III Чарльз: Хэрвээ бид байгаагүй бол америкчууд та нар өдийд францаар ярьдаг хүмүүс байх байлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт АНУ-д хийж буй Их Британийн хаан III Чарльзын төрийн айлчлал нь сүүлийн үед Ираны дайнаас үүдэлтэй муудсан уламжлалт холбоотнуудын харилцааг сэргээх зорилгыг давхар агуулж буй нь тодорхой байна.

Мягмар гарагийн орой зохион байгуулагдсан хүндэтгэлийн зоогийн үеэр Чарльз хаан Трампын өмнө нь хэлж байсан үгсийг хошигнол болгон ашиглажээ.

“Ноён ерөнхийлөгч та саяхан хэрвээ АНУ байгаагүй бол Европын орнууд герман хэлээр ярьдаг байх байсан гэж хэлсэн. Хэрвээ бид байгаагүй бол та нар францаар ярьдаг байх байсан гэж намайг хэлэхийг та зөвшөөрөх үү?” хэмээн хаан хэлсэн юм.

250 жилийн өмнө АНУ тусгаар тогтнолоо зарлахаас өмнө Умард Америк тивийг эзэмшихийн тулд тухайн үеийн колоничлогч гүрнүүд болох Британи, Франц улсууд өрсөлдөж байсныг тэр ингэж илэрхийлсэн байна.

Нэгдүгээр сард Давост болсон эдийн засгийн чуулганы үеэр Трамп дэлхийн хоёрдугаар дайнд АНУ туслаагүй бол европчууд өнөөдөр “германаар, бага зэрэг японоор ярьдаг байх байлаа” гэж хэлж байжээ.

Хааны хэлсэн хошигнол нь Ираны дайнаас улбаатай муудсан хоёр улсын харилцаанд дулаан өнгө аясыг авчирсан юм.

Чарльз цааш нь ярихдаа Цагаан ордны зүүн жигүүрт үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн асан Трампын хийж байгаа шинэчлэлтийг анзаарахгүй өнгөрөх аргагүй байсныг илэрхийлжээ.

Трамп барилгын энэ хэсгийг нурааж, $400 саяын өртөгтэй хүлээн авалтын том танхим бариулж байгаа юм.

“Мэдээж бид, британичууд өөрсдөө 1814 онд Цагаан ордныг барилгыг дахин төлөвлөхийг оролдож байснаа хэлэхэд надад харамсалтай байна” гэж Чарльз хошигножээ.

Тухайн үед Британийн цэргүүд Цагаан ордныг шатааж байсныг тэр ийнхүү сануулсан байна.

Шотланд гарал угсаатай, Британийн хааны гэр бүлийн үнэнч шүтэн бишрэгч Трамп мөн энэ үеэр хариу хошигнохдоо АНУ-ын дотоод улс төрийн асуудлыг хөнджээ.

“Өнөөдөр Конгрессын танхимд гайхалтай үг хэлсэн Чарльз хаанд баяр хүргэмээр байна. Тэр Ардчилсан Намынхныг суудлаас нь босгож чадсан. Гэтэл би хэзээ ч ингэж чадаагүй” гэж тэр хэлсэн юм.

Энэ орой Чарльз хаан дэлхийн хоёрдугаар дайны үеэр буюу 1944 онд ашиглалтад оруулсан Британийн “HMS Trump” шумбагч хөлгийн хонхыг АНУ-ын ерөнхийлөгчид бэлэглэжээ.

“Энэ бэлэг манай хоёр орны хамтын түүх, гэрэлт ирээдүйг гэрчлэх болтугай. Хэрвээ бидэнтэй холбогдох шаардлага гарвал үүнийг дуугаргахад л болно” гэж хаан хэлсэн юм.

 

Эх сурвалж: AFP