Ж.Мөнгөншагай: Хүнд, хортой нөхцөлд ажилладаг хүмүүсийг тэтгэвэрт гаргалгүй ажлын байран дээр нь алах зорилготой хуулийг эсэргүүцэж байна

П.Сайнжаргал, IKON.MN
12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгмийн даатгалын багц хуулийн нөхцөлийг ноцтой байдлаар дордуулж, яаралтай горимоор УИХ-аар батлах гэж байгаатай холбогдуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-ноос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр тэтгэврийн насыг гурван сараар нэмэгдүүлж, ялангуяа хүнд, хортой нөхцөлд ажилладаг хүмүүсийг тэтгэвэрт гаргалгүй ажлын байран дээр нь алах зорилготой хууль батлах гэж байгааг Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн дарга Ж.Мөнгөншагай шүүмжиллээ. 

Тэрбээр "Хүнд нөхцөлд ажиллана гэдэг нь албан тасалгаанд суугаад хэвийн орчинд ажиллахаас тэс өөр ойлголт. Хууль боловсруулж, санаачилж байгаа хүмүүс хүнд нөхцөлд ажиллаж буй ажилчдын ажлын байртай нэг танилцаад үзэх хэрэгтэй. Ядаж нэг өдөр чухам ямар нөхцөлд ажиллаж байгааг нь судалж үзчихээд энэ хуулийг ярих хэрэгтэй" гэдгийг нэмж хэлсэн юм.

Мөн "Тэтгэвэр, тэтгэмжийн хуулиуд нь хүнээ бодсон биш сангуудаа хамгаалжээ. 2018 онд долоон жилийн дунджаар тэтгэвэр тэтгэмжийг нь тогтоодог байсан. 2023 онд таван жилийн дундаж болгож өөрчилсөн. Одоо 10 жилийн дундаж болгон өөрчлөх гэж байгаа. Энэ бол алд дэлэм зөрүүтэй ойлголт, хүний эрхэд халдаж буй асуудал. Маш их хэмжээний мөнгийг энэ хүмүүсээс хулгайлж байна.

Цалингаас өөр орлогогүй олон мянган ажилчны эрх рүү халдаж буй үйлдэл. Тэтгэврийг таван жилийн дунджаар тооцож байгааг 10 жил болгож өөрчлөх нь зөвхөн САН-гуудаа хамгаалж буй бодлого байна" гэлээ. 

"гал, ус, аюул осол, сүйрэлд ажилладаг онцгойн алба хаагчдын тэтгэврийн насыг хуулиас хасаж байгаа нь хууль бус"

Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг "Монгол Улсын Засгийн газраас 2026 оны зургаадугаар сарын 8-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон түүнийг дагалдан мөрдөх хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар үзэл баримтлалыг баталсан.

Улмаар зургаадугаар сарын 12-нд УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлснээр Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон түүнийг дагаж мөрдөх бусад хуулийг 2026 оны долдугаар сарын 3-ны өдөр буюу хаврын чуулган завсарлахаас өмнө яаралтай горимоор хэлэлцэх гэж байна. 

Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон дагаж мөрдөх бусад хуулийн тухайд иргэд даатгуулагчийн эрх ашгийг ноцтой хөндөж байгааг ҮЭ-ийн байгууллагууд санал нэгтэй эсэргүүцэж байна.

Хамгийн эхэнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.5-д “хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудын тэтгэврийн насыг нэмэгдүүлэх хуулийн төсөл" зохицуулалтыг тусгасан байна.

Өнөөдөр ГБХНХЯ-ны 2023 оны А/221 тоот тушаалаар нийтдээ 43 салбарын 930 гаруй ажил мэргэжил дээр хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилчид бий. Ялангуяа эрсдэл өндөр уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, барилга гэх мэтчилэн үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн баталгааг хангадаг томоохон үйлдвэрлэгч салбаруудад голлох ажилтнууд маань ажиллаж байгаа.

Хүнд нөхцөл дэх ажлын байрны эрсдэл, аюул, шалтгаан нөхцөл нь арилаагүй байхад тэтгэврийн насыг нэмэгдүүлнэ гэж байгаа нь илт хууль бус. Өөрөөр хэлбэл ажилтнуудын амь нас, эрүүл мэндийн эсрэг арга хэмжээ. 

Хуулийн төсөлд 1973 оноос хойш төрсөн эрэгтэй, 1993 оноос хойш төрсөн иргэд хүртэл жил бүр гурван сар нэмэгдээд 55 настайгаар эрэгтэй хүн тэтгэвэрт гарч байсан бол одоо 60 настайдаа тэтгэвэрт гарах эрх нь үүсэхээр болж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд тусгайлан заасан ажил мэргэжил гэж бий. Энэ ажил мэргэжлүүд бол хүнд нөхцөл болон бусад ажил мэргэжлүүдтэй онцгойлон тусгагддаггүй онцгой мэргэжил.

Нэн ялангуяа сонгодог урлагийн бүжигчин, гоцлооч дуучид, хөөмийч, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын ажилчид хамрагддаг.

Гэтэл хуулийн төслийн ерөнхий шаардлага дээрээс Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын алба хаагчид 25 жил НДШ төлсөн бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгоно гэдгийг хасаж байгаа. 

Ялангуяа гал, ус, аюул осол, сүйрэлд ажилладаг онцгойн алба хаагчдын тэтгэврийн насыг хуулиас хасаж байгаа нь хууль бус. 

Хүнд нөхцөлд ажиллаж буй ажилтнууд гэдэг бол амь нас, эрүүл мэндээ дэнчин тавьж ажилладаг онцгой ажлын байр.

Энэ ажлын байранд ажиллаж байгаа хүмүүст өнөөдөр эмэгтэй 50, эрэгтэй 55 насаа яаж хүргэж тэтгэврээ тогтоолгох вэ гэдэг нь чухал асуудал байдаг.

Цаашид үлдэж байгаа амьдралын чанар, тэтгэвэрт гарснаас хойш олон жил тэтгэвэр авч, эсэн мэнд амьдрах бодлого барьдаг байхад энэ хүмүүсийн насыг нэмэгдүүлж байгаа нь хууль зөрчиж буй явдал" гэдгийг хэллээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав