Олександр Зинченко CS2 тоглоомын "Passion UA" багийн сэлгээний тоглогчоор нэрлэгдэв
Украины шигшээ баг болон Нидерландын "Аякс" багийн хагас хамгаалагч Олександр Зинченког цахим тоглоомын CS2 төрлийн "Passion UA" багийн үүсгэн байгуулагч гэдгийг спортын ертөнцийнхөн андахгүй. "Passion UA" баг "Mongolz" багийн тоглогч Senzu буюу М.Азбаярыг зээлээр тоглуулж байсан юм.
М.Азбаяр саяхан "BC.Game" багт зээлээр тоглохоор болсон билээ.
Тэгвэл Украины баг АНУ-ын Атланта хотод ирэх сарын 15-наас 17-ныг дуустал болох "IEM Atlanta" тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүндээ О.Зинченког сэлгээгээр оролцохыг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Ирэх арванхоёрдугаар сард 30 нас хүрэх О.Зинченко цагтаа Английн "Манчестер Сити", "Арсенал" багт тоглож байв. Өдгөө Нидерландын "Аякс" багт зүтгэж байгаа ч гэмтлийн улмаас энэ улиралд ердөө хоёр тоглолтод оролцжээ.
Тэрбээр шигшээ багтаа 75 тоглолтод оролцохдоо 12 гоол оруулсан нэгэн.
Зинченко 2023 оноос "Passion UA" багийг хамтран үүсгэн байгуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
