Э.Тамир: Бүх хүний тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх гэж байна

П.Сайнжаргал, IKON.MN
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгмийн даатгалын багц хуулийн нөхцөлийг ноцтой байдлаар дордуулж, яаралтай горимоор УИХ-аар батлах гэж байгаатай холбогдуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-ноос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир хэлэхдээ "Жилийн жилд ард иргэдийн анхаарал сарнисан баяр амралтын үед хуулийн төслийг оруулж ирдэг. 

Монгол Улсын иргэн болгоны амь нас, эрүүл мэнд, нийгмийн баталгаатай холбоотой хуулийг мөн л баяр наадмын өмнө оруулаад ирж байгаа юм. Хуулийн зүйл заалтыг харвал маш олон ухралт байна. Бүх хүний тэтгэвэрт гарах нас нэмэгджээ.

Хэрвээ та бүхэн харсан бол зарим зүйлс нь сайхан л сонсогдох байх."15-22 насны залуус НДШ төлөхгүй байж болно" гэх зүйл заалт ороод ирж байгаа. Энэ зүйл заалт сайхан сонсогдож магадгүй. Гэхдээ нийгмийн даатгал гэдэг чинь ажилтан хүн амьдралд нь тодорхой эрсдэл гарахад тухайн эрсдэлээс нь хамгаалах зорилготой тогтолцоо юм шүү дээ.

Гэтэл 15-22 насны залуус үйлдвэрлэлийн осолд өртөхгүй юу, тэдний амьдралд тодорхой эрсдэл гарахгүй юу, энэ хүмүүст нийгмийн хамгаалал хэрэггүй юм уу гэдэг асуулт. 

Түүнчлэн тав хүртэлх ажиллагсадтай ААН, байгууллагын гурав хүртэлх ажилтныг НДШ төлөхгүй байж болно гээд ороод ирсэн. Төр засаг бизнесээ дэмжлээ гээд ажилтныхаа нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, нийгмийн баталгааг золиослох нь зөв үү. Энэ гурван хүн тэтгэвэртээ гарахгүй юу, үйлдвэрлэлийн осол, эрсдэл тодорхой хүчин зүйл тэдэнд нөлөөлөхгүй юу. 

Түүнчлэн ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ буурч байна. Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг олгох хугацаа нь богиносож байгаа гэх мэт олон ухралт байна" гэлээ. 

Монголын Хүнс, Хөдөө Аж Ахуй, Байгаль Орчны Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга О.Гантуяа "2026 оны тавдугаар сарын байдлаар 1,100,000 гаруй хүн даатгал төлж байна. Үүнээс 971,000 гаруй нь албан журмын даатгал төлж байгаа.

Түүнчлэн

  • 140,000 гаруй нь сайн дурын даатгал
  • 60,200 хүн сайн дурын даатгал төлөгч, ажил олгогч нар байна. Тэр дотор малчдын даатгалын асуудлыг хөндөж тавьж байгаа.

2024 онд Малчны тухай хууль гарсан бөгөөд уг хуульд малчдын тэтгэврийн даатгалыг таван жилээр 50 хувийг нь төр даана гэсэн зохицуулалт бий. Гэвч өнөөдрийг хүртэл хууль хэрэгжээгүй. Дагалдах журам нь байхгүй учраас малчид хүлээлттэй байна.

2017 онд Малчдын нөхөн даатгалын хууль гэж гарсан. Тухайн үеийн хууль 2020-2024 онд хэрэгжсэн. Энэ хугацаанд малчид даатгалдаа хамрагдаж, 34,000 гаруй малчин сайн дураараа даатгалд хамрагдсан. Гэтэл 2026 оны таван жилийн статистикийг харахад 56,000 малчин сайн дурын даатгалд хамрагдсан байна. Даатгалын хамрах хүрээгээ өргөжүүлэхгүй бол нийгмийн даатгалын мөнгө нь албан журмын даатгалынхаа сан дээр төвлөрөөд байна шүү" гэв. 

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа "Нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн заалтуудын үндсэн шалтгаан арилсан гэж үзээгүй байхад нас нэмнэ гэдэг бол туйлын буруу.

Ээжүүдийн үүрэг оролцоо их байдаг учраас тэтгэврийн насыг нэмнэ гэдэг утгагүй. Одоо мөрдөж буй хуулиар 50 насандаа тэтгэвэрт гардаг байсан бол шинэ хуулиар 55 настай болгож байгаа нь өмнөх хуулиа дордуулж байгаа явдал. Төр ийм бодлогыг хэрэгжүүлж болохгүй" гэлээ.