Герхард Шрёдерийг яриа хэлэлцээний зуучлагчаар сонгох Путиний саналд Германы эрх баригчид болгоомжтой хандаж байна

Т.Давааням, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тав дахь жилдээ үргэлжилж буй Украины дайн өндөрлөх цаг ойртож байгааг анх удаа хэлсэн билээ.

Энэ үеэр тэр дайныг зогсоох энхийн яриа хэлэлцээний зуучлагч Германы канцлер асан Герхард Шрёдер байх боломжтойг хэлсэн нь гэнэтийн сонин мэдэгдэл байлаа.

Германы эрх баригчид Путиний энэ саналыг анхааралдаа авсан ч Оросын “хуурамч алхмуудын нэг” байж болзошгүй хэмээн болгоомжилж байгааг тус улсын албаны эх сурвалжууд мэдээлжээ.

82 настай Шрёдер 1998-2005 онуудад канцлераар ажиллаад албан тушаалаасаа бууснаас хойш Путинтэй ойр харилцаатай хэвээр байгаа хүн юм.

Тэрбээр өмнө нь Оросын эрчим хүчний төслүүдэд гол үүрэгтэй оролцож байсны нэг нь Умард Урсгал байгалийн хий дамжуулах хоолойн төсөл.

Шрёдер бас Оросын Росснефть компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад 2022 онд Украины дайн эхэлсний дараа Германы эрх баригчдын шахалтаар энэ ажлаасаа татгалзсан юм.

Германы Социал Демократ намын хууль тогтоогч асан, намын гадаад харилцааны тэргүүн Майкл Рот өчигдөр хэвлэлд ярихдаа “Путиний найз” энэ ажилд тохирохгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Түүний үзэж байгаагаар Украины талын хүлээн зөвшөөрсөн хүнийг зуучлагчаар томилох ёстой гэнэ. “Москва ч, бид ч Киевийн өмнөөс үүнийг шийдэж чадахгүй” гэж тэр хэлсэн байна.

Харин Социал Демократ Намын бусад улс төрчид Путиний саналд нааштай байр суурь илэрхийлцгээжээ.

Тухайлбал тус намын парламент дахь гадаад харилцааны байнгын хорооны хэвлэлийн төлөөлөгч Адис Ахметович уг саналыг Герман улс Европын түншүүдтэйгээ “анхааралтай авч үзэх ёстой” гэж Der Spiegel сэтгүүлд ярьсан байна.

Тус намын хууль тогтоогч Ральф Стегнер мөн сэтгүүлд ярихдаа “хэрвээ Украины асуудлыг дан Путин болон Трамп нараар шийдүүлэхийг хүсэхгүй байгаа бол Европ олдсон бүх боломжийг ашиглахыг хичээх хэрэгтэй” гэж хэлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дайтагч талуудын хооронд зуучилснаар ялалтын баярыг тохиолдуулан гурав хоногийн гал зогсоох тохиролцоонд хүрсэн.

Гэвч уг тохиролцоо зөрчигдөж байгааг Украин, Оросын талууд мэдээлж байна.

Оросын нисгэгчгүй онгоцнууд фронт орчмын нутагт довтолсны улмаас гурван хүний амь үрэгдсэн, Бямба гарагийн өглөөнөөс хойш фронтын шугам дээр 200 гаруй удаа мөргөлдөөн гарсныг Киевийн эрх баригчид мэдээлсэн бол ОХУ-ын батлан хамгаалах яам нэг өдрийн дотор Украины 57 нисгэгчгүй онгоцыг устгаснаа мэдээлжээ.

АНУ-ын тусгай элч Стив Виткофф, Жаред Кушнер нар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр удахгүй Москвад ирэх гэж байгааг Кремлийн аюулгүй байдлын зөвлөх Юрий Ушаков өчигдөр Интерфакс агентлагт ярьсан байна.

Өчигдөр бас Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийд “Оросын эсрэг” үг хэлэх талбар гаргаж өгсөн Армени улсыг Кремлийн эрх баригчид шүүмжилжээ.

Өнгөрсөн долоо хоногт Ереванд айлчлах үеэрээ Зеленский тавдугаар сарын 9-ний өдөр Улаан талбайд “Украины нисгэгчгүй онгоцнууд дуулиан тарьж магадгүй” гэж хэлсэн юм.

“Бидний хувьд хамгийн гол нь Армени улс Оросын эсрэг байр суурь баримтлахгүй байх явдал юм” гэж хэлсэн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ асуудлаар Арменийн эрх баригчдаас хариу тайлбар хүлээж байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press