Аавынх нь тэмцэл мухардсаны дараа 25 настай испани эмэгтэй сайн дурын үндсэн дээр амьдралаа дуусгав

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Амиа хорлох оролдлого нь бүтэлгүйтсэний улмаас саажилттай болсон 25 настай эмэгтэй өчигдөр буюу Пүрэв гарагт сайн дурын үндсэн дээр бусдын тусламжтай амьдралаа дуусгасныг (эвтанази) Испанийн хэвлэлүүд мэдээлжээ.

Ноэлиа гэдэг энэ эмэгтэйн аав охиныхоо үхэлд хориг тавиулахын тулд шат шатны шүүх дамжин удаан хугацааны турш тэмцээд үр дүнд хүрээгүй тул ийнхүү хүсэлтийг ёсоор болгосон байна.

Испани улс 2021 онд эвтаназийг хуулиар зөвшөөрсөн дэлхийн цөөхөн улсын нэг болсны дараа үүнтэй холбоотой анхны хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн нь энэ болж байна.

Пүрэв гарагийн оройн 6:00 цагийн үед Испанийн зүүн хойд бүсийн Каталониа мужийн Сант Пер де Рибес хотын эмнэлэгт Ноэлиа амьсгал хураасныг TVE олон нийтийн телевизийн суваг мэдээлжээ.

“Би зүгээр л амар тайван үхэж, зовлонгоосоо салахыг хүсэж байна. Би энэ гэр бүлийг тэвчиж чадахгүй, өвдөлтийг тэвчиж чадахгүй, туулсан бүх зүйлээ тэвчиж чадахгүй” гэж тэр нас барахынхаа өмнө Antena 3 телевизийн сувгаар ярьсан байна.

Уг ярилцлагадаа тэр эцэг эх нь салсны дараа 13 настайдаа асрамжийн газарт шилжсэн, өнгөрсөн хугацаанд аав нь огт анхаарал тавьдаггүй, “ганц ч удаа залгаж байгаагүйг” дурсжээ.

“Тэр намайг зүгээр л эмнэлэгт хэвтүүлэхийн тулд яагаад амьд байлгахыг хүсдэгийг ойлгохгүй байна” гэж Ноэлиа энэ үеэр хэлсэн юм.

2021 онд батлагдсан хуульд “ноцтой, эдгэршгүй өвчинтэй, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын тусламжтай нас барах хүсэлтийг эрүүл ухаанд үндэслэн гаргаж болно” гэж заасан байдаг.

Ноэлиа 2022 онд бэлгийн хүчирхийлэлд өртсөний дараа амиа хорлох зорилгоор барилгын таван давхраас үсэрч байжээ. Тэрбээр амьд үлдсэн ч биеийн доод хэсэг нь мэдээгүй болсон юм. Ноэлиа 2024 оны дөрөвдүгээр сард эвтаназид орох хүсэлтээ гаргасныг Каталониа мужийн эрүүл мэндийн зөвлөл дэмжиж, гүйцэтгэх хугацааг 2024 оны наймдугаар сард товлож байжээ.

Гэвч түүний аав Abogados Cristianos (Христийн Хуульчид) шашны консерватив хөдөлгөөний дэмжлэгтэйгээр шүүхэд гомдол гаргаснаар уг үйл явцыг эцсийн мөчид зогсоож байв.

Тэрбээр охиноо сэтгэцийн эмгэгийн улмаас “ухамсартай шийдвэр гаргаж чадаагүй” гэж үзэж байжээ.

Ноэлиагийн аав Испанийн дээд шүүх, үндсэн хуулийн шүүх хүртэл тэмцээд ялагдсан тул Европын Хүний Эрхийн Шүүхэд хандсан юм.

Гэвч эвтаназийг хориглох түүний хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Abogados Cristianos байгууллагын өмгөөлөгч Хосе Мариа Фернандес өчигдрийн үйл явдлыг Испанийн эрүүл мэндийн тогтолцооны “ноцтой алдаа” гэж мэдэгджээ.

“Тэр шийдвэр гаргахаасаа өмнө сэтгэцийн өвчнөө эмчлүүлэх ёстой байсан юм” гэж Фернандес сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.

Харин Каталониа мужийн эвтаназийг дэмжигчдийн Derecho a Morir Dignamente (Нэр Төртэйгөөр Үхэх Эрх) байгууллага гуравдагч этгээд өвчтөний хүсэлд хөндлөнгөөс саад учруулахаас сэргийлэх хуулийн нэмэлт заалт батлахыг уриалжээ.

2021 онд эвтаназийн хууль батлагдахад Испанийн зүүн болон төвийн үзэл баримтлалтай улс төрийн хүчнүүд дэмжсэн бол консервативууд, хэт барууны үзэлтнүүд эсэргүүцэж, ирээдүйд хүчингүй болгохоо амлаж байсан юм.

Испанийн эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн тоо баримтаас үзвэл хууль хэрэгжиж эхэлсэн 2021 оны зургаадугаар сараас хойш 2024 оны сүүлч хүртэл хугацаанд нийт 1,123 хүн эвтаназийн тусламжтай амьдралаа дуусгажээ.

 

Эх сурвалж: AFP