Энэтхэгт нэг эр эгчийгээ нас барсныг баталж, мөнгө авахын тулд араг ясыг нь банканд авчирчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн зүүн бүсийн Одиша мужид нэг эр нас барсан эгчийнхээ хадгаламжийг шилжүүлж авахын тулд араг ясыг нь баталгаа болгон банкны салбарт авчирсан хэрэг гарчээ.

52 настай Житу Мунда араг яс үүрээд банк руу алхаж байгааг харуулсан зураг, дүрс бичлэг энэ долоо хоногт сошиал ертөнцөд тарж, олон хүний жигшил зэвүүцлийг төрүүлсэн юм.

Тэрбээр эгчийгээ нас барсныг албан ёсоор батлах баримт үзүүлж чадаагүйн улмаас хадгаламжийн мөнгийг авах оролдлого нь удаа дараа бүтэлгүйтсэн тул ийм арга хэрэглэжээ.

Эмэгтэйн араг ясыг булшнаас нь ухаж гаргасныг орон нутгийн цагдаагийн газар шалгаж тогтоосон байна.

Банкны удирдлага түүнээс ийм зүйл огт шаардаагүй, зөвхөн хуулийн дагуу шаардлагатай бичиг баримт үзүүлэхийг хүссэнээ мэдэгджээ.

Даваа гарагт Кеонжхар дүүрэгт гарсан энэ хэрэг Энэтхэг даяар дуулиан дэгдээж, олон хүн тухайн хүнд туслаагүй орон нутгийн эрх баригчид, банкны удирдлагыг шүүмжилсэн байна.

Одиша мужийн татварын сайд Суреш Пужари мөрдөн байцаах ажил эхэлж, асуудлыг зохицуулж чадаагүй банкны салбарын менежэрийг шалгаж байгааг мэдээлжээ.

56 настай эгч Калара нь энэ оны эхээр нас барсныг Мунда орон нутгийн хэвлэлд ярьсан байна.

Өдрийн ажил хийж амьдралаа залгуулдаг эмэгтэй нөхөр, хүүхэд нь нас барсны дараа төрхөмдөө буцаж ирээд байжээ.

Нас барахаасаа хэдэн сарын өмнө тэр малаа зарж, 19,300 рупи ($203) банкны хадгаламжид хийсэн юм байна.

Эгчийгээ нас барсны дараа Мунда банкны салбарт хэд хэдэн удаа очоод уг мөнгийг авч чадаагүй байжээ.

“Банкны менежэр миний үгийг сонсохоос татгалзаж, нотлох баримт нэхсээр байсан нь намайг бухимдуулсан юм. Тиймээс би эгчийгээ нас барсныг харуулахын тулд араг ясыг авчирсан” гэж тэр ярьсан байна.

Сошиал орчинд тарсан дүрс бичлэгт Мунда шуудайд ороосон араг ясыг банкны байрны гадаа байрлуулж байгааг харуулжээ.

зураг
 

Энэ дуулиан хүн нас барсны дараа банкан дахь мөнгийг нь авахтай холбоотой гардаг хүнд суртал, саад бэрхшээлд олны анхаарлыг чиглүүлсэн юм.

Энэтхэгт данс эзэмшигч хамтран эзэмшигчийг нэрлээгүй нас барвал ар гэрийнхэн нь нас барсныг батлах гэрчилгээ, хууль ёсны өв залгамжлагчийн нотолгоо зэрэг баримт бүрдүүлэхэд нэлээд хугацаа шаардагддаг.

Алслагдсан хөдөө орон нутагт энэ нь бүр илүү хүндрэлтэй байдаг байна.

Сүүлд цагдаагийн газар болон орон нутгийн эрх баригчид уг маргаанд хөндлөнгөөс оролцож, араг ясыг оршуулгын газарт буцааж тавихыг Мундагаас хүсэж, асуудлыг нь шийдвэрлэж өгөхөө амлажээ.

Ингээд тэд Лхагва гарагт нас барсны гэрчилгээ, хууль ёсны өв залгамжлагчийн баримт бичгийг гаргаж өгснөөр банк эмэгтэйн хадгаламжийг ар гэрийнхэнд нь шилжүүлсэн байна.

 

Эх сурвалж: BBC