн гэр бүлийн аюулгүй байдалд нөлөөлөх маш муу, аюултай сонголт хийх нөхцөл байдалд түлхэж байна” гэж шүүмжилжээ.

 

Эх сурвалж: CNN